Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн төслийг Баянзүрх дүүрэгт хэлэлцүүлж эхэллээ

2017 оны 8 сарын 11

Монгол Улсын Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн төслийг улс, орон нутгийн хэмжээнд хэлэлцүүлсээр байгаа билээ.

Энэ хүрээнд УИХ-ын Тамгын газар, УИХ-ын НББСШУ-ны байнгын хорооноос зүүн гурван аймаг буюу Хэнтий, Сүхбаатар, Дорнод аймагт төслийг хэлэлцүүлсэн бол өнөөдөр (2017.08.11) Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн төслийг хэлэлцүүлэх ажлыг Нийслэлийн Баянзүрх дүүрэгт эхлүүллээ.

Хэлэлцүүлэг дэгийн дагуу явагдсан бөгөөд төслийн талаарх дэлгэрэнгүй танилцуулгыг УИХ-ын НББСШУ-ны байнгын хорооны Ахлах зөвлөх Л.Лхагвасүрэн хийлээ.

Дараа нь иргэд сонирхсон асуултаа асууж, хариулт авсан юм. Тэдний асуултад Улсын Бага Хурлын гишүүн асан, Үндсэн хууль судлаач Д.Ламжав, УИХ-ын Тамгын газрын Эрх зүйн шинжилгээний албаны Ахлах зөвлөх П.Амаржаргал нар хариулсан.

 

Асуулт, хариултын явсны дараа иргэд саналаа илэрхийллээ. Тухайлбал, баг хорооны Засаг даргыг тухайн дүүрэг, сумын Засаг дарга нар томилох асуудлыг нухацтай авч үзэх, УИХ-ын гишүүдэд хариуцлага тооцох заалтыг боловсронгуй болгох асуудлыг хөндөж байлаа.

Тухайлбал, Баянзүрх дүүргийн иргэн Д.Алтангэрэл “Монголын ард иргэд 27 жил нам дагаж, гэр бүлээрээ, үр хүүхдээрээ талцан суудаг боллоо. Миний гол хүсэх зүйл бол Үндсэн хуульд байгаа намын тухай заалтыг авч хаямаар байна. Монгол хүн гэдэг утгаараа нэг нь нийтийнхээ төлөө ажилладаг асуудлыг шийдмээр байна” гэсэн саналыг хэлж байв.

Мөн энэ үеэр төсөлд тусгаагүй саналыг ч иргэд олноор хэлж байсан бөгөөд тэд саналаа саналын хуудас бөглөхдөө бичиж өгөх боломжтойг Ахлах зөвлөх Л.Лхагвасүрэн хэлсэн юм.

Ийнхүү Монгол Улсын Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн төслийн талаарх хэлэлцүүлэг Нийслэлийн Баянзүрх дүүрэгт эхэлж, энэ сарын 14-нөөс 25-ныг хүртэл тус дүүргийн 28 хороонд төслийн талаарх хэлэлцүүлгийг үргэлжлүүлэн зохион байгуулах юм хэмээн УИХ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
45904
0 эможи
keyboard_arrow_up