Улсын хэмжээнд нийт 1736 эмнэлэг, сувилал үйл ажиллагаа явуулдаг
УИХ-ын Өргөдлийн байнгын хорооны өчигдөрийн хуралдаанаар Эрүүл мэндийн салбарын асуудлаар ирүүлсэн иргэдийн өргөдөлтэй холбогдуулан Эрүүл мэндийн сайд Н.Удвалын мэдээллийг хэлэлцлээ.
Иргэдээс 2013 оноос 2014 онд Улсын Их Хурлын гишүүд болон Өргөдлийн байнгын хороонд ирүүлсэн Эмчилгээний зардал хүрэлцээгүйгээс санхүүгийн тусламж хүссэн өргөдөлд тайлбар, зөвлөлгөө өгөх холбогдох хууль, тогтоомжийн хүрээнд шийдвэрлэх эрх бүхий байгууллага, албан тушаалтанд албан бичгээр уламжлах, иргэнд бичгээр зөвлөлмж хүргүүлэх зэргээр шийдвэрлэсэн байна.
Эмчилгээний зардлын асуудлыг Засгийн газрын 2011 оны 226 дугаар тогтоол, Эрүүл мэндийн сайдын 2013 оны 313 дугаар тушаалаар Зайлгүй шаардлагаар гадаад улсад эмчлүүлэх иргэнд санжүүжилт олгох журамд зааснаар 5 хувийг тусламж болгон олгож байна.
Саналын шинжтэй өргөдөлд дараах асуудлыг хөндсөн байна. Хорт хавдар, мэдрэлийн систем, цус, дархлаа, үе мөч, ясны өвчлөл ихэссэн, иргэдийн эрүүл мэндийн даатгалын системийн тогтолцоо учир дутагдалтай, эрүүл мэндээ хамгаалах, урьдчилан сэргийлэх тал дээр мэдээлэл дутмаг, хууль тогтоомжийн хэрэгжилт хангалттгүй, Улсын эмнэлгүүд өндөр ачаалалтай, хүнд сурталтай, үйлчилгээний чанар, хүртээмжийг нэмэгдүүлэх, эмнэлгүүдийг 50 хувь хувьчлах, хувийн эмнэлэг чанар муутай баталгаагүй эмчилгээ хийж байна, хүнд хэлбэрт шилжсэн өвчтэй иргэдэд тусламж, үйлчилгээ, дэмжлэг хэрэгтэй гэсэн байна.
Иймд албан бичгээр Өргөдлийн байнгын хороонд мэдээлэл хийлгэхээр бэлтгүүлсэн байна.
Эрүүл мэндийн сайд Н.Удвал мэдээллээ Эрүүл мэндийн хяналтын өнөөгийн төлөв байдал, Эмнэлгийн тусламж үйлчилгээтэй холбоотой хууль, тогтоомжийн хэрэгжилт, Хяналт шалгалтын үр дүн, Авсан арга хэмжээ,Цаашид авч хэрэгжүүлэх арга хэмжээний санал гэсэн таван чиглэлээр хийлээ.
Улсын хэмжээнд нийт 1736 эмнэлэг, сувилал үйл ажиллагаа явуулж байгаагаас өрхийн эрүүл мэндийн төв 228, сум, тосгон, сум дундын эмнэлэг 329, нэгдсэн эмнэлэг 26, бүсийн оношилгоо, эмчилгээний төв 5, төв эмнэлэг тусгай мэргэжлийн төв 16, амаржих газар 3, хувийн хэвшлийн ортой эмнэлэг 197, үүдэн эмнэлэг, 822, рашаан сувилал, сувилал 71, бусад эмнэлэг /төмөр зам, хилийн зэрэг, Шүүхийн шийдвэр гүйцэтгэлийн байгууллалын харъяа эмнэлэг г.м/ 31 ажиллаж байна.
