Байнгын хорооны дарга Тагнуулын ерөнхий газарт ханджээ

2014 оны 6 сарын 20

Улсын Их Хурлын Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооны дарга Ц.Оюунбаатар "хөлсний алуурчдын" тухай мэдээллийг шалгуулах тухай хүсэлтийг 2014 оны 6 дугаар сарын 18-ны өдөр 4/4556 албан тоотоор Тагнуулын ерөнхий газарт илгээсэн байна.

 

  Уг хүсэлтийг дор бүрэн эхээр нь нийтлэв.

    ТАГНУУЛЫН ЕРӨНХИЙ ГАЗАРТ

                                              Хөлсний алуурчдын тухай мэдээллийг шалгуулах тухай

  Өдрийн сонины 2014 оны 6 дугаар сарын 13-ны өдрийн № 144 дугаарт сэтгүүлч М.Сүлд Монголд “Хөлсний алуурчид” бий болсон тухай онц ноцтой мэдээлэл гаргаж монгол хүн бүрийг цочирдуулам иргэдийн амьд явах эрх, амь насанд заналхийлэх улмаар хохирол учруулж болзошгүй аюулын тухай өгүүлжээ.

 М.Сүлдийн бичсэнээр Улсын Их Хурлын хэлэлцэж буй хуулиуд “даваадуулж хэлэхэд энэ бүхнийг хөлсөөр хийсэн гэж харж байна. Юугаар, ямар хөлсөөр, ямар тохироогоор хийснийг амьдрал яваандаа харуулна. Казино байгуулах, байгуулахгүй байх хоёулаа захиалгатай. Тиймээс ч дараагийн сонгууль дөхөж байхад яагаа ч билээ, хэл ам таталсан хэрэгтэй гэж үзсэн ч санаачилж оруулж ирэхгүй өдийг хүрсэн.

  Гэтэл МАХН-ын Ц.Оюунбаатар санаачлан ... ярилцлага өгч сүйд болов. Энэ нөхөр гэнэт яагаад энэ хуулийг санаачлав, өөрөө ч гэсэн хөлсөөр л хийж байгаа биз гэж хардахад хүргэж байна.

  Хууль тогтоох байгууллага шан харамж, хөлс авч, ажил гүйцэтгэдэг байгууллага болж ... Ийм учраас “хөлсний алуурчид”- тай зүйрлэв. Тэд өөрсдийн хүслээр биш дохиураар л ажлаа гүйцэтгэж байна. Ингэж гаргасан шийдвэр чинь нэг хүнийг захиалгаар буудаж хороосноос илүүтэй үр дүнг нийт монголчуудад авчирч байгаа биш үү” гэжээ.

  Миний бие төрийн өндөр албан тушаалтан хувийн аж ахуй, бизнесийн аливаа үйл ажиллагаа эрхлэхийн эсрэг байдаг бөгөөд төрийн хүн монгол төрдөө шударгаар зүтгэх ёстой гэж үздэг, үүнийгээ өөрийн биеэр үлгэр жишээ үзүүлэхийг эрмэлзэж ирсэн.

  Гэтэл Монголд хөлсний алуурчид бий болсон, энэ нь бүр Улсын Их Хурлын гишүүд дотор байдаг тухай онц ноцтой асуудлыг танай байгууллага эрүүгийн хэрэг үүсгэн Цагдаагийн Ерөнхий газар, Авлигатай Тэмцэх Газартай хамтран мөрдөн шалгаж тогтоох нь зүйтэй гэж үзэж байна. Тэгээд ч Улсын Их Хурлын Аюулгүй байдал, Гадаад бодлогын байнгын хорооны дарга миний бие холбогдсон тул бүр онцгой анхаарч намайг шалгах хүсэлтийг хүргүүлж байна.

  Түүнчлэн засгийн газраас мөрийтэй тоглоомын хуулийн төсөл боловсруулж 2014 оны 06 дугаар сарын 14-ний өдөр Засгийн газрын хуралдаанаар хэлэлцэж Улсын Их Хуралд өргөн барихаар шийдвэрлэснийг анхааралдаа авч холбогдох шалгалтыг хийх нь зүйтэй юм.

  Онц ноцтой хүнд гэмт хэрэг болох хөлсний аллага, хэн нэгний захиалгаар, хөлсөөр хууль гаргадаг, хөлсний алуурчны үйл ажиллагаа эрхэлдэг этгээдийг илрүүлж, тэдний ямар албан тушаал, эрх мэдэлтэйг үл харгалзан хуулийн хатуу хариуцлага хүлээлгэж олон нийтэд мэдээлэх нь зүйтэй гэж үзэж байна.

  Хөлсний алуурчид байгаа, тэд хаанаас хэрхэн санхүүжиж байгаа нотолгоог Өдрийн сонин, сурвалжлагч М.Сүлд гаргаж өгөх болно.

 Өдрийн сонины 2014 оны 06 сарын 13-ны өдрийн мэдээллийг хавсаргав.

                               АЮУЛГҮЙ БАЙДАЛ, ГАДААД БОДЛОГЫН БАЙНГЫН

                              ХОРООНЫ ДАРГА                             Ц.ОЮУНБААТАР

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
4718
0 эможи
keyboard_arrow_up