Б.Гарамгайбаатар: Газрыг зөвхөн төр эзэмшинэ, бусад нь ашиглана

2014 оны 6 сарын 17

Байнгын хороо Газрын тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг хийж чадалгүй гацаанд орчихоод байгаа. Учир нь УИХ дахь намын бүлгүүд Газрын тухай  хуулийн төслөөр завсарлага авч, бүлэг дээр нэгдсэн байр суурьт хүрэхээр хэлэлцээд одоог хүртэл нэгдсэн байр сууринд хүрч чадахгүй байгаа юм.

Гэтэл өнөөдөр УИХ-ын гишүүн Ё.Отгонбаяр цахим хуудсандаа Газрын тухай хуулийн төслийн талаар “Газрын тухай  шинэчилсэн хуулийн найруулгын дагуу Монгол Улсад байнга /183 хоногоос дээш хугацаагаар/ гадаадын иргэн, харьяалалгүй хүнд Гэр бүлийн хамтын хэрэгцээнд газар өмчлүүлнэ” гэсэн заалт орсон байна” хэмээн жиргэжээ.

Үүнтэй холбогдуулан Эдийн засгийн байнгын хорооны дарга, Газрын тухай хуулийн ажлын хэсгийн ахлагч Б.Гарамгайбаатар дараах тайлбарыг хийлээ

Сүүлийн үед Газрын тухай хуулиар улс төр явагдаж байна. Газрын тухай хуулийн улс төрийн талбар дээр намууд өрсөлдөж байгаа. Тиймээс өөрсдийн байр сууринаас улс төр хийхийг хориглохгүй. Гэхдээ үнэн бодит мэдээллийг ард иргэдэд өгөхгүй байгаа нь харамсал төрүүлж байна. Өнөөдөр би Газрын тухай хуулийн ажлын хэсгийг ахлаад жил гаруй болж байна. Энэ хууль урт хугацаагаар хэлэлцэгдэж байгаа. Гурав дахь парламентын үедээ урт хугацаагаар ажиллаж байна. УИХ-ын бүтцийн байгууллагууд энэ хуулийн төсөл дээр ажилладаг.  Улс төрийн нэлээн олон асуудал дагуулсан том хууль учир олон талаас нь нухацтай үзэж байна. Өмчлөх гэдэг асуудлыг Монгол Улсын Үндсэн  хууль, Иргэний хуульд тодорхой заасан байдаг. Өргөн баригдсан хууль холбогдох хуулиудыг огт зөрчөөгүй. Монгол Улсын иргэн 0,07-05 га газрыг  үнэ төлбөргүйгээр нэг удаа өмчлөх эрхтэй. Үүнийг Монгол Улсын Үндсэн хууль, Иргэний хуулинд тодорхой заасан. Үүнээс өөр ямар нэг өмчлөлийн асуудал Газрын тухай хуулин дээр хэлэлцэгдээгүй байгаа. УИХ-ын ажлын хэсгийн эцсийн хувилбараар “Газар бол төрийн өмч. Монгол Улсын төрийн төсөвт байгууллага л эзэмшиж болно. Гэхдээ үйл ажиллагаа явагдах тодорхой чиглэл хугацаагаар гэрээ байгуулна.”  гэж оруулж байна, хуулийн төсөлд.  Өөр эзэмших тухай заалт байхгүй. Ашиглах гэдэг дээр Монгол Улсын иргэн, Монгол Улсын хуулийн этгээд ашиглаж болно. Гэхдээ “тодорхой үйл ажиллагаа явуулах зураг төсөлтэй  гэрээг аймаг, нийслэлийн Засаг дарга хийж, ашиглана” гэсэн заалт байгаа. Гэрээн дээр нөхцөл шаардлагууд тодорхой тусгагдана. Мөн “Монгол Улсын иргэн газрыг оршин суух зориулалтаар ашиглаж болно” гэсэн заалт байгаа. Үүний шийдвэр, гэрээр сум, дүүргийн Засаг дарга нар шийдвэр гаргана.  Гадаадын иргэн, харьяалалгүй хүмүүс Монгол Улсад оршин суух зорилгоор мөн ашиглаж болно.  “Гадаадын хуулийн этгээд тодорхой үйл ажиллагаа явуулах эрхтэйгээр мөн ашиглаж болно” гэсэн заалт байгаа. Тухайн ашиглах газар дээр зураг төсөл нь байх юм.  Гадаадын хөрөнгө оруулалтай аж ахуйн нэгж мөн газар ашиглаж болно. Гэрээнд заагдсан зориулалтаар л ашиглана. Өмчлөх, эзэмших эрх байхгүй. Тодорхой хугацаатай. Энэ бүгдийг газрын биржээр дамжуулж ашиглах юм.

Газрын бирж өнөөдрийг хүртэл ажиллаагүй. Өмнөх хууль дээр Газрын биржийн талаар тодорхой заалт байсан. Газрын бирж ажиллах журам батлагдаагүй байсан. Одоо бид журам боловсруулж, Газрын биржийг ажиллагаанд оруулна. Газрын тухай хуулиар бүгдийг зохицуулна.

