“Монгол Улсын Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн төсөл ба шүүх эрх мэдэл” сэдэвт хэлэлцүүлэг зохион байгуулав

2017 оны 9 сарын 15

Улсын Их Хурлын 39 дүгээр тогтоолын дагуу орон даяар зохион байгуулж байгаа Монгол Улсын Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн төслийн талаархи ээлжит хэлэлцүүлэг өнөөдөр  Шүүхийн ерөнхий зөвлөлийн байранд болов.

“Монгол Улсын Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлт ба шүүх эрх мэдэл” сэдэвт уг хэлэлцүүлэгт Улсын Их Хурлын гишүүн, Монгол Улсын Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах хуулийн төслийг боловсруулж Улсын Их Хуралд өргөн мэдүүлэх үүрэг бүхий Ажлын хэсгийн ахлагч Д.Лүндээжанцан, Улсын Их Хурлын гишүүн, Ажлын хэсгийн гишүүн Г.Занданшатар, Улсын дээд шүүхийн зарим гишүүн, Шүүхийн ерөнхий зөвлөлийн дарга, гишүүд, бүх шатны шүүхийн шүүгчдийн төлөөлөл, шүүхийн захиргааны ажилтнууд болон эрдэмтэн судлаачид оролцов.

Хэлэлцүүлгийг Шүүхийн ерөнхий зөвлөлийн дарга, хууль зүйн шинжлэх ухааны доктор, профессор Н.Лүндэндорж нээж хэлсэн үгэндээ, энэ удаагийн хэлэлцүүлгийг мэргэшсэн хуульчдын дунд зохион байгуулж байгаа нь чухал ач холбогдолтой юм. Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн төслийг өмнө нь бүх шатны шүүхээр хэлэлцүүлсэн. Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн төсөл дэх шүүх эрх мэдэлтэй холбоотой дөрвөн асуудлаар шүүгч, шүүхийн захиргааны ажилтнуудаас санал авахад 700 гаруй хүн саналаа ирүүлсэн. Энэ саналыг удахгүй Улсын Их Хуралд хүргүүлнэ гэдгийг тодотголоо.

Хэлэлцүүлгийн эхэнд Улсын Их Хурлын Тамгын газрын Хууль, эрх зүйн хэлтсийн ахлах зөвлөх, хууль зүйн ухааны доктор П.Амаржаргал “Монгол Улсын Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн төсөл”-ийн талаар танилцуулав. Дараа нь хууль зүйн ухааны доктор, дэд профессор О.Мөнхсайхан “Шүүх эрх мэдэл”-лийн хүрээнд Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлт, олон улсын туршлага” сэдвээр илтгэл тавьж, Шүүхийн ерөнхий зөвлөлийн Гүйцэтгэх нарийн бичгийн дарга Т.Мэндсайхан Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн төслийг хэлэлцүүлэх явцад шүүгч, шүүхийн захиргааны ажилтнуудаас  гаргасан саналын талаар хэлэлцүүлэгт оролцогчдод танилцуулга хийсэн юм.

Хэлэлцүүлэгт оролцогчид дараа нь Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн төсөл болон судлаачийн илтгэл, төслийн шүүх эрх мэдэлтэй холбоотой заалтуудын талаархи хэлэлцүүлгийн явцад шүүгч, шүүхийн захиргааны ажилтнуудаас гаргасан саналын танилцуулгатай холбогдуулан санал бодлоо хуваалцаж барй сууриа илэрхийлэв.

Мөн уг хэлэлцүүлэгт оролцсон Улсын Их Хурлын гишүүн, Ажлын хэсгийн ахлагч Д.Лүндээжанцан хэлсэн үгэндээ, саяхан Олон улсын парламентын холбооны Хүний эрхийн хорооны төлөөлөгчид манай улсад ажиллаж, С.Зориг агсны хэргийн асуудлаар олон хүнтэй уулзсан байна. Надтай ч уулзсан. Тэд уулзалтын төгсгөлд Улсын Их Хурлын дэргэд “Хянан шалгах түр хороогоо байгуулаарай” гэж захисан. Тэгэхээр юуны өмнө нийтийг хамарсан, ард түмэнд эргэлзээтэй асуудлаар парламент нь ядаж үнэнд ойртсон мэдээлэл авдаг болмоор байна.

