Иргэд "Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлт" нэртэй фэйсбүүк хуудсаар саналаа өгөх боломжтой
Улс орон даяар Үндсэн хуулийн нэмэлт өөрчөлтийн талаарх санал асуулга явагдаж байна. Энэ үеэр Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтийн ажлын хэсгийн ахлагч УИХ-ын гишүүн Д.Лүндээжанцан, Г.Занданшатар нар Төрийн ордонд өнөөдөр хэвлэлийн бага хурал хийж, Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтийн санал асуулгын явц, мэдээллийн талаар танилцууллаа.
Ажлын хэсгийн ахлагч Д.Лүндээжанцан “26 жилийн дараа Монгол Улс даяар ямар нэмэлтүүд орох вэ гэдэг асуудлаар ард түмэн хэлэлцэж байна.
Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтийн хэлэлцүүлэгт одоогоор Хэнтий, Дорнод, Сүхбаатар, Баянхонгор, Говь-Алтай, Завхан, Ховд, Өмнөговь аймгийнхан оролцсон байгаа. Энэ нь цаашаа үргэлжлээд бүх сум, багуудад, нийслэлийн бүх хороодод хэлэлцүүлэг явагдах юм.
Ингээд хуулийнхаа хүрээнд бид нэмэлт өөрчлөлтийн төслийг өргөн олон түмнээрээ хэлэлцүүлж байна. Энэ асуудал сүүлийн дөрвөн УИХ дамжиж яригдсан” гэлээ.
Иргэд "Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлт" нэртэй фэйсбүүк хуудсаар дамжуулаж саналаа өгөөрэй. Одоогоор 11 мянга 500 хүн лайк дарсан байна. Энэ хуудсаас та шинээр нэмэгдэж байгаа зүйл заалтын тайлбарыг унших, санал асуулгад оролцох, өөрсдийн саналаа өгөх боломжтой” гэв.