Ээлжит бус чуулганыг энэ долоо хоногт хуралдуулах санаачилга гаргав
Үндсэн хуульд заасны дагуу Ерөнхийлөгчийн санаачилгаар УИХ-ын ээлжит бус чуулганыг зарлан хуралдуулах боломжтой.
Ерөнхийлөгч Х.Баттулга эл эрхээ эдэлж, УИХ-ын дарга М.Энхболдод ээлжит бус чуулган яаралтай хуралдуулах талаар өнгөрөгч баасан гаригт албан бичиг илгээв. Уг албан бичигт “УИХ-ын ээлжит бус чуулган хуралдаж Засгийн газрыг бүрэн бүрэлдэхүүнээр нь огцруулснаас хойш найм хоног өнгөрлөө. Намрын ургац хураалтыг эрчимжүүлэх, өвөлжилтийн бэлтгэл хангах, нийслэлд гарсан мал, амьтны гоц халдварт шүлхий өвчний тархалтыг яаралтай зогсоох, 2018 оны улсын төсвийг хэлэлцэж эхлэх зэрэг хариуцлагатай цаг үед Монгол Улс үүрэг гүйцэтгэгч Засгийн газартай байгаа нь төрийн ажил цалгардах, нийгэм, эдийн засагт сөрөг үр дагавар авчрах тул ээлжит бус чуулганыг нэн даруй хуралдуулж шинэ Ерөнхий сайдыг томилж, Засгийн газрыг эмхлэн байгуулах шаардлагатай байна. Аль нэг намын дотоод асуудлаас шалтгаалан УИХ, Засгийн газрын ажил саатах учиргүй тул дурдсан хугацаанд ээлжит бус чуулганыг товлон зарлана уу” хэмээжээ.
Ерөнхийлөгчийн тухай хуульд зааснаар тэрбээр улс орны хэмжээний хойшлуулшгүй чухал асуудлыг хэлэлцүүлэхээр ээлжит бус чуулган хуралдуулах талаар санаачилга гаргах эрхтэй. Улмаар түүний санаачилгаар ээлжит бус чуулган хуралдах бол УИХ-ын дарга Ерөнхийлөгчтэй тохиролцсон хугацаанд уул чуулганыг товлон зарлахаар хуульчилжээ. Ерөнхийлөгч Х.Баттулга ээлжит бус чуулганыг нэн даруй буюу энэ сарын 18-22-нд хуралдуулах саналаа уламжилсан байна.