Тамгын газрын дотоод албан хэргийн харилцаанд оролцохгүй байхыг хүслээ

2017 оны 7 сарын 26

Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга З.Энхболд УИХ-ын дарга М.Энхболдод зарим Элчин сайдуудыг эгүүлэн татах асуудлаар зөвшилцөхөөр энэ долдугаар сарын 19-ний өдөр  албан бичиг хүргүүлсэн билээ. Уг албан бичигт УИХ-ын Тамгын газрын Ерөнхий нарийн бичгийн дарга Ц.Цолмон долдугаар сарын 20-нд хариу бичиг өгөөд байсан юм.

Тэгвэл өнөөдөр Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга З.Энхболд УИХ-ын Тамгын газрын Ерөнхий нарийн бичгийн дарга Ц.Цолмонгийн ирүүлсэн бичигт хариу бичиг өгөв.

Хариу өгөх тухай уг албан бичигт:

“Таны 2017 оны 7 дугаар сарын 20-ны өдрийн 14/1334 тоот “Хариу өгөх тухай” албан бичигтэй танилцлаа.

Монгол Улсын Үндсэн хуулийн Гучин гуравдугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Монгол Улсаас гадаад улсад суух бүрэн эрхт төлөөлөгчийн газрын тэргүүнийг Улсын Их Хуралтай зөвшилцөн томилох буюу эгүүлэн татах” үндсэн бүрэн эрх нь Монгол Улсын Ерөнхийлөгчийн хэнтэй ч хуваалцахгүй үндсэн бүрэн эрх мөн. Энэхүү бүрэн эрхийг Ерөнхийлөгч Монгол Улсын хууль тогтоомжид нийцүүлэн аливаа хязгаарлалтгүйгээр хэрэгжүүлнэ.

Монгол Улсын Засгийн газрын тухай хуулийн 15 дугаар зүйлийн 4 дэх хэсгээр “Монгол Улсаас гадаад улсад суух бүрэн эрхт төлөөлөгчийн газрын тэргүүнийг томилох, эгүүлэн татах саналыг Ерөнхийлөгчид өргөн мэдүүлэх” эрхийг Засгийн газарт олгосон боловч энэ нь Монгол Улсын Ерөнхийлөгчид Монгол Улсын Үндсэн хуулиар олгогдсон үндсэн бүрэн эрхийг Засгийн газарт шилжүүлсэн зохицуулалт биш болно. Үндсэн хуулиар олгогдсон үндсэн бүрэн эрхийг бусад хуулиар хязгаарлах боломж үгүй бөгөөд энэхүү заалтыг ийнхүү явцууруулан тайлбарлах нь Үндсэн хуулийн зөрчилд хүргэж байна.

Энэхүү заалт нь Засгийн газарт төрийн гадаад бодлогыг хэрэгжүүлэгчийнх нь хувьд элчин сайдыг томилох, эгүүлэн татах асуудлаар Монгол Улсын Ерөнхийлөгчид санал болгох эрхийг олгож буй эрх зүйн зохицуулалт мөн. Иймд зөвхөн Засгийн газрын санал болгосноор томилох, эгүүлэн татах асуудлыг Монгол Улсын Ерөнхийлөгч Улсын Их Хуралтай зөвшилцөнө гэж ойлгож хэрэглэх нь Монгол Улсын Үндсэн хуулийг ойлгоогүй, Ерөнхийлөгчийн бүрэн эрхийг хууль бусаар хязгаарласан хэрэг гэж үзэхээс өөр аргагүй байна.

Монгол Улсын Үндсэн хуулийн Гучин наймдугаар зүйлийн 2 дахь хэсэгт Засгийн газрын үндсэн бүрэн эрх дотор “Монгол Улсаас гадаад улсад суух бүрэн эрхт төлөөлөгчийн газрын тэргүүнийг томилох, эгүүлэн татах саналыг Ерөнхийлөгчид өргөн мэдүүлэх” тухай ямар нэг зохицуулалт тусгагдаагүй. Засгийн газрын өргөн мэдүүлсэн Монгол Улсаас гадаад улсад суух бүрэн эрхт төлөөлөгчийн газрын тэргүүнийг томилох, эгүүлэн татах саналыг Ерөнхийлөгч зөвшөөрч түүнийг Улсын Их Хуралтай зөвшилцөх боломжтой бөгөөд үүний нэгэн адил Засгийн газрын өргөн мэдүүлсэн саналыг эс зөвшөөрөх, эсхүл Засгийн газрын өргөн мэдүүлэхийг хүлээлгүйгээр Улсын Их Хуралтай зөвшилцөх эрхийг Монгол Улсын Үндсэн хуулиар түүнд олгосон болно.

Монгол Улсын Ерөнхийлөгчийн даалгаснаар Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга З.Энхболд би зөвшилцөх хүсэлтийг хүргүүлсэн бөгөөд тус Тамгын газрын дотоод албан хэргийн харилцаанд оролцохгүй байхыг танаас хүсч байна” гэжээ.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
45342
0 эможи
keyboard_arrow_up