БНТУ-ын Үндэсний Их хурлын даргыг Чингисийн талбайд угтан авлаа
Улсын Их Хурлын дарга З.Энхболд гэргийн хамт Монгол Улсад албан ёсны айлчлал хийж буй Бүгд Найрамдах Турк Улсын Үндэсний Их Хурлын дарга ноён Жемил Чичек, түүний гэргий Гүлтен Чичек нарыг Чингисийн талбайд угтан мэндчиллээ.
Улсын Их Хурлын дарга З.Энхболд эрхэм зочдын хамт их эзэн Чингис хааны хөшөөнд хүндэтгэл үзүүлсний дараа Төрийн ордны Ёслол хүндэтгэлийн өргөөний Баганат танхимд саатан, ноён Жемил Чичек хүндэт зочны дэвтэрт сэтгэгдлээ үлдээн, гарын үсэг зурсан юм.
Дараа нь Монгол Улсын Их Хурлын дарга З.Энхболд, Бүгд Найрамдах Турк Улсын Үндэсний Их Хурлын дарга Жемил Чичек нар хэлэлцээ хийж эхэлсэн бөгөөд үргэлжлүүлээд тэд Монгол Улсын Их Хурал, Бүгд Найрамдах Турк Улсын Үндэсний Их Хурал хоорондын хамтын ажиллагааны протоколд гарын үсэг зурна. Айлчлалын хүрээнд ноён Жемил Чичек Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржид бараалхаж, Монгол Улсын Ерөнхий сайд Н.Алтанхуягтай уулзана.
Түүнчлэн Бүгд Найрамдах Турк Улсын Ерөнхий сайдын дэргэдэх Туркийн хамтын ажиллагаа, зохицуулах агентлаг /ТИКА/-ийн санхүүжилтээр Улсын Их Хуралд хэрэгжсэн “Цахим номын сан” болон “Хэвлэх цехийн тоног төхөөрөмжийн шинэчлэл” төслийн нээлтийн ажиллагаанд оролцох юм.