Манайхан том том асуудал ярьж байгаад Улсын Их Хурлаас Ажлын хэсэг байгуулдаг. Удалгүй “буруу мэдээ байж, мэдээлэл дутуу дулимаг байж” гээд сууж байдаг. Улсын төсөв, Засгийн газрын тайлан хэлэлцэх үеэр гишүүд, олон нийтийн зүгээс янз бүрийн яриа их гардаг. Тиймээс төсвийн сахилга хариуцлагыг чангатгах, өөрийн хянан шалгах чиг үүрэгт туслах хяналтын албатай байх хэрэгтэй юм байна гэдэг саналыг гишүүд гаргадаг. Ер нь хариуцлага тооцдог араа шүдтэй болохгүй бол явахгүй нь ээ. Иймээс энэ саналын томъёоллыг нь зөв гаргаад хэлэлцэх хэрэгтэй байгаа юм. Энэ бол ард түмний захиалгаар, амьдралын шаардлагаар гарч ирсэн асуудал. Мөн сонгуулийн тогтолцоон дээр ч судлаачдаас санал авмаар байгаа юм. Сонгуульд зарж байгаа мөнгө хэрээс хэтэрсэн. Ерөнхийлөгчийн, Улсын Их Хурлын, орон нутгийн сонгуульд нэр дэвшигч, намууд, улсын төсвөөс зарж байгаа мөнгө гээд нарийн тооцвол маш их хэмжээний тоо гарна. Иймээс эдгээр асуудлыг тал талаас нь ярьж байгаад янзлаад цэгцлээд авмаар байна гэсэн байр суурьтай байгаагаа хэлээд хэлэлцүүлэгт саналаа илэрхийлсэн шүүгч, судлаачдын саналыг хуулийн төслийн Ажлын хэсэгт танилцуулж, төсөлд тусгах талаар анхаарч ажиллахаа илэрхийллээ.

Улсын Их Хурлын гишүүн, Ажлын хэсгийн гишүүн Г.Занданшатар "Одоо Шүүхийн ерөнхий зөвлөлийн гишүүдийг Ерөнхийлөгч томилж байгаа. Мөн Улсын Ерөнхий прокурорыг Ерөнхийлөгч санал болгож томилуулдаг. Улсын Их Хурлаас санал болгосноос өөр хүнийг Дээд шүүхээс буцааж байсан тохиолдол байхгүй юм билээ. Шүүлтүүрийн зарчим нь тэдгээрийг Улсын Их Хурал баталдаг, Ерөнхийлөгч ёсчилдог. Тэгэхээр Шүүхийн ерөнхий зөвлөлийн даргыг Ерөнхийлөгч санал болгож байгаа бол Улсын Их Хурал баталдаг хяналтын маягтай тогтолцоотой болох хэрэгтэй гэж хуулийн төсөл санаачлагчид үзсэн.

Ерөнхийлөгчийн хууль санаачлах эрхийн тухайд гэвэл манайх хагас Ерөнхийлөгчийн засаглалтай улс. Харин манайх шиг хагас Ерөнхийлөгчийн засаглалтай Финланд улсад Ерөнхийлөгч нь хууль санаачлах эрхгүй байдаг. Учир нь хууль тогтоох, гүйцэтгэх, шүүх эрх мэдлийг давхардуулах нь буруу гэж үздэг юм байна. Манайд бол Ерөнхийлөгч хууль санаачлах, хориг тавих эрхтэй. Харин бүх ард түмнээс сонгогддог Финландын Ерөнхийлөгч хууль санаачлах, хориг тавих эрхгүй, харин ёсчлох, ёсчлохгүй байх л эрхтэй байх жишээтэй.

Мэдээж Засгийн газарт хуулийн төсөл санаачлах талаар чиглэл өгөх эрхтэй. Манай улсын хувьд 2000 оноос хойш Ерөнхийлөгчийн эрх мэдэл 49 хуулиар нэмэгдсэн байдаг. Эндээс гүйцэтгэх эрх мэдэл буюу АТГ, шүүх, прокурор гурвын томилгоог нэг институцийн оролцоотой томилох нь хяналт алдагдаж, хүний эрхийн зөрчил үүснэ гэж үзэж болохоор байгаа юм.

Парламентын хяналтын хувьд Парламентын мөрдөн шалгах эрх нь мэдээлэл олж авах хүчтэй хэрэгсэл гэж үздэг. Мөрдөн шалгах эрх мэдэл нь тодорхой асуудалд гүн гүнзгий шинжилгээ хийх, хууль тогтоох байгууллагыг бүх талын мэдээллээр хангах үндсэн зорилго чиглэлтэй. АНУ, Германы туршлагууд бий. Засаглалын хэлбэр үл харгалзан дэлхийн ихэнх улсад Парламентын хянан шалгах хороо байдаг. Парламентын засаглалтай 88 улсын 76-д нь парламентын хяналт бий. Ер нь манай парламент гүйцэтгэх засаглалын эрх мэдэлд их оролцдог болохоос хянан шалгах, шударга ёс тогтоох тал дээр хязгаарлагдмал гэдгийг онцолж байлаа гэж Улсын Их Хурлын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээлэв.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
47045
0 эможи
keyboard_arrow_up