Төрийн албан хаагчийн ажиллах нөхцөл, баталгааг хуулиар тогтоохыг иргэд дэмжив

2017 оны 8 сарын 22

Монгол Улсын Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн төслийн талаархи олон нийтийн хэлэлцүүлэг өнөөдөр (2017.08.21) Булган аймгийн Хутаг-Өндөр суманд болов.

 

Хэлэлцүүлэгт төрийн захиргааны болон нутгийн өөрөө удирдах байгууллагын удирдлага, албан хаагчид, Сайхан, Тэшиг, Баян-Агт, Хутаг-Өндөр сумдын иргэд оролцлоо.  

Булган аймгийн Засаг дарга З.Батзориг хэлэлцүүлгийг нээж хэлсэн үгэндээ “Бид шинэ Үндсэн хуулиа батлаад 25 жил өнгөрсөн байна. Улс орон, нийгмийн хөгжлийн явцад Үндсэн хуулийг өөрчлөх шаардлага гарсан. Ийнхүү нэмэлт, өөрчлөлт оруулахдаа ард түмний бүрэн эрхт байдал, Монгол Улсын иргэн бүрийн оролцоог хангахаар улс орон даяар хэлэлцүүлэг зохион байгуулж байна. 1992 онд Үндсэн хуулийг батлахдаа бүх нийтээр хэлэлцэн, иргэдийн саналыг авч тусгасан шиг энэ удаагийн төслийн хэлэлцүүлэг ч тэр хэрийн өргөн цар хүрээнд явагдаж байна. Бүсчилсэн хэлэлцүүлгийн дараа сум, баг бүрт хэлэлцүүлэг явагдах тул Та бүгд идэвх санаачлагатай оролцоорой” гэлээ. 

 

Хутаг-Өндөр суманд болсон бүсчилсэн хэлэлцүүлгийн эхэнд УИХ-ын Хууль зүйн байнгын хорооны ахлах зөвлөх Б.Баасандорж Монгол Улсын Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн төслийн талаар танилцуулав. Үндсэн хуулийг баталж мөрдөж эхэлснээс хойших 25 жилд УИХ-Засгийн газар, Ерөнхийлөгч-УИХ, Ерөнхийлөгч-Засгийн газар, Ерөнхийлөгч-Шүүх эрх мэдэл хоорондох эрх мэдлийн хуваарилалтад өөрчлөлт оруулах, сайжруулах шаардлага үүссэн байна. УИХ-ын гишүүд, эрдэмтэн, судлаачид төдийгүй ард иргэд ч энэ талаар санаа бодлоо илэрхийлэх болжээ. Монгол Улсын Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах журмын тухай хуулийн 5 дугаар зүйлд заасан “Үндсэн хуулийг дээдлэн сахих, Үндсэн хуулийн тогтвортой байдлыг хамгаалах, ард түмний бүрэн эрхт байдал, оролцоог хангах, бодитой, ил тод байх” гэсэн Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах үйл ажиллагааны үндсэн зарчмыг баримтлан УИХ, Засгийн газраас Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах шаардлага, үндэслэлийг тогтоохын тулд эхний ээлжинд Ерөнхий сайдын захирамжаар ажлын хэсэг байгуулсан байна. “Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах эсэхийг судлах, санал, дүгнэлт боловсруулах” үүрэг бүхий тус ажлын хэсэг 21 аймаг, нийслэлийн 9 дүүргийн иргэдийн төлөөллийг оролцуулсан уулзалт, хэлэлцүүлэг зохион байгуулж 3000 гаруй иргэдийн санаа бодлыг тандан судалсан байна. Ажлын хэсгийн судалгааны үндсэн дээр Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах зарим шаардлага буй болсныг хүлээн зөвшөөрч, Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн талаар санал дүгнэлт боловсруулан Засгийн газарт өгчээ.  

УИХ-ын гишүүн Д.Лүндээжанцангаар ахлуулсан УИХ-ын гишүүд, эрдэмтэн, судлаачид, мэргэжилтнүүдээс бүрдсэн ажлын хэсэг ажиллан Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах шаардлагатай гэсэг дүгнэлтийг гаргажээ. Дараагийн ээлжинд дээр дурдсан дүгнэлтүүдийг үндэс болгон 6 багц сэдвээр анхдугаар зөвлөлдөх санал асуулгыг зохион байгуулж, уг санал асуулгад оролцогчдын саналыг үндэслэн гаргасан зөвлөмжид тулгуурлан Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах асуудлын хүрээг тогтоожээ.   

Анхдугаар зөвлөлдөх санал асуулгын зөвлөмжийг үндэслэн Үндсэн хуулийн ач холбогдлыг хэвээр хадгалах, Үндсэн хуулийн үндсэн бүтцийг эвдэхгүй, бэхжүүлэх үүднээс УИХ-ын даргын 78 дугаар захирамжаар байгуулагдсан ажлын хэсэг Монгол Улсын Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах асуудлыг “долоо хэмжиж, нэг огтлох” зарчмаар хандаж төслийг боловсруулсан аж.

