МАН-ын бүлгийн хүсэлтээр УИХ-ын ээлжит бус чуулган ЗАВСАРЛАЛАА

2017 оны 9 сарын 06
Д.ХАЯНХЯРВАА: ТУСГАЙ ХЯНАЛТЫН ДЭД ХОРООГООР ТАГНАЖ ЧАГНАСАН ГЭХ АСУУДЛЫН ТАЛААР МЭДЭЭЛЛИЙГ СОНСОХ НЬ ЗӨВ

УИХ дахь МАН-ын бүлгийн дарга Д.Хаянхярваа "Ерөнхий сайдын хэлж байгаа саналыг хүндэтгэж үзэх ёстой. 30 гаруй хүн бүлгийн даргын өрөөнд байна. Тэд Засгийн газрыг унагаах асуудлыг сөрөг хүчинтэйгээ нийлж шийдмээргүй гэдгээ илэрхийлж байгаа.

Хууль хяналтын байгууллагуудын үйлдэл нь буруу байвал нэг талд нь гаргаж шийдэх хэрэгтэй.

Тусгай хяналтын дэд хороогоор тагнаж чагнасан гэх асуудлын талаар мэдээллийг сонсох нь зөв.

Хэрвээ У.Хүрэлсүх болон Ж.Эрдэнэбат нарын нэгнээ тагнаж чагнасан зүйлийг Тусгай хяналтын дэд хороогоор хэлэлцүүлсний дараа чуулганд оролцоно.Завсарлага хүсч байна" гэлээ.

Түүний хүсэлтийн дагуу УИХ-ын дарга МАН-ын бүлэгт завсарлага өгч, УИХ-ын ээлжит бус чуулган завсарлалаа.

 

12:05 2017/09/06

Ж.ЭРДЭНЭБАТ: ТАГНАЖ ЧАГНАСАН АСУУДЛЫГ ШИЙДВЭРЛЭЖ ӨГӨӨЧ

Ерөнхий сайд Ж.Эрдэнэбат "Огцруулах хүсэлтийг гаргахаас өмнө нийгэмд нэгэн мэдээлэл тархсан. Монгол Улсын Ерөнхий сайд Шадар сайдыг тагнасан, чагнасан гэдэг мэдээллийг хэвлэл мэдээллээр нэлээн их явуулсан. 

Энэ мэдээлэл олон хүнд эргэлзээ, тээнэгэлзээ төрүүлсэн. Асуудлыг шийдвэрлүүлэхээр би Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хороонд наймдугаар сарын 22-нд хүсэлт гаргасан. Би бас тусгай хяналтын дэд хороонд энэ асуудлаар хандсан. 

Миний хувьд залуу хүн, нэр хүндээ унагах ийм асуудалд холбогдоод явах сонирхолгүй байна.

Өнөөдрийн хурлаар ямар ч шийдвэр гарсан гэсэн тагнаж чагнасан асуудлыг шийдвэрлэж өгөөч гэж хүсэх байна.

 

12:02 2017/09/06

Д.ТОГТОХСҮРЭН: БАЙНГЫН ХОРООНЫ ХУРАЛДААНААР ЗАСГИЙН ГАЗРЫГ ГИШҮҮДИЙН ОЛОНХ ОГЦРУУЛАХ ШААРДЛАГАГҮЙ ГЭЖ ҮЗСЭН

УИХ-ын ээлжит бус чуулганыг УИХ-ын дарга М.Энхболд нээж үг хэлсний дараа Төрийн байгуулалтын Байнгын хорооны санал дүгнэлтийг УИХ-ын гишүүн Д.Тогтохсүрэн танилцууллаа. 

Д.Тогтохсүрэн "Т.Аюурсайхан нарын гишүүд Засгийн газрыг огцруулах асуудлыг УИХ-д өргөн барьсан. Төрийн байгуулалтын Байнгын хороо уг асуудлыг наймдугаар сарын 30-ны өдөр хэлэлцсэн.

Байнгын хорооны хуралдаанаар хэлэлцсэн асуудалтай холбогдуулж гишүүд асуулт асууж байр сууриа илэрхийлсэн.

Байнгын хорооны хуралдаанаар Засгийн газрыг гишүүдийн олонх огцруулах шаардлагагүй гэж үзсэн" гээд УИХ-ын гишүүдээс Төрийн байгуулалтын байнгын хорооны санал дүгнэлтийг хэлэлцэн шийдвэрлэхийг хүслээ.

 

11:58 2017/09/06

М.ЭНХБОЛД: ТӨР ТОГТВОРТОЙ БАЙХ НӨХЦЛИЙГ БҮРДҮҮЛЭХЭД АНХААРЛАА ХАНДУУЛАХ ХЭРЭГТЭЙ

Ээлжит бус чуулганыг УИХ-ын дарга М.Энхболд нээлээ.

Тэрбээр "УИХ-ын нэр бүхий 30 гишүүнээс Монгол Улсын Ерөнхий сайд Ж.Эрдэнэбатыг огцруулах асуудлыг наймдугаар сарын 30-ны өдөр өргөн мэдүүлсэн. 

2016 оны УИХ-ын сонгуулиар ард түмэн МАН-д итгэл хүлээлгэсэн. Сонгуулийн өмнөхөн Монгол Улсын эдийн засгийн өсөлт -1.6 хувь хүрч, төсвийн алдагдал 2 их наядад хүрч, Монгол Улс төлбөрийн дарамтад ойрхон байсныг санаж байгаа байх. 

2017 оны эхний хагас жилийн байдлаар эдийн засгийн бодит өсөлт 5.3 хувьд хүрч 4 функтээр өссөн байна. 

Энэхүү ээлжит бус чуулганаар хэлэлцэх асуудалд гишүүн бүр хариуцлагатай, нухацтай хандаж, төр тогтвортой байх нөхцлийг бүрдүүлж, эдийн засгийн асуудалд илүү анхаарлаа хандуулах хэрэгтэй байх гэж үзэж байна" гэлээ.

 

11:52 2017/09/06

УИХ-ЫН ЭЭЛЖИТ БУС ЧУУЛГАН ЭХЭЛЛЭЭ

УИХ-ын ээлжит бус чуулган 52.6 хувийн ирцтэйгээр эхэллээ.

Чуулганаар Ерөнхий сайдыг огцруулах асуудлыг хэлэлцэж шийдвэрээ гаргана.

 

09:21 2017/09/06

УИХ-ын ээлжит бус чуулган өнөөдөр 10:00 цагаас хуралдана. Хуралдаанаар Засгийн газрыг огцруулах эсэх асуудлыг хэлэлцэх юм. 

Төрийн байгуулалтын байнгын хороо өнгөрсөн долоо хоногт хуралдаж, Засгийн газрыг огцруулах шаардлаггүй гэж үзсэн. Харин энэ асуудалтай холбогдуулж УИХ-ын дарга УИХ-ын ээлжит бус чуулганыг энэ сарын 07-ны өдөр хүртэл хуралдуулах захирамж гаргаад байгаа билээ. 

УИХ дахь МАН-ын бүлгийн нэр бүхий гишүүд Ерөнхий сайдыг огцруулах бичгийг УИХ-ын дэд даргад наймдугаар сарын 23-ны өдөр өргөн бариад байгаа. 

Тэд Ерөнхий сайдыг томилогдсоноос хойш явуулж байгаа үйл ажиллагаа гаргасан шийдвэрүүд нь эрх ашгийн зөрчилтэй байна гэж үзэж байгаа аж.

Энэ асуудлыг ээлжит бус чуулганаар шийдэх юм. 

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
46737
0 эможи
keyboard_arrow_up