УИХ-ын дарга З.Энхболд Денверийн Их сургуулийн багш нарын төлөөллийг хүлээн авлаа
Улсын Их Хурлын дарга З.Энхболд Олон Улсын MBA программын захирал, доктор Дуглас Ален, “Spring” институтийн Ерөнхийлөгч Мирна Анн Адкинс болон АНУ-ын Денверийн Их сургуулийн багш, оюутнуудын төлөөллийг өнөөдөр Төрийн ордонд хүлээн авч уулзав.
Улсын Их Хурлын дарга уулзалтын эхэнд төлөөлөгчдийг Монгол Улсад хүрэлцэн ирсэнд баяртай байгаагаа илэрхийлээд Монгол Улсын эдийн засгийн нөхцөл байдал, бизнесийн салбар, хөгжлийн чиг хандлагын талаар танилцуулсан юм. Мөн Монгол Улс дэлхийн хөрөнгө оруулах таатай нөхцөлтэй 10 орны жагсаалтад багтсан тухай дуулгалаа.
Тэрээр уулзалтын төгсгөлд төлөөлөгчдийн сонирхсон асуултад хариулт өгч, харилцан санал солилцов. Улсын Их Хурлын дарга З.Энхболд 2000-2004 онд АНУ-ын Денверийн Их сургуулийг төгсөж, мастерийн зэрэг хамгаалсан юм.