Өвөрхангай аймгийн бүсчилсэн хэлэлцүүлэг Хархорин суманд амжилттай өндөрлөлөө

2017 оны 8 сарын 14

УИХ-ын Тамгын газрын төсөл хэлэлцүүлэгч баг өнөөдөр (2017.08.14) Монгол Улсын Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн төслийн талаарх зургаа дахь хэлэлцүүлгийг Өвөрхангай аймгийн Хархоринд суманд зохион байгууллаа.

Өвөрхангай аймгийг гурван бүсэд хувааж хэлэлцүүлгийг зохион байгуулж байгаа бөгөөд говийн бүсийн хэлэлцүүлгийг Баянгол суманд, төвийн бүсийн хэлэлцүүлгийг Арвайхээр хотод зохион байгуулсан билээ.

Хангайн бүсийг хамарсан өнөөдрийн хэлэлцүүлэгт Өвөрхангай аймгийн Хархорин, Зүүнбаян-Улаан, Бат-Өлзий, Хужирт, Есөнзүйл сум, багийн Засаг дарга, Засаг даргын Тамгын газрын ажилтнууд, ИТХ, ИНХ-ын төлөөлөгчид зэрэг албан хаагч болон сум, багийн иргэдийн төлөөлөл зэрэг 111 хүн ирсэн байлаа.

 

УИХ-ын Тамгын газрын зөвлөх Б.Мөнхцэцэг, ахлах зөвлөх С.Доржханд, Үндсэн хууль судлаач, Монгол Улсын Бага хурал, УИХ-ын гишүүн асан Ц.Товуусүрэн нар төслийн талаарх таван багц асуудлын хүрээнд танилцуулга хийсэн юм.

Хэлэлцүүлэгт иргэдийн төлөөлөл өргөнөөр оролцож, уг төслийн талаар санал, бодлоо чөлөөтэй хуваалцлаа. Тухайлбал, Есөнзүйл сумын нэгдүгээр багийн иргэн Ч.Ганхүү “Багийн Засаг даргыг сонгодог байхыг санал болгож байна” гэсэн бол Хархорин сумын ИТХ-ын тэргүүлэгч Д.Лхагвабуд “Төрийн албан хаагчдын ачааллыг жигд болгож, багийн Засаг даргыг төрийн албан хаагч болгох хэрэгтэй” гэх саналуудыг хэлж байлаа.

Өвөрхангай аймагт болсон гурван бүсийн хэлэлцүүлэгт иргэдээс олон давтагдаж байгаа хэд хэдэн саналд: Хоёр танхимтай парламент байгуулж, хууль тогтоох байгууллага хоорондын хяналтыг сайжруулах, УИХ-ын гишүүнд нэр дэвших иргэний хуульд заасан насыг 5-10 жилээр нэмэх, томилогддог болон сонгогддог албан тушаалтныг, тухайлбал, УИХ-ын гишүүн, бүх шатны Засаг дарга нарыг эгүүлэн татах эрхийг ард түмэнд олгох, хариуцлага тооцох, Үндсэн хуульд улс төрийн намын тухай шинэ заалт нэмэх зэрэг асуудлыг хөндөж байлаа. Харин Засгийн газрын түвшинд одоогийн төсөлд дурьдагдсан таван яамны нэрийг Үндсэн хуульд зааж оруулахыг учир дутагдалтай, нэрлэвэл бүх яамдыг нэрлэх үгүй бол тоог нь тогтоож цаашид арваас илүүгүй яамтай байхыг онцолж байв. Мөн одоогийн төсөлд байгаа Засгийн газрын гишүүдийн гуравны нэг нь “давхар дээлтэй” байж болно гэснийг Ерөнхий сайдаас бусад нь “давхар дээл”-тэй байхыг хориглох санал иргэдээс олон гарч байсан юм.

Өвөрхангай аймгийн бүсчилсэн гурван хэлэлцүүлэгт нийт 459 иргэн оролцож, 398 иргэн саналын хуудас бөглөсөн байна гэж УИХ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтэс мэдээлэв.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
45960
0 эможи
keyboard_arrow_up