Эдийн засгийн хөгжлийн сайдыг огцруулахгүй
Эдийн засгийн байнгын хорооны өчигдөрийн хуралдаанаар Чөлөөт бүсийн тухай хуулийн шинэчилсэн найруулга болон холбогдох бусад хуулийн төслүүдийн хэлэлцэх эсэх асуудлыг хэлэлцлээ. Төслийн талаар Эдийн засгийн хөгжлийн сайд Н.Батбаяр танилцууллаа.
УИХ-аас “Монгол Улсад эдийн засгийн чөлөөт бүс байгуулах үзэл баримтлал”-ыг 1995 онд, "Чөлөөт бүсийн тухай" хууль болон "Алтанбулаг" худалдааны чөлөөт бүсийн эрх зүйн байдлын тухай хуулийг 2002 онд, "Замын-Үүд" эдийн засгийн чөлөөт бүсийн эрх зүйн байдлын тухай хууль болон "Цагааннуур" худалдааны чөлөөт бүсийн эрх зүйн байдлын тухай хуулийг 2003 онд тус тус батлан гаргаснаас хойш 10 гаруй жил өнгөрчээ.
Энэ хугацаанд чөлөөт бүсүүдийг байгуулах зорилгоор Чөлөөт бүсүүдийн Захирагчийн ажлын албаны бүтэц, орон тоог Засгийн газраас баталж, түүний хэвийн үйл ажиллагааг явуулахад Улсын төсвөөс 6.9 тэрбум төгрөг зарцуулсан байна. Мөн Улсын төсвөөс 31.7 тэрбум төгрөг, гадаадын хөнгөлөлттэй зээлээс 31.3 сая ам доллар тус тус зарцуулж, дэд бүтцийн зураг төсөв, төлөвлөлт, барилга байгууламжийн зарим ажлуудыг хийж байгаа боловч хөрөнгө оруулалтын үр ашиг хангалтгүй байгаа аж.
Түүнчлэн чөлөөт бүсүүдэд хөрөнгө оруулалт хийхээр гадаад дотоодын 86 аж ахуйн нэгж бүртгүүлснээс 3 аж ахуйн нэгж бодит хөрөнгө оруулалт хийж, үйл ажиллагаа эхлүүлэх бэлтгэлээ хангасан байна.
Цаашид чөлөөт бүсийн хөрөнгө оруулалтын үр ашгийг дээшлүүлэх, худалдааны урсгалыг бий болгох, чөлөөт бүсийн үйл ажиллагааг эрчимжүүлэх, хил орчмын худалдаа, эдийн засгийн хамтын ажиллагааг хөгжүүлэх үүднээс олон улсын худалдаа, эдийн засгийн харилцаанд гарч буй өөрчлөлт, шинэчлэлт, чөлөөт бүсийн хөгжлийн орчин үеийн чиг хандлага болон манай улсын онцлог, эрх ашигт нийцүүлэн чөлөөт бүсийн хууль, эрхзүйн орчныг дахин өөрчлөх шаардлага бий болжээ.
2010 онд УИХ-аас Концессын тухай хууль, 2013 онд Хөрөнгө оруулалтын тухай хууль болон Хилийн боомтын тухай хуулийг тус тус батлан гаргасан нь Чөлөөт бүсийн дэд бүтэц, барилга байгууламжийг Төр-хувийн хэвшлийн түншлэлийн замаар барьж байгуулах, чөлөөт бүсэд гадаадын хөрөнгө оруулалтыг татах, тогтворжуулах, олон улсын зэрэглэлтэй боомтын бүсэд чөлөөт бүсийг байгуулж хөгжүүлэх таатай нөхцөлийг бүрдүүлсэн байна.
Дээр дурдсан хууль эрхзүйн орчны шинэчлэлт, чөлөөт бүсийн хөгжлийг түргэтгэх үндсэн шаардлагуудын дагуу Чөлөөт бүсийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг боловсруулжээ.
