Төрийн албан хаагчдад 300 мянган төгрөг олгохыг дэмжлээ
УИХ-аар 2017 оны төсвийн тодотголын хоёр дахь хэлэлцүүлгийг хийх үед төрийн албан хаагч бүрт нэг удаагийн нөхөн олговор болгон тус бүр 300 мянган төгрөг олгох санал гишүүдийн 60 гаруй хувийн дэмжлэг хүлээлээ. Нөхөн олговор олгоход нийт 54.9 тэрбум төгрөг шаардах аж. Уг зардлыг төсөвт суулгаж өглөө. Ингэснээр төрийн өндөр албан тушаалтан, шүүгч, прокуророос бусад бүхий л төрийн албаныхан энэ ондоо багтаан 300 мянган төгрөг авах болж байна.
Монгол Улсын Засгийн газар Олон улсын валютын сангийн хөтөлбөрт хамрагдсанаар цалин нэмэхгүй байх үүрэг хүлээсэн. Гэвч эмч, багш, соёл урлагийн салбарынхан дээрх зовлонг ойлгохгүй жагсаал цуглаан зохион байгуулж, цалин нэмэхийг шаардаж буй тул арга буюу дээрх арга хэмжээг авахаар УИХ-аас шийдвэрлэсэн нь энэ юм.
Цайны цаг болсон тул УИХ-ын чуулганы үдээс өмнөх хуралдааныг түр завсарлуулаад байна. Чуулганы нэгдсэн хуралдаан 14.00 цагаас үргэлжилнэ.