Үндсэн хуульд ямар өөрчлөлт орох бэ

2017 оны 8 сарын 21

  Монгол Улсын Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах хуулийн төслийг орон даяар хэлэлцэж байна. Энэ оны эхнээс эхэлсэн хуулийн өөрчлөлтийн төсөлд олон нийт саналаа хэлж, Үндсэн хуульд нийтдээ зургаан сэдвийн хүрээнд хэлэлцүүлэг өрнүүлж өөрчлөлт оруулахаар хуулийн төсөлд тусгаад байгаа юм.

 

Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн төсөл нь төрийн эрх мэдлийн хуваарилалтыг оновчтой болгох, шийдвэр гаргах механизмыг сайжруулах, шүүх эрх мэдлийн тогтолцоог оновчтой шийдэх, төрийн албыг мэргэшсэн, тогтвортой, хараат бусаар ажиллах боломжийг бүрдүүлэх зэрэгт голлон чиглэж байгаа юм.

Үндсэн хуульд найм хүртэлх яамны нэрийг зааж өгөх, Ерөнхийлөгч, Засгийн газарт чиглэл өгөх эрх үүргийг хэвээр үлдээх, УИХ-ын гишүүнд нэр дэвших иргэний хуульд заасан насыг 35-40 болгох, УИХ-ын чуулганы хуралдааны ирцийг нийт гишүүдийн гуравны хоёроор тогтоох, сумын Засаг даргыг ард түмнээс сонгох, багийн Засаг даргыг улс төрийн албан тушаалтан хэвээр үлдээх, хүн амаас хамаарч сум, баг, тосгон, хот гэсэн засаг захиргааны нэгжүүдийг тодорхой болгох шаардлагатай гэж үзэж байна. Үндсэн хуульд ямар өөрчлөлт оруулахаар дэмжигчид буйг дор онцолъё.

Засгийн газрын нэрсийг Үндсэн хуульд заана

    Засгийн газрын гишүүдийг давхар дээлгүй байхыг олон нийт чухалчилж байна. Харин Ерөнхий сайдыг УИХ-ын гишүүн байхыг зөвшөөрч буй юм. Ерөнхий сайд Засгийн газраа бүрдүүлдэг байх, Засгийн газрын бүрэлдэхүүнээ тогтоох, гишүүдийг томилох, чөлөөлөх эрхийг Ерөнхий сайдад олгохыг дэмжиж байна. Засгийн бүтэц тогтвортой байх талаасаа яамдын нэрийг зааж өгөх санаачлага ихээхэн дэмжлэг авч буй ажээ. Тодруулбал, Сангийн яам, Эрүүл мэндийн яам, Боловсролын яам, Гадаад харилцааны яам, Байгаль орчны яам, Хууль зүйн яам гэх мэт гол яамдын нэрийг зааж өгөх шаардлагатай гэж үзэж байна. Шинэ Засгийн газар бүрэлддэг. Өөрийнхөө дур зоргоор Засгийн газрын бүтэц, зохион байгуулалт, яамдыг байгуулж төрийн бодлого тогтворгүй явж байна гэж үзэх нэгэн бий. Тухайлбал, өнгөрсөн 2012 – 2016 онуудад Эдийн засгийн хөгжлийн яам байгуулагдаж, улсын төсөв нэгдсэн бодлогогүй явж ирсэн нь санхүүгийн сахилга бат алдагдсан, үргүй зардал гаргах үндэслэл болсон гэж үздэг. Иймд төрийн бодлого тогтвортой байхын тулд яамдын нэрийг Үндсэн хуульд заах нь чухал гэж үзэж буй юм. Мөн хууль батлахдаа

Гишүүд, шүүгч нарын насны босгыг өндөрсгөнө  

     Иргэд Үндсэн хуулийн өөрчлөлтөөр Улсын Дээд шүүхийн шүүгчийн насыг 40 нас, eрдийн шүүхийн шүүгчийн насыг 30 болгохыг дэмжиж байгаагаа илэрхийлж байна.  Мөн УИХ-ын гишүүний насыг нэмэх ёстой гэдэг саналыг ихээр илэрхийлж байгаа юм. УИХ-ын гишүүний насыг  одоогийн хуулиар 25-аас дээш байхаар заасан. Харин иргэдийн зүгээс 35 наснаас дээш гэж УИХ-ын гишүүний насны босгыг өндөрсгөх ёстой гэдэг дээр иргэд санал нэгдэж байгаа юм.

