Ерөнхий сайдыг огцруулах бичгийг УИХ-д өргөн барилаа
Монгол Улсын Ерөнхий сайд Ж.Эрдэнэбатыг огцруулах санал дээрх МАН-ын нэр бүхий 30 гишүүн гарын үсэг зурсан байна. Ерөнхий сайдыг огцруулах албан бичгээ УИХ-ын гишүүн Т.Аюурсайхан дөнгөж сая өглөө.
Түүнийг анх томилогдсон цагаасаа нэг жилийн хугацаанд Монгол Улсын хууль тогтоомжийг зөрчсөн, Монголын ард түмний эрх ашигт нийцээгүй, цөөн хэдэн бүлэглэлийг дэмжсэн шийдвэрүүдийг гаргасан гэв.
Мөн гаргасан шийдвэрүүд нь ашиг сонирхлын зөрчилтэй, эргэж буцсан байсан нь ийнхүү огцруулах болсон шалтгаан гэдгийг тэрбээр тайлбарласан юм.
Саяхан болж өнгөрсөн Ерөнхийлөгчийн сонгуулийн үеэр Монголын нийт ард түмэн одоогийн Засгийн газрын үйл ажиллагаанд дүнгээ тавьсан учраас дээрх гишүүд хуульд заасны дагуу Ерөнхий сайдыг огцруулах саналыг албан ёсоор тавьж байна.
УИХ-ын дарга эзгүй байгаа тул тэд албан үүргийг нь гүйцэтгэж буй УИХ-ын дэд дарга Я.Санжмятавт гардуулах юм.
Монгол Улсын язгуур эрх ашгийн төлөө нам харгалзахгүй энэ асуудлыг дэмжих байх гэдгийг Т.Аюурсайхан хэллээ.