Олон нийтийн хэлэлцүүлэг зохион байгуулах сургагч багш бэлтгэх сургалт болж байна
Монгол Улсын Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах асуудлаар явуулсан Анхдугаар зөвлөлдөх санал асуулгын зөвлөмжийн дагуу Ажлын хэсгээс боловсруулсан төслийг олон нийтээр хэлэлцүүлэхээр болсон билээ.
Олон нийтийн хэлэлцүүлэг гурван үе шаттай явагдах бөгөөд эхний шатанд УИХ-ын Тамгын газраас аймаг орон нутагт бүсчилсэн сургалт явуулж, Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах төслийн талаар танилцуулж, сургагч багш нарыг бэлтгэх юм.
Энэ ажлын хүрээнд УИХ-ын Төрийн байгуулалтын байнгын хорооноос өнөөдөр (2017.07.20) сургагч багш бэлтгэх цахим сургалтыг зохион байгуулж байна.
Уг сургалтыг УИХ-ын гишүүн Д.Лүндээжанцан, Л.Болд, Д.Тогтохсүрэн, Зөвлөлдөх зөвлөлийн дарга, Улсын Бага Хурлын гишүүн асан, Үндсэн хууль судлаач Д.Ламжав нар удирдаж яам, агентлаг, төрийн захиргааны байгууллагуудын төлөөлөл, УИХ-ын Тамгын газрын ажилтнууд хамрагдав. Түүнчлэн Монгол Улсын 21 аймгийн засаг захиргааны байгууллагуудын төлөөлөлтэй цахимаар шууд холбогдон мэдээллээр хангасан юм.
УИХ-ын гишүүн Д.Лүндээжанцан сургалтыг нээж, Монгол Улсын Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн төслийн талаар дэлгэрэнгүй танилцуулга хийсэн бөгөөд сургалтад хамрагдаж буй нийт хүмүүст хандан олон нийтийн хэлэлцүүлгийг идэвхтэй зохион байгуулахыг уриалав.
Энэ удаагийн сургалтаар Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах төсөлд тусгагдсан бүлэг асуудал тус бүрийн талаар танилцуулга хийсэн бөгөөд нэгдүгээр бүлэг буюу Монгол Улсын Их Хурлын сонгуулийн тогтолцоо, Улсын Их Хурлыг тараах, төсвийн зардлын шинэ төрөл үүсгэх, зарлага нэмэгдүүлэхийг хориглох, Улсын Их Хурлыг хяналтын бүрэн эрхээ хэрэгжүүлэхэд нь дэмжлэг үзүүлж ажиллах төрийн хяналтын байгууллагын тухай зэрэг асуудал төсөлд хэрхэн тусгагдсан талаар УИХ-ын гишүүн Д.Лүндээжанцан танилцууллаа.
Хоёрдугаар бүлэгт Монгол Улсын Ерөнхийлөгч, гуравдугаар бүлэгт Засгийн газар, дөрөвдүгээр бүлэгт Шүүх эрх мэдэл, тавдугаар бүлэгт Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тогтолцоонд оруулах өөрчлөлтийн асуудлууд тусгагджээ.
Сургалтын төгсгөлд Монгол Улсын Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах төслийг иргэдээр хэлэлцүүлэх арга зүйн асуудлаар УИХ-ын гишүүн, Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга, Монгол Улсын сайд Ж.Мөнхбат танилцуулга хийнэ.
Бэлтгэгдсэн сургагч багш нар нь сум, баг бүрт хэлэлцүүлгийн хоёр, гуравдугаар үе шатыг зохион байгуулна гэж УИХ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтэс мэдээлэв.