Сонгогддог, томилогддог албан тушаалтныг эгүүлэн татах эрхийг ард түмэнд олгохыг санал болгов

2017 оны 8 сарын 14

УИХ-ын Тамгын газрын төсөл хэлэлцүүлэгч баг Өвөрхангай аймгийн хоёр дахь бүсчилсэн хэлэлцүүлгийг өнөөдөр (2010.08.13) Арвайхээр хотод зохион байгууллаа.

Хэлэлцүүлэгт Өвөрхангай аймгийн Арвайхээр, Нарийнтээл, Хайрхандулаан, Баруунбаян-Улаан, Уянга, Тарагт, Өлзийт сумдын төрийн захиргааны болон нутгийн өөрөө удирдах байгууллагын албан хаагч, иргэдийн төлөөлөл хүрэлцэн ирсэн юм.

Хэлэлцүүлгийг нээж Өвөрхангай аймгийн Засаг дарга Г.Ганболд, УИХ-ын Тамгын газрын Мэдээлэл, хяналт шинжилгээ, үнэлгээний хэлтсийн дарга Б.Эрдэнэбилэгт нар үг хэллээ.

Аймгийн Засаг дарга Г.Ганболд хэлсэн үгэндээ, “УИХ-аас Монгол Улсын Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах асуудлаар тогтоол гаргаж улс орны хэмжээнд ард нийтээрээ санал асуулгыг зохион байгуулж байгаа билээ. Өвөрхангай аймгийн говийн бүсийн хэлэлцүүлгийг Баянгол суманд, төвийн бүсийн хэлэлцүүлэг Арвайхээрт зохион байгуулж байгаа бол хангайн бүсийн хэлэлцүүлгийг Хархорин суманд зохион байгуулна” гэдгийг дурдаад орон нутагт тулгардаг Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах зайлшгүй шаардлага байгааг онцолсон юм.

Дараа нь УИХ-ын Тамгын газрын зөвлөх Б.Мөнхцэцэг Монгол Улсын Үндсэн хууль оруулах нэмэлт, өөрчлөлтийн хэлэлцүүлгийн зорилго, дэг, хуулийн төслийн танилцуулга хийх сэдвийн талаар танилцуулав. Үргэлжлүүлэн төсөл хэлэлцүүлэгч баг Үндсэн хуулинд оруулах нэмэлт, өөрчлөлтийн төслийн талаархи багц сэдвүүдийг танилцуулж, иргэд сонирхсон асуултдаа хариулт авч, саналаа илэрхийлсэн юм.

Тухайлбал, Өвөрхангай аймгийн Баруунбаян-Улаан сумын иргэн н.Жамбал “УИХ Хяналтын түр хороо байгуулна гэж юу гэсэн үг вэ; Баг, сумдын Засаг даргыг томилоход ямар шалгуур тавигддаг вэ; Ерөнхийлөгч УИХ-ыг тараах санал гаргаж болох уу?” гэдгийг асууж Ажлын хэсгээс хариулт авсан юм.

Өвөрхангай аймгийн Баруунбаян-Улаан сумын есдүгээр багийн иргэн, Ардын Их Хурлын депутат асан Ц.Төмөр-Очир “Зөвхөн Ерөнхий сайдыг “давхар дээл”-тэй байхыг дэмжиж байна. Мөн шүүгчийн насыг нэмж байгааг дэмжихгүй байна. Хуулийн төсөлд УИХ-ын гишүүнд хариуцлага тооцдог зүйл заалтуудыг оруулмаар байна” гэлээ.

Мөн Хайрхандулаан сумын зургаадугаар багийн иргэн С.Болооч “Хуулийн төсөлд төрийн албыг мэргэшсэн, тогтвортой ажиллуулах талаар заалт байхгүй байна. Авлига авсан төрийн албан хаагчдад хариуцлага тооцдог байхыг санал болгож байна” гэлээ.

Өвөрхангай аймгийн Хайрхандулаан сумын ИТХ-ын дарга П.Алтанган “Бусад орнууд Үндсэн хуульдаа нэмэлт, өөрчлөлт оруулахад хэрхэн ажилладаг вэ? Ерөнхий сайдын эрх мэдлийг дөвийлгөсөн хуулийн төсөл байна” гэж байв.

Түүнчлэн Баруунбаян-Улаан сумын Засаг дарга Д.Баатарчулуун багийн Засаг даргыг томилж, сумын Засаг даргыг сумын иргэд сонгодог байхыг, мөн Ерөнхийлөгчийн бүрэн эрхийн хугацааг зургаан жил, Улсын Их Хурлын бүрэн эрхийн хугацааг таван жил байх саналтай байгаагаа хэллээ..

Харин Арвайхээр хотын тавдугаар багийн иргэн Ч.Чинбат “Нутгийн өөрөө удирдах байгууллагыг хуулийн төсөлд ямар нэрээр тусгаж байгаа вэ?” гэсэн асуулт асууж, хариулт авсан юм.

Улсын Их Хурлын даргын 78 дугаар захирамжаар байгуулагдсан Ажлын хэсэг Монгол Улсын Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах асуудлыг долоо хэмжиж, нэг огтлох зарчмын дагуу Монголын нийгэм дэх Үндсэн хуулийн ач холбогдлыг хэвээр хадгалах, Үндсэн хуулийн үндсэн бүтцийг эвдэхгүй, харин улам бэхжүүлэх шаардлагатай гэж үзэж Монгол Улсын Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн төслийг боловсруулаад байгаа юм.

Ийнхүү төсөл хэлэлцүүлэгч багийн Өвөрхангай аймгийн хоёр дахь бүсчилсэн хэлэлцүүлэг амжилттай өндөрлөлөө. Дараагийн хэлэлцүүлэг маргааш (2017.08.14) Өвөрхангай аймгийн Хархорин суманд үргэлжилнэ гэж УИХ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтэс мэдээлэв.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
45945
0 эможи
keyboard_arrow_up