УИХ ХЯНАН ШАЛГАХ ТҮР ХОРОО БАЙГУУЛАХ УУ?
Монгол Улсын Үндсэн хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөлд УИХ-ын харьяанд Хянан шалгах түр хороо байгуулахаар заажээ.
Улс орнууд төрийн өндөр дээд албан тушаалтнуудынхаа сахилга, хариуцлагыг хянаж, шалгахын тулд Үндсэн хуульдаа Мөрдөн шалгах хороо ажиллана гэж заасан байдаг аж. Энэхүү институци нь парламентдаа харьяалагддаг. Одоогийн байдлаар парламентын засаглалтай орнуудаас 76 нь дээрх хороог байгуулжээ.
Монгол Улсын Үндсэн хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөлд Мөрдөн шалгах хороо бус Хянан шалгах түр хороо ажиллахаар заасан нь олон улсад мөрдөгддөг институцтэй харьцуулахад зорилгыг бүдэгрүүлэв үү гэх хардлага байна.
Гэхдээ Олон улсын парламентын холбооноос УИХ-д “Хяналт шалгалтын түр хороо байгуулах нь төрийн хариуцлагыг бэхжүүлдэг сайн талтай” гэх зөвлөмжийг өгсөн. Мөн УИХ хууль хяналтын байгууллагын өмнүүр орж, ялын проткол уншиж байхгүйн тулд Хянан шалгах түр хороо байгуулах нь зөв гэж үзэн дээрх заалтыг төсөлд тусгасан ч гэх мэдээлэл байна.
Монгол Улсын Үндсэн хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг боловсруулсан нэр бүхий гишүүний тайлбараар бол Засгийн газарт тавих хяналтыг чангатгахад Хяналт шалгалтын түр хороо онцгой үүрэг гүйцэтгэх аж.
Дээрх нэмэлт өөрчлөлтийн төсөлд Ерөнхий сайдын эрх мэдлийг өргөжүүлж өгөхөөр болоод байгаа. Парламентаа ч тарааж мэдэх эрхтэй байх Ерөнхий сайдыг Засгийн газартай нь атгаж байхын тулд УИХ дэргэдээ дээрх институцыг байгуулах далд санаа агуулав уу гэж харж болохоор байгаа юм.
Монгол Улсын УИХ-ын сонгуулийн цикл дөрвөн жилээр хэмжигддэг. Сонгуульд олонх болсон улс төрийн хүчин нь шинэ парламент, шинэ Засгийн газрыг байгуулангуутаа өмнөх эрх баригч хүчнийхээ хэрэгжүүлсэн бодлогыг хянаж, шалгах ажлыг хүчтэй явуулдаг болсон. УИХ Засгийн газрынхаа ажлыг ч хүчтэй хянаж байгаа. Үүний илрэл нь өнгөрсөн хавар Засгийн газрын хэд, хэдэн сайд концессын гэрээ нэрийн дор өөрсдийн компанийнхаа эрх ашгийг хангасан шийдвэрүүд гаргасныг УИХ дахь МАН-ын бүлгээс байгуулагдсан ажлын хэсэг тогтоосон. Байнгын хорооноос ажлын хэсэг гаргаад өндөр авахуулах боломж байсан ч Ерөнхийлөгчийн сонгуульд оноо алдахаас сэргийлж, зогсоосон.
Тодруулж хэлбэл, хүчин төгөлдөр үйлчилж байгаа өнөөдрийн хуулиар УИХ-ын харьяанд Хяналт шалгалтын түр хороо ажилладаггүй ч байнгын хороодыг хуралдуулаад аль ч төрийн байгууллагад хяналт шалгалт хийх ажлын хэсгийг байгуулж, ажиллуулах эрх дарх УИХ-д бүрэн байгаа.
Ийм байхад бас нэгэн бүтэц УИХ-ын дэргэд ажиллах шаардлага бий гэж үү гэдэг асуудал хөндөгдөж буй юм.
Үндсэн хуульд оруулах нэмэлт өөрчлөлтийн төсөлд зааснаар Хянан шалгах түр хороог байгуулах шийдвэрийг УИХ-ын нийт гишүүний дөрөвний нэгээс доошгүй нь болон УИХ дахь нам, эвслийн бүлэг уг хороог байгуулах тухай саналыг албан ёсоор тавих ёстой. Энэ тохиолдолд УИХ дахь олонх, цөөнхийн бүлгийн тэгш төлөөлөлтэйгээр УИХ-ын дарга түр хороог байгуулна хэмээн заажээ.
Харин энэ хорооны дарга нь цөөнхийн төлөөллөөс тавигдах уу, олонхийн төлөөллөөс томилох уу гэдгийг нарийвчлан заагаагүй байгаа юм. Иймээс Үндсэн хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай асуудал УИХ-аар хэлэлцэгдэж эхлэхэд эл асуудлыг нарийвчлах бололтой.