Эрүүл мэндийн байгууллагуудад 2013 онд хийсэн эрсдлийн үнэлгээгээр нийт объектийн 33,1 хувь нь бага, 55,1 хувь нь дунд, 11,6 хувь нь их тус тус үнэлэгдсэн.
Хяналтын хуудасны дүнг 2012, 2013 оноор нь харьцуулахад бага эрсдэлтэй объектын тоо 11,6 хувиар буурч, дунд, их эрсдэлтэй үнэлэгдсэн объектын тоо 2,7-9,1 хувиар өссөн үзүүлэлттэй байна. Түүнчлэн хууль тогтоомжийн хэрэгжилт 1,0 хувиар буурч эрсдэл үүсэх магадлал нь 7,0 хувиар өссөн үзүүлэлттэй гарсан байна.
Эрүүл мэндийн тухай хуулийн хэрэгжилт 2012 онд 71,3 хувь, 2013 онд 65,3 хувь, хүлээн авах, яаралтай тусламж болон хүүхдийн тусламж үйлчилгээний чанар аюулгүй байдлыг хангах стандарт удирдамжийн мөрдөлт болон эмнэлгийн бүтэц үйл ажиллагаа, түгээмэл үйлдлийн стандартын хэрэгжилт 74 хувьтай байна.
Эрүүл мэндийн байгууллагуудад илэрч байгаа нийт зөрчлийг багцлан авч үзвэл Эрх зүйн орчин дутмаг, Улсын төсөв, санхүүжилт, Эрүүл мэндийн байгууллагын удирдлага зохион байгуулалт, Хүний нөөцийн хэрэгцээ, хангалт, чадавхи, Эмч, эмнэлгийн мэргэжилтний ёс зүй, хариуцлага, эрх зүйн мэдлэг, Оношилгоо эмчилгээний багаж тоног төхөөрөмжийн хангалт, ашиглалт, хүрэлцээтэй тус холбоотой байна.
Эрүүл мэндийн байгууллагууд нь 115 бүлгийн 2500 орчим өвчний оношоор эрүүл мэндийн даатгалаас санхүүжилт авдаг боловч эрүүл мэндийн тусламж үйлчилгээндээ дөнгөж 435 орчим стандарт, 30 гаруй удирдамж хэрэглэж байгаа нь эрүүл мэндийн баталгаатай тусламж үйлчилгээ үзүүлэх нөхцөл бүрдээгүй байна.
Эрүүл мэндийн тухай хуулийн 15 дугаар зүйлийн 15.1 дэх хэсэгт эрүүл мэндийн тусламж үзүүлэх байгууллагын төрлийн заасан боловч өнөөг зарим төрлийн эмнэлгийн бүтэц, үйл ажиллагааны стандарт батлагдан гараагүй байна.
Эмнэлгүүдийн стандартыг мөрдөн ажиллаж чадахгүй байгаа нь хэрэгцээнд суурилсан санхүүжилтийг хуваарилж чадахгүй, тэгштгэн хуваарилах зарчмаар төвлөрүүлэн хуваарилж байгаагаас хүн хүчний нөөц, барилга байгууламж, шинэчлэл, хангамж, хүрэлцээ хангалтгүй байгаа нь тусламж үйлчилгээний чанарт нөлөөлж байна.
“Эмнэлгийн тоног төхөөрөмжийн хангамж, стандарт, баталгаажуулалт, сургалт, засвар үйлчилгээг зохицуулах төв”-ийн төсөл боловсруулж Эрүүл мэндийн сайдын зөвлөлийн хурлаар хэлэлцэгдэж, “Эмнэлгийн тоног төхөөрөмжийн хангамж, стандарт, баталгаажуулалт, сургалт, засвар үйлчилгээг зохицуулах төв”-ийн төсөл боловсруулж Сайдын зөвлөлөөр хэлэлцэгдэж, Эрүүл мэндийн хөгжлийн төвийн бүтцэд бий болгохоор тушаалын төсөлд оруулаад байна. Шинээр байгуулагдах эмнэлгийн тоног төхөөрөмжийн хяналт тохиргооны төвд нэн шаардлагатай 11 нэр төрлийн хяналтын багаж, тоног төхөөрөмжийг 2014 оны хөрөнгө оруулалтаар авахаар шийдвэрлүүлжээ.
