Ерөнхий сайдын томилгоог хэлэлцэж эхэллээ
УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаан эхэллээ.
Хуралдааныг 10 цагаас хэмээн зарласан байсан ч чуулганы өмнө УИХ дахь МАН-ын бүлэг хуралдсан тул товлосон цагаасаа нэг цагийн дараа эхлэв. Тус хуралдаанаар Монгол Улсын 30 дахь Ерөнхий сайдаар У.Хүрэлсүхийг томилох эсэх тухай асуудлыг хэлэлцэх юм. Үүний өмнө Ерөнхийлөгч Х.Баттулга Ерөнхий сайдаар У.Хүрэлсүхийг томилуулах асуудлаар УИХ-ын чуулганы өнөөдрийн нэгдсэн хуралдааны эхэнд танилцуулга хийв.
Ерөнхийлөгч Х.Баттулга танилцуулгадаа “УИХ-ын 2016 оны сонгуулийн дүнгээр байгуулагдсан Засгийн газрыг огцруулсан тул УИХ-д олонхи суудал авсан МАН У.Хүрэлсүхийг Ерөнхий сайдад нэр дэвшүүллээ. Үндсэн хуулийн 33 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 2-т заасан бүрэн эрхийнхээ дагуу У.Хүрэлсүхийг Ерөнхий сайдаар томилох саналыг УИХ-д оруулж байна.
У.Хүрэлсүх нь 1968 онд Улаанбаатар хотын Сүхбаатар дүүрэгт төрсөн. Батлан хамгаалах их сургууль, Төрийн захиргаа, удирдлагын хөгжлийн институт, МУИС-ийн Хууль зүйн сургууль төгссөн. Улс төр судлаач, эрх зүйч мэргэжилтэй. Эхнэр, 2 хүүхдийн хамт амьдардаг.
У.Хүрэлсүх нь Монголын Ардын Армийн 152 дугаар ангиас ажлын гараагаа эхэлж, 2000-2008 онд Монгол Улсын Их Хурлын гишүүн, 2004-2006 онд Монгол Улсын Засгийн газрын гишүүн, Онцгой байдлын асуудал эрхэлсэн сайд, 2006-2008 онд Монгол Улсын Засгийн газрын гишүүн, Мэргэжлийн хяналтын асуудал эрхэлсэн сайд, 2012 онд Монгол Улсын Их Хурлын гишүүн, 2015-2016 онд Монгол Улсын Засгийн газрын гишүүн, Шадар сайд, 2016 оноос Монгол Улсын Засгийн газрын гишүүн, Шадар сайдаар ажиллаж байна.
Тэрбээр Монгол Улсын Ерөнхий сайдын албан тушаалд хууль, шударга ёсыг дээдэлж, нийтийн эрх ашгийн төлөө, шуурхай, шийдэмгий байж, улс орны өмнө тулгамдсан олон асуудлыг хамтдаа даван туулахын төлөө бодитой хамтран ажиллаж чадна гэдэгт миний бие итгэж байна. Ухнаагийн Хүрэлсүхийг Монгол Улсын Ерөнхий сайдаар томилох асуудлыг хэлэлцэн шийдвэрлэж өгөхийг та бүхнээс хичээнгүйлэн хүсье” гэлээ.
Одоо хэлэлцэж буй асуудалтай холбогдуулж гишүүд нэр дэвшигчдэд хандаж асуулт тавьж байна. УИХ-ын гишүүн О.Баасанхүү, "Төрийн байгуулалтын байнгын хорооны хуралдаанд оролцохдоо багш нарын цалинг нэмэх боломжгүй гэж хэлсэн. Би бол багш нарын цалин 1.3 сая төгрөг хүргэж нэмэх бололцоотой гэж үзэж байна. Мөн эмч нарын цалинг нэмэх үү. АН дөрвөн яам нэмнэ гэж яриад байх юм. Яамдын тоог цөөлөх үү эсвэл дэд сайдын орон тоог танах уу" гэсэн асуулт тавив.
Эл асуултад нэр дэвшигч У.Хүрэлсүх, "Нэгдүгээрт би багш нарын зовлонг мэднэ. Миний гэр бүлийн хүн багш. Багштай холбоогүй хүн гэж байхгүй. Мөн тангараг өргөсөн эмч нарынхаа цалингийн асуудлыг анхаарна. Гэхдээ 2018 ондоо цалин нэмэх бололцоогүй. Түүнчлэн цалин нэмэхгүй байх ОУВС-тай хийсэн тохироо бий. Дараа нь өнгөрсөн цаг хугацаанд нэмээгүй цалинг нэмж өгөх тал дээр анхаарна.
АН-ын бүлгийн саналыг судалж үзнэ. Яамдын тоог нэмэхгүй, хасахгүй. Агентлагийн бүтэц дээр өөрчлөлт хийхгүй. Төрийн албан хаагчдыг хоморголон халахгүй. Монгол төрийн хуулийг зөрчсөн албан хаагчдын толгойг бол илэхгүй. Төрийн хуулийг барьж ажиллах зарчим суларч байгаа тул хууль дүрмийн хэрэгжилтийг чангатгана" гэлээ.
УИХ-ын гишүүдийн зүгээс Ерөнхий сайдад нэр дэвшигч У.Хүрэлсүхээс зарим асуудлыг тодруулж байр суурийг нь сонсож байна.