“Монгол Улсын эдийн засаг, нийгмийг 2015 онд хөгжүүлэх үндсэн чиглэлийг хэлэлцлээ
Эдийн засгийн байнгын хорооны өнөөдрийн хуралдаанын эхэнд Газрын тосны тухай /шинэчилсэн найруулга/ болон холбогдох бусад хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүдийн эцсийн хэлэлцүүлгийг хийх байсан ч ажлын хэсэг дахин хуралдаж байр сууриа нэгтгэх шаардлагатай хэмээсэн учир хэлэлцэхийг хойшлууллаа.
Дараа нь “Монгол Улсын эдийн засаг, нийгмийг 2015 онд хөгжүүлэх үндсэн чиглэл батлах тухай” УИХ-ын тогтоолын төслийн анхны хэлэлцүүлгийг хийлээ.Анхны хэлэлцүүлгийн үеэр зарчмын зөрүүтэй хоёр саналын томьёоллоор санал хураалт явуулан, чуулганы нэгдсэн хуралдаанд танилцуулахаар тогтов.
Энэ өдрийн хуралдаанаар хэлэлцэхээр төлөвлөсөн дараагийн асуудал нь “Төрөөс төмөр замын тээврийн талаар баримтлах бодлогын хэрэгжилтийг хангах зарим арга хэмжээний тухай” УИХ-ын тогтоолын төслийн хэлэлцэх эсэх асуудал байлаа. Хэлэлцүүлгийн эхэнд Зам, тээврийн сайд А.Гансүх, энэ асуудлыг ҮАБЗ-ийн хаалттай хуралдаанаар хэлэлцсэн гээд одоо Байнгын хорооны хуралдаанд хийх танилцуулга нууцын зэрэглэлтэй учир асуудлыг хаалттай хуралдаанаар хэлэлцүүлнэ үү хэмээсэн учир хуралдааныг хаалттай горимд шилжүүллээ.