Шалгалтаар илэрсэн зөрчлийг арилгуулахаар нийт 480 байгууллага аж ахуйн нэгжид 5812 заалт бүхий улсын байцаагчдын хамтарсан албан шаардлагаар хугацаатай үүрэг өгч, 1943 зөрчлийг газар дээр нь арилгуулж, 59 байгууллагад 26.567.200 төгрөгийн, 144 албан тушаалтанд 52782.000 төгрөгийн шийтгэвэр ногдуулж, барагдуулсан.
Улсын ахлах байцаагчийн 13 актаар 13 байгууллагын үйл ажиллагааг бүрэн болон хэсэгчлэн түр зогсоосон. Бүх шатлалын эрсдэлтэй үнэлэгдсэн эмнэлгүүдэд хийгдсэн шалгалтаар илэрсэн зөрчлийг арилгуулах зорилгоор Эрүүл мэндийн яаманд 6 удаа, Нийслэлийн Эрүүл мэндийн газарт 4 удаа албан тоотоор, эмнэлгүүдэд улсын байцаагчдын албан шаардлагаар үүрэг өгч ажилласан байна.
Цаашид Төв эмнэлэг, тусгай мэргэжлийн төвүүдэд ашиглагдах хүчин чадалтай суурин дижитал рентген аппарат, эксперт ангиллын ЭХО аппарат, компьютерт томограф /CT/, соронзон резонанст томограф /MRI/ аппаратуудаар хангах. “Эрүүл мэндийн салбарт хэмжлийн нэгдмэл байдлыг хангах” Засгийн газрын 2009 оны 346 дугаар тогтоолыг хэрэгжүүлж, эмнэлгийн оношлогоо, эмчилгээний хэмжих хэрэгсэл, тоног төхөөрөмжид баталгаажуулалт, шалгалт, тохируулга хийхэд шаардлагатай лабораторуудыг бий болгох арга хэмжээний санал, зорилт тавьжээ.
Мэдээлэлтэй холбогдуулан Улсын Их Хурлын гишүүн О.Содбилэг, Ч.Хүрэлбаатар, Д.Сарангэрэл, Д.Сумъябазар, З.Баянсэлэнгэ, Ж.Батзандан нар асуулт асууж, хариулт авлаа.
Улсын Их Хурлын гишүүн Д.Сарангэрэл, Ж.Батзандан анхан шатны эмнэлэгт дадлага туршлагатай эмч ажиллуулах, Сайд нарын 2 дугаар эмнэлгийн статусыг эргэн харж, иргэдэд чөлөөтэй үйлчлүүлж байх саналуудыг гаргалаа.
Дараа нь Засгийн газрын 2014оны 6 дугаар сарын 13-ны өдөр өргөн мэдүүлсэн Зөвшөөрлийн тухай болон холбогдох бусад хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүдийг маргаашийн Төрийн байгуулалтын байнгын хорооны хуралдаанаар хамт хэлэлцэхээр түр хойшлууллаа.
Ингээд Ашигт малтмалын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай болон Ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрлийг шинээр олгохыг хориглох тухай хуулийг хүчингүй болсонд тооцох тухай хуулийг хэлэлцлээ. Хууль зөрчиж олгосон гэж үзэн шүүхийн шийдвэрээр хүчингүй болсон ашигт малтмалын 106 тусгай зөвшөөрөлтэй холбоотой асуудлыг шийдвэрлэх боломжтой болохыг Улсын Их Хурлын гишүүн С. Одонтуяа танилцууллаа. Байнгын хорооны гишүүдийн дийлэнх олонх хэлэлцэхийг дэмжлээ.