Нийтээр тэмдэглэх баярын болон тэмдэглэлт өдрүүдийн тухай хуулийн төслийг дэмжлээ
Чуулганы үдээс өмнөх хуралдаанаар Нийтээр тэмдэглэх баярын болон тэмдэглэлт өдрүүдийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Үндэсний их баяр наадмын тухай хуулийн зарим заалтыг хүчингүй болсонд тооцох тухай, Дипломат албаны тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төслүүд /Засгийн газар 2014.05.16-ны өдөр өргөн мэдүүлсэн, төрийн ёслолын журмыг Монгол Улсын Ерөнхийлөгч батлах тухай/ -ийг хэлэлцэх эсэх асуудлыг хэлэлцлээ.
Хууль санаачлагчийн илтгэлийг Засгийн газрын хэрэг эрхлэх газрын дарга Ч.Сайханбилэг, Төрийн байгуулалтын байнгын хорооны санал, дүгнэлтийг Улсын Их Хурлын гишүүн Р.Бурмаа нар танилцуулав.
Танилцуулгатай холбогдуулан гишүүд асуулт асууж, үг хэлсэн. Үүний дараа хуулийн төслүүдийг Төрийн байгуулалтын байнгын хорооны хуралдаанаар дэмжээгүй саналыг дэмжих нь зүйтэй гэсэн саналын томьёоллоор санал хураалт явуулсныг хуралдаанд оролцсон 64 гишүүнээс 45 нь буюу 70,3 хувийн саналаар дэмжих нь зүйтэй гэж үзсэнээр анхны хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр холбогдох байнгын хороонд шилжүүллээ.