2017 оны төсвийн тодотголыг хоёр дахь шатны хэлэлцүүлэгт шилжүүлэв
УИХ-ын чуулганы үдээс хойшхи хуралдаанаар 2017 оны төсвийн тодотголын нэг дэх хэлэлцүүлгийг хийлээ. Энэ үеэр гишүүд тодотголтой холбоотой асуудлаар өөр өөрийн байр суурийг илэрхийлсэн юм.
УИХ-ын гишүүн Ц.Гарамжав: -Улсын төсвийн орлого 900 гаруй тэрбум төгрөгөөр давж биелжээ. Түүнийхээ 430 тэрбум төгрөгийг хуваарилах тухай одоо ярьж байна. Үүний 100 тэрбум төгрөгөөр эмч багш нарын цалинг нэмэхэд боломжтой юм биш үү.
УИХ-ын гишүүн Д.Сарангэрэл: -Төсвийн тодотголыг харахад, орлого нь 6 их наяд, зарлага нь 8 их наяд, үүний зөрүү 2 их наяд төгрөг байна. Онцлууштай нь төсвийн орлого давж биелжээ. Багш эмч нарын цалинг нэмэхэд татгалзах зүйлгүй. Гэхдээ цалингийн нэмэгдлийг тэгшитгэлээр биш ажлын үзүүлэлтээр нь нэмэх хэрэгтэй.
УИХ-ын гишүүн Д.Дамба-Очир: -Төсвийн тодотгол дээр концессын эргэн төлөлтийг оруулах хэрэггүй байх. Ирэх оны төсөвт энэхүү төлөлтийг суулгасан нь дээр. Илүү мөнгөө иргэд рүүгээ, хүүхдүүд рүүгээ чиглүүлэх хэрэгтэй.
УИХ-ын гишүүн Л.Энх-Амгалан: -Манай эдийн засаг жижиг эдийн засаг. Нэг жилийн дотор төсвийн орлого хэрхэн давж болдгийг харуулж болдог юм байна. Өмнө нь бид төсвийн орлого тасалдсан, алдагдал нь ихэссэн үед тодотгол ярьдаг байсан. Өнөөдөр бид эмч багш нарын цалин нэмэх бололцоог сараар, жилээр нь алдсаар байна. Эдийн засгийн өсөлт нэг хувьд хүрэхэд ямар их боломж гарч буйг харж болж байна.
УИХ-ын гишүүн Ч.Улаан: -Бид яах гэж тодотгол хийх гэж байна вэ. Тодотгол хийнэ гэж байгаа бол төсвийн үзүүлэлтүүдийг сайжруулах хэрэгтэй. Түүнээс алдагдлыг нөхөх эсвэл олсон жаахан мөнгөө ийш тийш хуваарилах тухай асуудал биш юм. Гэтэл бид одоо бий болсон орлогоо хэрхэн хуваарилах вэ хэмээн мунгинаж сууна. Төсвийн алдагдал чинь 2,7 их наяд төгрөгт хүрсэн байна. Энэ чинь Монгол Улсын түүхэнд байгаагүй алдагдал. Иймд тодотгол дээр нухацтай ажиллах хэрэгтэй. Бид асуудлынхаа мөн чанарыг ойлгохгүй байна. Бид өөрөө өөрсдийгөө хуураад сууж байна шүү гэв.
Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулж гишүүдийн байр сууриа илэрхийлсэний дараа УИХ-ын дарга М.Энхболд гишүүдийн ярьсан санал санаачилгыг дараагийн хэлэлцүүлэгт тусгаж оруулж ирэхийг холбогдох албаныханд үүрэг болгов. Мөн үүгээр төсвийн тодотголын нэг дэх хэлэлцүүлгийг хийж дууссаныг мэдэгдээд хоёр дахь шатны хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр бүх байнгын хороо, намуудын бүлэг, Төсвийн зарлагын дэд хороонд шилжүүлж байгааг дуулгав. Ингэснээр чуулганы өнөөдрийн хуралдаан өндөрлөлөө.