 

УИХ-Засгийн газрын эрх мэдлийн хяналт тэнцлийг хангах чиглэлээр төсөлд тусгасан нэмэлт, өөрчлөлтийн талаар УИХ-ын Хууль зүйн байнгын хорооны ахлах зөвлөх Б.Баасандорж үргэлжлүүлэн танилцууллаа.

  • УИХ-ын ээлжит чуулган хагас жил тутам нэг удаа 75-аас доошгүй ажлын өдөр чуулахаар,
  • УИХ-ын гишүүн нь Үндсэн хуульд өөрөөр заагаагүй бол албан үүрэгтээ үл хамаарах ажил, албан тушаал хавсарч болохгүй байхаар,
  • УИХ-ын сонгуулийн тогтолцоог хуулиар тогтоох, УИХ-ын чуулганы болон Байнгын хорооны хуралдааныг гишүүдийн олонхи нь хүрэлцэн ирснээр хүчинтэйд үзэж, хуралдаанд оролцсон гишүүдийн олонхийн саналаар асуудлыг хэлэлцэн шийдвэрлэж, хуралдаанд оролцсон гишүүдийн олонхийн саналаар хуулийг эцэслэн баталдаг байхаар,
  • Ерөнхий сайдыг томилох тухай асуудал, түүнчлэн хуульд өөрөөр заагаагүй бол бусад асуудлыг саналаа илээр гаргаж шийдвэрлэдэг байхаар,
  • Засгийн газрын бүрэлдэхүүнээ тогтоох, гишүүдийг томилох, чөлөөлөх эрхийг Ерөнхий сайдад олгох,  
  • Засгийн газрын бүтцийг Үндсэн хуулиар тогтоож, яамдын нэрийг хуульд заан тусгах, Засгийн газрын гишүүдийн гуравны нэгээс дээшгүй хувь нь УИХ-ын гишүүн байж болохоор хязгаарлахаар төсөлд тусгасан байна. Хууль зүй, дотоод хэргийн яам, Сангийн яам, Гадаад хэргийн яам, Батлан хамгаалах яам, Байгаль орчны яам байхаар, түүнчлэн Ерөнхий сайд нийгэм, эдийн засаг, дэд бүтцийн чиглэлийн долоо хүртэл яамыг нэмж байгуулахаар УИХ-д саналаа оруулж болохоор тусгажээ.

Түүнчлэн Засгийн газар Ерөнхий сайд, гишүүдээс бүрдэх бөгөөд Ерөнхий сайд болон Засгийн газрын нийт гишүүний гуравны нэг нь УИХ-ын гишүүн байж болохоор, УИХ-ын гишүүний дөрөвний нэг нь Ерөнхий сайдыг огцруулах саналыг өргөн мэдүүлсэн тохиолдолд УИХ уг асуудлыг хэлэлцэн шийдвэрлэхээр, УИХ-ын нийт гишүүний олонхи нь Ерөнхий сайдыг огцруулах саналыг дэмжсэн бол шинэ Ерөнхий сайдыг томилох асуудлыг долоо хоногийн дотор хэлэлцэн шийдвэрлэхээр төсөлд тусгасан байна.

Үргэлжлүүлэн ахлах зөвлөх Б.Баасандорж шүүгчийн хараат бус, шүүхийн бие даасан байдлыг хангах үүрэг бүхий Шүүхийн ерөнхий зөвлөлийн бүрэлдэхүүнийг өргөтгөх, шүүгч, Ерөнхий шүүгчийг томилох томилгооны зарчмыг тодорхой болгохоор тусгасан төслийн зүйл заалтуудыг дэлгэрэнгүй танилцуулав.

 

УИХ-ын Хууль, эрх зүйн хэлтсийн ахлах зөвлөх Ч.Ариунхур Ерөнхийлөгчийн эрх үүргийг тодорхой болгох, улс төрөөс хараат бус мэргэшсэн, чадварлаг, нэр хүндтэй төрийн албыг бэхжүүлэх, засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тогтолцоог төгөлдөржүүлэх зорилгоор төсөлд оруулсан нэмэлт, өөрчлөлт бүрийг онол, судалгаа, үндэслэл, олон улсын практик, ач холбогдлыг тайлбарлан дэлгэрэнгүй танилцууллаа. 

Үндсэн хуулийн нэг үг, нэг цэг, нэг таслал өөрчлөгдсөн ч Үндсэн хуульчилсан болон бусад хуулийн холбогдох зүйл, заалтыг түүнд нийцүүлэн өөрчлөх хэрэгцээ шаардлага тулгардаг. Энэхүү шалтгаанаар болон сонгуулийн мөчлөгийн дундуур төрийн эрх барих байгууллагуудыг тогтвортой ажиллах бололцоогоор хангах үүднээс Ерөнхийлөгчийн бүрэн эрхтэй холбоотой Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн төслийн холбогдох заалтууд 2021 оны Ерөнхийлөгчийн сонгуулийн дараа, бусад зүйл заалтыг 2020 оны УИХ-ын сонгуулийн дараагаас эхлэн дагаж мөрдөхөөр төсөлд тусгасан байна.

