Д.Амарбаясгалан: Засгийн газрын 12 сайдын нэр тодорхой болсон
У.Хүрэлсүхийн Засгийн газарт сайдаар ажиллах УИХ-ын гишүүдийн нэрс энэ 7 хоногийн эхнээс таамаг хэлбэрээр яригдаж эхэлсэн. Тэгвэл өчигдөр Ардын Засгийн газарт орж ажиллах 12 сайдын нэр тодорхой болжээ. Энэ талаар МАН-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Д.Амарбаясгалангаас тодрууллаа.
Д.Амарбаясгалан: Өчигдөр МАН-ын бүлэг хуралдаж сайд нарын нэрс тодорч эхэлсэн. Одоогийн байдлаар 12 сайдын нэр тодорхой болоод байна. Өнөөдөр Засгийн газрын үлдсэн 3 сайдын нэр тодорхой болно. Уг асуудлаар МАН-ын Удирдах зөвлөл, УИХ дахь МАН-ын бүлэг хуралдана.
Монгол улсын сайд, Засгийн газрын хэрэг эрхлэх газрын даргаар Г.Занданшатар
Сангийн сайдад Ч.Хүрэлбаатар
Хууль зүй, дотоод хэргийн сайдад Ц.Нямдорж
Эрүүл мэндийн сайдад Д.Сарангэрэл
Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайдад Д.Сумъяабазар
Гадаад харилцааны сайдад Д.Цогтбаатар
Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын сайдад Ц.Цогзолмаа
Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайдад С.Чинзориг
Эрчим хүчний сайдад Ц.Даваасүрэн
Хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайдад Б.Батзориг
Зам, тээврийн хөгжлийн сайдад Ж.Бат-Эрдэнэ нарын нэрсийг дэвшүүлэхээр болсон. Бусад сайд нарын нэрсийг МАН-ын удирдах зөвлөл, МАН-ын бүлгийн гишүүдийн саналаар тодруулна.
Н.Энхболд, Д.Тэрбишдагва нарыг сайдаар томилно гэсэн мэдээлэл байна?
Ерөнхий сайд У.Хүрэлсүх Засгийн газрын гишүүдийг чадвартай хүмүүсээс бүрдүүлэх үүднээс УИХ-д олон удаа сонгогдсон, төрийн ажлын дадлага, туршлага хүмүүсийг сайдаар томилно гэсэн саналыг илэрхийлж байгаа.
Шинэ Засгийн газар давхар дээлнээс татгалзаж чадсангүй?
Парламентын засаглалтай улс оронд парламентын гишүүд сайдаар давхар ажилладаг. УИХ-ын гишүүн Засгийн газарт сайдаар ажиллах нь ажлын үр дүнгийн хувьд дан дээлтэй сайдаас ялгаатай байдаг. УИХ-ын гишүүн сайдын ажлыг давхар хийснээр Парламентад хариуцсан салбартайгаа холбоотой асуудлыг хамгаалж чаддаг. Ерөнхий сайд У.Хүрэлсүх өөрөө дан дээлтэй учир Засгийн газрыг тогтвортой байлгахын тулд танхимын гишүүд УИХ-ын гишүүн байх нь зүйтэй гэж үзсэн. Хоёрдугаарт УИХ гишүүн, Засгийн газрын сайдаар ажилласнаар төсөв хэмнэх боломжтой. Давхар цалин, давхар хангамж авах боломж байхгүй гэсэн үг. Өөрөөр хэлбэл УИХ-ын гишүүний цалин эсвэл Засгийн газрын сайдынхаа цалингийн аль нэгийг сонгоно.
Засгийн газар дэд сайдтай байх уу?
Дэд сайдын асуудлыг одоогоор ярилцаагүй байна. Засгийн газрын танхим бүрдсэний дараа дэд сайдтай байх эсэхийг Засгийн газар шийднэ.