УИХ-ын гишүүн Б.Гарамгайбаатарыг заналхийлжээ
Газрын тухай хууль яригдаж эхэлснээс хойш УИХ-ын гишүүн Б.Гарамгайбаатарын гар утас руу "96661447 гэсэн дугаараас буудна шүү, 2008 оны долдугаар сарын 1-ний үйл явдлыг зохион байгуулна" гэсэн мессеж удаа дараа ирж байгаа талаар гишүүн өөрийн биеэр мэдээлэл хийлээ.
УИХ-ын гишүүн Б.Гарамгайбаатар "Өнөөдрийн хурлыг би УИХ-ын гишүүний хувиар хийж байна. Сүүлийн үед Газрын тухай хуулийн талаар олон янзын мэдээлэл тарж байгаа. Өчигдөр би Засгийн газрын "11-11" төвд ажиллаж Газрын тухай хуулийн талаар иргэдэд тайлбар өгсөн. Газрын тухай хуультай холбоотой үл мэдэгдэх утаснаас надруу маш их дайралт ирж байгаа. Амь насанд чинь халдана, 2008 оны долдугаар сарын 1-н шиг үйл явдал зохион байгуулна гэсэн утгатай мессеж байнга явуулж байна. Гэхдээ энэ мессеж явуулж байгаа хүмүүсийг турхирч байгаа хүмүүс цаана нь бий. Тиймээс энэ асуудлыг Цагдаагийн байгууллагаар шийдвэрлүүлэх хүсэлтээ өгөхөөр болсон. Доромжилсон, гүтгэсэн, нэр хүнд амь насанд нь халдсан мессеж маш их ирж байгаа тул энэ хүмүүст хуулийн байгууллага нь хариуцлага хүлээлгэнэ гэдэгт итгэж байна гэлээ.
Мөн Газрын тухай хууль нь Засгийн газраас өргөн барьсны дагуу Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хорооны хуралдаанаар хэлэлцэн ажлын хэсэг байгуулсан. Энэ ажлын хэсгийг ахалж ажиллаж байгаа. Тиймээс УИХ-ын гишүүний хувьд энэ хуулийг сайн боловсруулахын зэрэгцээ ажлын хэсгийн хүмүүстэйгээ ажиллаж байна. Энэ төслийг байнгын хорооны хуралдаанаар оруулагүй, ажлын хэсэг дээр зарчмын зөрүүтэй саналуудаа нэгтгэж, санал хураалт явуулж, олонхийн дэмжлэг авсан саналын томъёоллоо байнгын хороонд танилцуулна. Байнгын хорооны хуралдаанаар хэлэлцээд дэмжих эсэхийг байнгын хороо, УИХ шийдвэрлэнэ. УИХ-ын гишүүн бол тангараг өргөсөн хүний хувьд Монгол Улсад халгаатай хууль батлахгүй, энэ талаар ажиллахгүй гэдгээ албан ёсоор мэдэгдэе. Өнөөдрийн өргөн баригдсан хууль нь өмнөх хоёр ч парламентын үед боловсруулагдсан хууль бөгөөд энэ хуулийг засч, залруулах ажлыг Ажлын хэсэг хийдэг" хэмээн мэдэгдлээ.