 

Танилцуулгын дараа бүсчилсэн хэлэлцүүлэгт оролцож буй Булган аймгийн баруун бүсийн дөрвөн сумын иргэдийн төлөөлөл төсөлтэй холбоотой зарим зүйлийг тодруулж, санал бодлоо илэрхийлэв.

Сайхан сумын иргэн Ганбат Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулахыг нутгийн иргэд нь дэмжиж байгааг хэлэв. Сонгуулийн тогтолцооны талаар, төсвийн зардлын шинэ төрөл үүсгэх, зарлага нэмэгдүүлэхийг хориглож буй нэмэлт, өөрчлөлтийн дэмжиж байгаагаа илэрхийлсэн. Түүнчлэн ээлжит чуулганы хуралдах хугацааг ажлын 75 өдөр болгон нэмэгдүүлж буйг, УИХ-ын хяналтын бүрэн эрхийн хүрээнд хянан шалгах түр хороо байгуулах, Үндсэн хуульд тусгасан 5 яам, үүн дээр Ерөнхий сайд 7 хүртэл яамыг шинээр байгуулах тухай төсөл дэх нэмэлт, өөрчлөлтийг дэмжиж байгаа бол УИХ-ын гишүүн Засгийн газрын гишүүнээр ажиллахтай холбоотой зохицуулалтыг дэмжихгүй гэдгээ хэллээ. Харин Засгийн газрын гишүүдийн гуравны нэг нь УИХ-ын гишүүн байх төслийн заалтыг илүү тодорхой болгох шаардлагатай гэв. Тодруулбал “Засгийн газрын танхимын гишүүдийн 5 нь УИХ-ын гишүүн байж болно” гэж тусгах саналыг иргэн Одхүү гаргав. Мөн тэрбээр УИХ-ын гишүүдэд хариуцлага тооцох, эргүүлэн татахтай холбоотой зохицуулалтыг Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн төсөлд тусгах нь зүйтэй гэдэг байр суурийг илэрхийлсэн. Олон нийтээр хэлэлцүүлж буй энэхүү төсөлд тусгагдаагүй ч иргэдээс Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлттэй холбоотойгоор ирүүлсэн саналыг хэрхэх талаар УИХ-ын Тамгын газрын мэргэжилтнүүдээс тодрууллаа.  

 

Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн төслийн талаар болон уг төсөлд тусгагдаагүй ч Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтэй холбоотой саналуудаа иргэн бүр саналын хуудсаар дамжуулан хууль тогтоогчдод хүргэх боломж нээлттэй байгааг УИХ-ын Хууль зүйн байнгын хорооны ахлах зөвлөх Б.Баасандорж тайлбарлалаа.

 

Хутаг-Өндөр суманд болсон бүсчилсэн олон нийтийн хэлэлцүүлэгт оролцсон иргэд парламентыг хоёр танхимтай болгох, сумын Засаг даргыг томилдог болох, багийн Засаг дарга нарыг төрийн захиргааны албан хаагч болгох, Ерөнхий сайдын эрх мэдлийг өргөжүүлэх, боловсролын асуудал хариуцсан төрийн захиргааны төв байгууллагыг Үндсэн хуульд нэмж тусгах, Үндсэн хуулийн байгууллагын тоог нэмэх эсэхээ нягтлах, сонгуулийн хугацааг сунгаж 6 жил болгох, УИХ-ын гишүүдийн тоог нэмэгдүүлж 81 болгох, хүний хувь заяаг шийддэг ажлын онцлогийг үндэслэн Улсын дээд шүүхийн шүүгчээр томилогдох нас 45, бусад шатны шүүхээр томилогдох насны доод хязгаарыг 37 болгох зэрэг саналыг гаргаж байв. Бүсчилсэн хэлэлцүүлэгт оролцсон олон иргэн төрийн албан хаагчийн ажиллах нөхцөл, баталгааг хуулиар тогтоохыг дэмжиж байгаагаа илэрхийлж байсан. Хутаг-Өндөр суманд болсон хэлэлцүүлэгт 116 иргэн оролцож, саналын хуудсаар дамжуулан 108 иргэн төсөлтэй холбоотой саналаа ирүүллээ. 

Ийнхүү Булган аймагт зохион байгуулсан Монгол Улсын Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн төслийн талаархи олон нийтийн бүсчилсэн хэлэлцүүлэг өндөрлөлөө. Үргэлжлүүлэн тус аймгийн 16 сум, 1 тосгон, 75 баг бүрт төслийн талаархи олон нийтийн хэлэлцүүлэг есдүгээр сарын 03-ны өдрийг хүртэл зохион байгуулагдана гэж УИХ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтэс мэдээлэв.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
46202
0 эможи
keyboard_arrow_up