Ё.Отгонбаяр: Гадаадын этгээдэд 100 жилээр газар өмчлөх эрхийг нь нээлээ гэсэн үг
УИХ-ын гишүүн Ё.Отгонбаяр Газрын тухай хуулийн төсөлд гадаадын иргэнд газрыг өмчлөхөөр тусгасан талаар твиттертээ жиргэсэн байсан. АН-ын бүлгийн дарга Д.Эрдэнэбат гишүүн Ё.Отгонбаярыг нийгэмд буруу мэдээлэл цацлаа, хариуцлага тооцоно хэмээн хариу мэдээлэл хийсэн билээ. Үүнтэй холбогдуулан УИХ-ын гишүүн Ё.Отгонбаяр дараах тайлбарыг хийлээ.
Би АН-ын бүлгийн даргыг албан ёсоор уучлал гуйх ёстой гэж үзэж байна. Газрын тухай хуулиар гадаадын иргэн, аж ахуйн нэгжид газрыг таван жилээр ашиглуулж, таван жилээр сунгах заалттай байсан. Гэтэл өнөөдрийн өргөн барьсан хуульд гадаадын хөрөнгө оруулалтай аж ахуйн нэгжид газар эзэмших эрхийг худалдаад эрх болгожээ. Уг эзэмших эрх нь 60 жил, дээр нь 40 жилээр сунгана гэхээр 100 жил эзэмших болоод байна. Эзэмших эрхийг үндсэндээ өмчлөх эрх болгоод хувиргажээ. Хуулийн зохицуулалтад газар өмчлөх гэдгийг “тухайн газрыг захиран зарцуулах эрхтэйгээр хуулиар зөвшөөрсөн хүрээнд өөрийн мэдэлд байлгахыг хэлнэ” гэж зохицуулсан. Эзэмших гэдгийг “Гэрээнд заасан нөхцөл, болзлын дагуу хуульд заасан хүрээнд өөрийн мэдэлд байлгахыг хэлнэ” гэсэн. Энэ хуулийн 27 дугаар зүйл дээр газар эзэмшүүлэх шийдвэр гаргасан этгээдийн зөвшөөрөлтэйгөөр бусдад шилжүүлэх, барьцаалах, эрхийг нь нээгээд өгчээ. Энэ нь захиран зарцуулах эрхтэй адилхан 100 жилээр газар өмчлөх эрхийг нь нээгдсэн гэсэн үг. Дээр нь гадаадын хуулийн этгээдэд газар эзэмших эрхийг нь төрөл бүрийн аргаар нээгээд өгчээ. Дуудлага худалдаагаар, концессийн зарчмаар зэрэг заалт оржээ. Тийм болохоор энэ хуулийг батлуулахаар яаравчлаад байгааг ойлгохгүй байна.
Хуулийн төслийн 15.5-д “Гадаадын хөрөнгө оруулалттай аж ахуйн нэгжид газар эзэмших эрхийг нь дуудлага худалдаагаар олгоно”. 23.2-т Ашигт малтмал, газрын тос, байгалийн хий ашиглах зориулалтаар газар эзэмшүүлэх шийдвэрийг аймаг, нийслэлийн Засаг дарга гаргана”. 24-т “Концессийн зориулалтаар газар эзэмшүүлэх эрхийг олгоно” гээд тус тус заажээ. Дээр нь газрын дуудлага худалдаагаар олсон орлогын 70 хувийг орон нутаг үлдээхээр заажээ. Энэ нь орон нутгийн Засаг дарга нарыг газраа сонирхлыг бий болгож байгаа юм. Ашигт малтмал, газрын тос зэрэг уул уурхайн компаниудад дийлэнхдээ 100 хувийн гадаадын хөрөнгө оруулалттай компани байдаг. Энэ заалтуудыг дэмжихгүй байгаа.
Бэлчээрийн газрыг өмчлүүлэх гэж байгаа бол малчдаас асуух ёстой. Манай Булган аймаг хангай. Газар, бэлчээрийн хувьд ч гэсэн боломжтой. Гэтэл уулзсан малчин бүр “бэлчээрийг эзэмшүүлж болохгүй шүү. Хэрвээ эзэмшүүлвэл малчдын хооронд буудалцаан болно” гэж сануулж байна. Үндсэн хуулийг зөрчсөн хуулийн төсөл өргөн барьчихаад, үзэл бодлоо хэлсэн хүнийг хариуцлага тооцно” гэсэн арга хэлбэрт Монгол Улс шилжиж болохгүй.