УИХ-ын бүтцийн хувьд өөр нэг анхаарал татаж буй асуудал нь УИХ-ын дэргэд Хянан шалгах түр хороог байгуулахаар хуулийн төсөлд тусгагдсан. Үндсэн хуульд оруулах нэмэлт өөрчлөлтийн төсөлд зааснаар Хянан шалгах түр хороог байгуулах шийдвэрийг УИХ-ын нийт гишүүний дөрөвний нэгээс доошгүй нь болон УИХ дахь нам, эвслийн бүлэг уг хороог байгуулах тухай саналыг албан ёсоор тавих ёстой. Энэ тохиолдолд УИХ дахь олонх, цөөнхийн бүлгийн тэгш төлөөлөлтэйгээр УИХ-ын дарга түр хороог байгуулна хэмээн заажээ. Энэ тал дээр санал зөрүүтэй байна. УИХ-ын гишүүдийн ирцийг гуравны хоёроор батлах ёстой гэж үзжээ.

Ерөнхийлөгчийн эрхийг хумих санал дэмжигдээгүй байна  

  Ерөнхийлөгчийн бүрэн эрхийн хугацаа 6 жил байх, улируулан сонгохгүйгээр Улсын Их Хурлын өргөтгөсөн хуралдаанаас сонгодог болох санал тусгагдсан ч дэмжлэг хараахан аваагүй байна. Дөрвөн жилээр хоёр удаа сонгогдох байх зарчим өөрчлөгдөхгүй бололтой. Ерөнхийлөгчийн хууль санаачлах  болон Ерөнхийлөгчийн Засгийн газарт чиглэл өгсөн зарлиг гаргах эрхийг болиулах санал тусгагдсан ч дэмжлэг төдийлөн авахгүй байгаа юм.

Ерөнхийлөгч Засгийн газарт чиглэл өгөх нь Ерөнхий сайдыг засаглалын хувьд хангалттай эрх мэдэлтэй байлгахгүй байна гэж хуульд өөрчлөлт оруулах боловсруулах ажлын хэсгийнхэн  санаачилсан ч дэмжлэг аваагүй аж. Ерөнхийлөгчийн эрх мэдлийг хумьснаар нэр төдий, бэлгэдлийн чанартай төрийн тэргүүн болно гэж үзэж буй юм.

Мөн Монгол Улсын Ерөнхийлөгч нь шүүгч нарын нэрийг УИХ-д өргөн мэдүүлж, томилдог байдлыг  Үндсэн хуульд өөрчлөлт оруулж, УИХ-ын мэдэлд болгох санал тусгагдсан нь мөн дэмжлэг аваагүй ажээ. Түүнчлэн шүүгч нарыг томилох гэхээсээ илүүтэй, сонгодог байх зарчим руу орох нь зүйтэй гэсэн саналтай иргэд ч байна.

Дундговь аймгийн Сайнцагаан сумын иргэн С.Сүхбаатар “Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах хуулийн төслийн хувьд шүүх эрх мэдлийн хүрээнд шүүгчийн томилгоо чухал байгаа. Үүнд, Улсын Дээд шүүхийн шүүгчийг яаж томилох, бусад  шүүхийн шүүгчийг хэрхэн томилох талаар тусгасан байна. Орж ирж байгаа саналыг харахад шүүгчийг Ерөнхийлөгч томилдог байсныг тодорхой хэмжээнд УИХ оролцдог байхаар өөрчлөх гэж байна. Иргэн хүний хувьд шүүгчдийг иргэд сонгодог байх нь зөв гэж үздэг. Олон улсад ч ийм байдаг. Ер нь бол шүүгчийг томилдог биш сонгодог байх нь зөв гэж үзэж байгаа. Томилдог байдал нь танил талаараа томилгоо явуулах нөхцөл бүрддэг” гэжээ.

Үндсэн хуулийн өөрчлөлтийн төслийн хэлэлцүүлэгт оролцогчид Ерөнхийлөгчийн эрх мэдлийг хумихын эсрэг байгаа юм. Учир нь Ерөнхийлөгч ямар нэгэн эрх мэдэлгүй, “амьгүй албат” болно хэмээн үзэж байна.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
46164
0 эможи
keyboard_arrow_up