Төсөлд Чөлөөт бүсийг хэлбэрээр нь ангилсан заалтыг өөрчилж, чөлөөт бүсийг хилийн боомт болон Засгийн газрын санал болгосон тусгай бүс нутагт байгуулж хөгжүүлэх, хил дамнасан чөлөөт бүсийн эрх зүйн орчинг бүрдүүлэх зохицуулалтыг тусгажээ. Мөн Чөлөөт бүсэд Монгол Улсын үндэсний аюулгүй байдалд үл харшлах, олон улсын гэрээний тулгуур зарчим, шаардлагад нийцсэн үйлдвэрлэл, аялал жуулчлал, үйлчилгээ, худалдаа, олон улсын банк санхүү, даатгал, төлбөрт таавар, бооцоот тоглоом, нийгэм, зах зээл, дэд бүтцийн бүх төрлийн үйл ажиллагаа явуулж болохоор тусгасан байна.
Чөлөөт бүсийн удирдлага, менежментийн тогтолцоог боловсронгуй болгож, Чөлөөт бүсийн асуудал эрхэлсэн Төрийн захиргааны төв байгууллагын эрх, үүргийг хуульчилж, Чөлөөт бүсийн Захирагчийн эрх хэмжээг нэмэгдүүлэн, татвар, гааль, шалган нэвтрүүлэх, хөдөлмөр эрхлэлтийг зохицуулах зэрэг үйл ажиллагааны тусгай дэглэмийг хуульчилж өгчээ.
Мөн Чөлөөт бүсэд гадаад болон дотоодын иргэн, аж ахуйн нэгжид газар эзэмших, ашиглах зохицуулалтыг тодорхой болгосон ажээ. Эдийн засгийн байнгын хорооны хуралдаанд оролцсон гишүүдийн олонх хуулийн төслийг хэлэлцэхийг дэмжсэн юм.
Үүний дараа Төрийн болон орон нутгийн өмчийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн хэлэлцэх эсэх асуудлыг хэлэлцэхээр төлөвлөсөн байсан ч асуудал хэлэлцүүлэх ажлын хэсгийн гишүүд хуралдаанд ирээгүйгээс хойшлуулав. Мөн Төрөөс мөнгөний бодлогын талаар 2013 онд баримтлах үндсэн чиглэлийн биелэлт, Улсын Их Хурлын 2013 оны 62 дугаар тогтоолын хэрэгжилтийн талаар Эдийн засгийн байнгын хороонд мэдээлэл хийх Монголбанкны ерөнхийлөгч Үндэсний аюулгүй байдлын хуралд оролцох болсон учир мэдээлэл сонсох асуудлыг долоо хоногоор хойшлууллаа.
Газрын тосны тухай /шинэчилсэн найруулга/ болон холбогдох бусад хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүдийн анхны хэлэлцүүлгийг энэ өдрийн хуралдаанаар хийлээ.
Хуулийн төслүүдийг анхны хэлэлцүүлэгт бэлтгэх үүрэг бүхий ажлын хэсгээс зарчмын зөрүүтэй 35, найруулгын шинжтэй 9 саналын томьёоллыг танилцуулсан бөгөөд санал тус бүрээр санал хураалт явуулан, чуулганы нэгдсэн хуралдаанд танилцуулахаар тогтлоо.
Хуралдаанаар хэлэлцсэн сүүлийн асуудал нь Засгийн газрын гишүүнийг огцруулах тухай байлаа.
УИХ дахь МАН-ын бүлгийн дарга С.Бямбацогт Эдийн засгийн хөгжлийн сайд Н.Батбаярыг огцруулах үндэслэлээ танилцуулсан. Засгийн газрын гишүүнийг огцруулах асуудлыг хэлэлцэж буйтай холбогдуулан асуулт асууж, санал хэлэх гишүүн байсангүй. Ингээд Эдийн засгийн хөгжлийн сайдыг огцруулах эсэх асуудлаар санал хураалт явуулахад хуралдаанд оролцсон 14 гишүүний 13 нь дэмжсэнгүй