УИХ: Засгийн газрын гишүүдийг томилуулах саналыг хэлэлцэж эхэллээ
УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаан эхэлж, Засгийн газрын сайд нарыг томилох тухай асуудлыг хэлэлцэж эхэллээ.
Улсын Их Хурлын 2017 оны намрын ээлжит чуулганы өнөөдрийн (2017.10.18) нэгдсэн хуралдаан 10 цаг 24 минутад 52.6 хувийн ирцтэй эхэлж, Монгол Улсын Засгийн газрын гишүүдийг томилох тухай асуудлыг хэлэлцэж эхэллээ.
Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх Засгийн газрын гишүүдийг томилуулах саналаа Монгол Улсын Ерөнхийлөгчтэй зөвшилцсөний үндсэн дээр өчигдөр Улсын Их Хуралд өргөн мэдүүлсэн. Улмаар Улсын Их Хурлын Байнгын хороод мөн өдрийн үдээс хойш хуралдаж, Засгийн газрын гишүүдийг томилуулах тухай Ерөнхий сайдын саналыг хэлэлцэж дэмжсэн юм.
Чуулганы нэгдсэн хуралдааны эхэнд Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх Засгийн газрын гишүүдийг томилуулах саналаа танилцуулав. Тэрбээр Монгол Улсын Засгийн газрын тухай хуулийн 23 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1-д заасныг үндэслэн Монгол Улсын Засгийн газрын гишүүдийг томилуулах асуудлыг Монгол Улсын Ерөнхийлөгчтэй зөвшилцсөний үндсэн дээр Улсын Их Хуралд өргөн мэдүүлж хэлэлцүүлж буйгаа дурдав.
Үүнд:
- Өлзийсайханы Энхтүвшинг Засгийн газрын гишүүн, Монгол Улсын Шадар сайдын;
- Гомбожавын Занданшатарыг Засгийн газрын гишүүн, Монгол Улсын сайд, Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын даргын;
- Намсрайн Цэрэнбатыг Засгийн газрын гишүүн, Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын;
- Дамдины Цогтбаатарыг Засгийн газрын гишүүн, Гадаад харилцааны сайдын;
- Нямаагийн Энхболдыг Засгийн газрын гишүүн, Батлан хамгаалахын сайдын;
- Чимэдийн Хүрэлбаатарыг Засгийн газрын гишүүн, Сангийн сайдын;
- Содномын Чинзоригийг Засгийн газрын гишүүн, Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайдын;
- Цэндийн Нямдоржийг Засгийн газрын гишүүн, Хууль зүй, дотоод хэргийн сайдын;
- Хавдисламын Баделханыг Засгийн газрын гишүүн, Барилга, хот байгуулалтын сайдын;
- Цэдэнбалын Цогзолмааг Засгийн газрын гишүүн, Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын сайдын;
- Жадамбын Бат-Эрдэнийг Засгийн газрын гишүүн, Зам, тээврийн хөгжлийн сайдын;
- Долгорсүрэнгийн Сумъяабазарыг Засгийн газрын гишүүн, Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайдын;
- Батжаргалын Батзоригийг Засгийн газрын гишүүн, Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайдын;
- Цэрэнпилийн Даваасүрэнг Засгийн газрын гишүүн, Эрчим хүчний сайдын;
- Даваажанцангийн Сарангэрэлийг Засгийн газрын гишүүн, Эрүүл мэндийн сайдын албан тушаалд тус тус томилуулахаар санал болгож буйгаа дурдаад нэр дэвшигчдийн товч намтраас танилцуулсан юм.
Шинэ танхим Ерөнхий сайдаас гадна 15 сайдтай ажиллана.