Ерөнхий сайдыг огцруулах эсэхийг өнөөдөр эцэслэнэ
УИХ-ын Ээлжит бус чуулганы нэгдсэн хуралдааныг өнөөдөр 10.00 цагаас товлоод байна. Энэ хуралдаанаар Ерөнхий сайд Ж.Эрдэнэбатыг огцруулах эсэх асуудлыг хэлэлцэн шийдвэр гаргах юм.
УИХ дахь МАН-ын бүлгийн нэр бүхий 30 гишүүний гарын үсэгтэй Ерөнхий сайд Ж.Эрдэнэбатыг огцруулах саналыг наймдугаар сарын 23-нд УИХ-д өргөн барьсан юм. Улмаар 30-нд УИХ-ын даргын захирамжаар Ээлжит бус чуулган зарлаж, мөн өдөр Төрийн байгуулалтын байнгын хороо уг асуудлыг хэлэлцэн, санал хураалт явуулсан. Гэвч хуралдаанд оролцсон 17 гишүүний 8 нь Ерөнхий сайдыг огцруулах нь зүйтэй гэж үзсэн бол 9 нь татгалзсан санал өгснөөр уг асуудал байнгын хорооны хуралдаанд унасан юм. Одоо асуудлыг УИХ-ын Ээлжит бус чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлэлцэж эцэслэхээр хүлээгдэж байна.
УИХ дахь намын бүлгүүдийн тухайд, УИХ дахь АН-ын бүлгийн 9 гишүүн “Засгийн газарт хариуцлага тооцох нь зүйтэй” гэдэгт байр сууриа нэгтгэсэн бол 65 гишүүнтэй МАН-ын бүлгийн байр суурь тодорхойгүй хэвээр байгаа юм. МАН-ын Удирдах зөвлөл даваа гарагт Төрийн ордонд хуралдаж, Засгийн газрыг огцруулах эсэх талаар дахин хэлэлцэхдээ "Засгийн газраа тогтвортой байлгах, УИХ дахь МАН-ын бүлгээс гаргасан шийдвэрийг биелүүлж байх" утга бүхий тогтоол гаргасан. Уг тогтоолыг УИХ дахь МАН-ын бүлэгт танилцуулахаар өчигдөр хуралдаан зарласан ч ирц бүрдээгүйн улмаас хуралдаагүй. Ингэснээр МАН-ын бүлэг байр сууриа нэгтгэлгүй УИХ-ын Ээлжит бус чуулганд асуудлыг хэлэлцэх болж байна.