Arslan.mn

Монгол Улсын Хүний эрхийн Үндэсний Комисс Улсын Их Хурлын Хүний эрхийн дэд хороотой хамтран 2017 оны 09 дүгээр сарын 11-ний өдөр "Хүний эрхэд суурилсан хандлага” сургалтыг зохион байгууллаа.

Хагас өдөр үргэлжилсэн тус сургалт нь УИХ-ын Тамгын газрын ажилтнууд, УИХ-ын гишүүдийн туслах, зөвлөхүүдийн хүний эрхийн боловсрол, мэдлэгийг нэмэгдүүлэх, тэднээр дамжуулан хууль тогтоох, төрийн бодлого боловсруулах, шийдвэр гаргах, хянан шалгах үйл ажиллагаанд хүний эрхийн зарчмыг баримтлан ажиллах хандлагыг бэхжүүлэх зорилготой байв.

Сургалтыг УИХ-ын гишүүн, Хүний эрхийн дэд хорооны дарга Д.Цогтбаатар нээж үг хэлэхдээ "Монголчууд эртнээс төрөө дээдэлж, төрийн сүлдэндээ залбирч ирсэн сайхан уламжлалтай ард түмэн. Гэтэл ардчилсан гэх энэ нийгмийн амин сүнс нь, хамгийн дээд талд төр биш, хүн орших ёстой гэж тунхагладаг. Хүн бүхний тэргүүнд байх ёстой. Тиймээс хүний эрх, эрх чөлөөний асуудал нь амин чухал асуудал юм” хэмээн сургалтын ач холбогдлыг тодотгож байлаа.

Энэ удаагийн сургалтын сургагч багшаар Монгол Улсын Хүний эрхийн Үндэсний Комиссын дарга, профессор, доктор Ж.Бямбадорж, гишүүн, профессор, доктор П.Оюунчимэг нар ажиллаж, "Үндсэн хууль дахь хүний эрхийн хамгаалалт болон Монгол Улс дахь хүний эрхийн нөхцөл байдал”, "Хүний эрхийн олон улсын гэрээний хэрэгжилт ба хүний эрхийг хамгаалх олон улсын механизм”, "Эрүү шүүлтээс ангид байх эрх чөлөө” сэдвүүдээр хичээл заасан юм.