УИХ-ын дөрвөн байнгын хороо хуралдана
УИХ-ын Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуй, Эдийн засаг, Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухаан, Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хороо өнөөдөр тус тус хуралдах хуваарьтай байна.
Байнгын хороодоор Монгол Улсын 2017 оны төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Нийгмийн даатгалын сангийн 2017 оны төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн хоёр дахь хэлэлцүүлгийг хийж, санал, дүгнэлтээ Төсвийн байнгын хороонд хүргүүлэх юм. Үүнээс гадна Эдийн засгийн байнгын хороогоор Стандартчилал, техникийн зохицуулалт, итгэмжлэлийн тухай хуулийн төсөл болон холбогдох бусад хуулийн төслийг хэлэлцэх аж.
Дашрамд дурдахад, өнгөрөгч долоо хоногт 2017 оны төсвийн тодотголыг байнгын хороогоор хэлэлцэх үеэр УИХ дахь АН-ын бүлэг тав хоногийн завсарлага аваад байсан. Уг завсарлага энэ долоо хоногт дуусч байгаа юм.