Ж.Эрдэнэбат: Би ямар нэгэн асуудлаар бохир зүйлд хутгалдахыг хүсэхгүй байна
УИХ-ын Ээлжит бус чуулганаас МАН-ын бүлэг завсарлага авсантай холбогдуулж Ерөнхий сайд Ж.Эрдэнэбат байр сууриа илэрхийлэв.
Тэрбээр “Монгол Улсын Ерөнхий сайд Ж.Эрдэнэбат намайг огцруулахаар нэр бүхий гишүүд УИХ-д асуудал тавьсан. Энэ асуудлын өмнө Монгол Улсын Ерөнхий сайд Шадар сайдыгаа тагнасан, чагнасан гэсэн мэдээллийг хэвлэл мэдээллийн хэрэгслээр нийгэмд цацсан. Энэ мэдээлэлтэй холбогдуулаад ард иргэдийн дунд ч, зарим гишүүдийн дунд ч эргэлзээ, тээнэгэлзээ үүссэн. Тийм учраас би 8 дугаар сарын 22-ны өдөр УИХ-ын Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хороонд энэ асуудлыг хэлэлцүүлж өгөх хүсэлтийг анх тавьсан. Дараа нь энэ сарын 1-нд Тусгай хяналтын дэд хороонд хандан энэ асуудлыг хэлэлцэж, үнэн зөвийг нь олж, нийгэмд ил тод болгож өгөхийг хүссэн. Өнөөдөр Ерөнхий сайдыг огцруулах асуудлыг хэлэлцэж байгаа үед энэ асуудлыг нэг талд нь гаргаж шийдэх шаардлагатай хэмээн үзэж байгаа. Яагаад гэвэл миний хувьд, би залуу хүн, цаашдаа олон жил улс төрд зүтгэх хугацаа байна. Ямар нэгэн асуудлаар ийм бохир зүйлд хутгалдахыг хүсэхгүй байна. Тийм учраас нэг тийш шийдэж, хэн нь буруутай юм бэ гэдгийг олж өгөхийг хүссэн. Энэ хүсэлтийн хүрээнд өнөөдөр МАН-ын бүлэг хэлэлцэж буй асуудлаас завсарлага авлаа. Цаашдаа Тусгай хяналтын дэд хороо болон Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хороо хуралдаж асуудлыг эцэслэх хүртэл завсарлага авсан. Тэгэхээр эдгээр байнгын хороодыг хуралдаж асуудлыг шийдвэрлэхийг хүсч байна” гэлээ.
Дараа нь Ерөнхий сайд Ж.Эрдэнэбат сэтгүүлчдийн асуултад хариулав.
-Таныг огцруулахаар тавьж буй үндэслэлийн тухайд?
-Хүүхдийн мөнгийг алагчлалгүй олгож байгаа, өмнө нь байгуулсан концессын гэрээг шинэчилж, 50 тэрбум төгрөгөөр бууруулсныг буруу байна гэж үзэн Ж.Эрдэнэбат гэж хүнийг огцруулна гэж байна. Хэрэв шаардлагатай бол надад итгэл үзүүлэх эсэх асуудлыг тавиад, энэ ажил үүргийг яаж, хэрхэн гүйцэтгэсэн юм бэ гэдэг дээр огцруулах асуудал тавьсан хүмүүст мэдээлэл хийхэд бэлэн байна.
-Ерөнхий сайд огцрох өргөдлөө өглөө гэсэн мэдээлэл өчигдөр гарсан. Яагаад ийм зүйл гарав?
-Тийм зүйл байхгүй. Би өргөдлөө өгөөгүй.
-Хэрэв өнөөдөр энэ асуудлыг хэлэлцэж шийдэхгүй бол Үндсэн хууль зөрчих гэж байна гэж байгаа. Тусгай хяналтын хороо хэдийд хуралдах вэ?
-Яаралтай хэлэлцэх байх. Тэгж байж асуудал цааш явна.