Монгол Улсын Засгийн газраас 2013 оны нэгдүгээр сарын 13-ны өдөр өргөн мэдүүлсэн Газрын тухай багц хуулийн төсөлд өнөөдрийг хүртэл хэлэлцүүлэг хийж байна. 2013 оны гуравдугаар  сарын 10-ны өдөр яам, тамгын газрын холбогдох албан тушаалтан, МУИС, ХААИС-ын багш, эрдэмтэн, судлаачид, төрийн бус байгууллага, иргэдийн төлөөлөл оролцуулсан өргөн хэлэлцүүлэг явуулсан. Энэ хэлэлцүүлгээр оролцогсод өөрсдийн санал, сэтгэгдлээ өгсөн. Өргөн барьсан Газрын тухай хуулийн нэр томъёогоор хэлэлцүүлэг  өнгөрсөн оны дөрөвдугаар сард явуулсан.  Энэ хэлэлцүүлгээр  багш, оюутан, эрдэмтэн, газрын тухай холбогдох хууль хяналт, өмгөөлөл, шүүхийн байгууллагаас төлөөлөл оролцсон. Олон улсад газартай холбоотой асуудлаар ямар нэр томъёо хэрэглэдэг талаар санал бодлоо солилцсон юм. Газартай холбоотой шүүх, өмгөөлөл маргааны талаар ярилцсан. Нэлээн ач холбогдолтой хэлэлцүүлэг болсон. Мөн хөдөө аж ахуйн газрын эрхзүйн зохицуулалт хэлэлцүүлгийг энэ оны дөрөвдүгээр сарын 17-нд  явуулсан. Үүнд ҮАБЗ, Үндэсний шинэтгэлийн хороо, Уул уурхайн яам, ҮХААЯ, Газрын харилцаа, геодиз, зурагзүйн газар, АМГ, шүүх, МУИС зэрэг байгууллагуудаас холбогдох албан тушаалтан, мэргэжилтэн оролцож, санал бодлоо солилцсон. Үүний дараагаар бид эрчимжсэн мал аж ахуйн асуудлаар хэлэлцүүлэг явуулсан. Үүгээр эрчимжсэн мал аж ахуй, тариалан эрхлэгч аж ахуйн нэгж, энэ чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг төрийн бус байгууллага, нийслэлийн Хан-Уул, Налайх, Сонгинохайрхан дүүрэг, Булган, Сэлэнгэ, Төв аймаг зэрэг аймгуудаас малчид, тариаланчдын төлөөллийг авчирч, санал солилцлоо. Дараагаар нь бид тавдугаар сарын 13-нд АНУ-ын Газар ашиглалт, хамгаалалт, түүнд тавих хяналт, эрх зүйн орчныг ямар байгааг туршлага судлалж ярилцсан. Энэ хэлэлцүүлэгт төрийн байгууллага, яам тамгын газар, энэ чиглэлээр судалгаа явуулдаг мэргэжилтнүүд оролцсон. Газрын багц хуулийн төсөлд хэлэлцүүлэг явуулсны дараа иргэдээс захидал, өргөдөл, цахим хаягаар 194 санал ирүүлсэн. Эдгээр саналуудыг бид багцлаад томъёолол бэлтгээд ажлын хэсэг өнөөдрийг хүртэл ажиллаж байна. Энэ чиглэлээр хэвлэл мэдээллийн сэтгүүлчид надаас ярилцлага өгөхийг хүсдэг. Гэвч байнгын хороогоор орж хэлэлцүүлээгүй байгаа асуудалд өөрийн байр сууринаас хандаж хэлэх нь зохимжгүй гэж үзсэн. Байнгын хорооны хуралдаанаар анхны хэлэлцүүлэг явуулсны дараагаар хэвлэл мэдээллийн байгууллагад мэдээлэл өгөх боломж бүрдэх байх гэсэн зарчмыг барьж ажилласан. Хамгийн гол нь өнөөдрийг хүртэлх хугацаанд улс төр хийх гэсэн хүчнүүд өөрсдийн зүгээс ард иргэдийн санаа бодлыг үймүүлсэн янз бүрийн мэдээлэл өгсөн. Өнөөдрийг хүртэл бид хүлээцсэн хандсан. Цаашдаа хариуг нь дор бүр нь өгч байхаар боллоо. УИХ-ын Хүнс, хөдөө аж ахуйн байнгын хорооноос байгуулагдсан ажлын хэсэгт бүх намуудын төлөөлөл байгаа. Ажлын хэсэг 19 гишүүний бүрэлдэхүүнтэй. Харамсалтай нь энэ бүх төлөөлөл ач холбогдол бүхий хуулийн төсөл дээр чин сэтгэлээсээ ажиллаж чадаагүй. Тийм учраас байнгын хороод дахин хуралдаж бүрэлдэхүүний тоог цөөлсөн. Өнөөдрийг хүртэл УИХ дахь МАН-ын бүлгийн шийдвэр нэгдсэн байдлаар гараагүй байгаа. Гишүүдийнх нь дунд олон үзэл бодлын зөрүү байгаа учраас нэгдсэн байр суурьт хүрч чадахгүй байна гэсэн. Өнгөрсөн баасан гаригт УИХ-ын даргын дэргэдэх зөвлөл дээр МАН-ын бүлэг хэд хэдэн асуудал дээр нэгдсэн байр суурьт хүрч чадахгүй байгаагаа албан ёсоор хэлсэн. Бие даагч нараа С.Ганбаатар гишүүн энэ хуулийн төсөлтэй холбогдуулан эрдэмтэд, холбогдох байгууллагуудын төлөөлөлтэй уулзуулсан. Ганбаатар гишүүний саналыг бид хүлээж аваад, тэдэнтэй ярилцсан. Энэ хуулийн төсөлд хүнд хандсан чиглэсэн ямар нэг асуудал байхгүй гэдгийг хүлээн зөвшөөрсөн. Харамсалтай нь бие даагчид, МАН-ын бүлгийн гишүүд хувь улстөрчийн зүгээс ард олонд таалагдахын тулд уг хуулийн төслийг мушгин гуйвуулж байгаа үзэгдэл явж байна.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
4565
0 эможи
keyboard_arrow_up