З.Энхболд, С.Баярцогт нар төрөлх сургуульдаа зочлов
Улсын Их Хурлын дарга З.Энхболд, Улсын Их Хурлын гишүүн С.Баярцогт нар Сэлэнгэ аймгийн Сүхбаатар хотын Бумцэндийн нэрэмжит 1 дүгээр дунд сургуулийн 30 жилийн ойн арга хэмжээнд оролцож, Ардын хувьсгалын партизан, Улсын Бага Хурлын анхны дарга Гончигийн Бумцэндийн хөшөөнд цэцэг өргөж хүндэтгэл үзүүлэв.
УИХ-ын дарга З.Энхболд ойн арга хэмжээнд оролцож үг хэлэв
Тус сургуулийн захирал Ц.Рэнцэнноров Г.Бумцэндийн нэрэмжит 1 дүгээр сургуулийг 1984 онд төгсөгчдийн нэг юм. Тэрээр ойн арга хэмжээг нээж хэлсэн үгэндээ, “Намар намрын алтан өнгөөр эрдмийн замналаа гараалж, хавар хаврын яргуйн дэлгэрээгээр 1984 онд бид сургуулиа төгсөж баяр хөөр, хөнгөн гуниг хосолсон 18 насаа үдэж зүг бүрт зорилгоо биелүүлэхээр жигүүрлэн явсан бол өдгөө 30 жилийг ардаа үджээ. Төгсөгч та бүхэн төрөлх сургуулийнхаа нэрийн хуудас болж, ололт амжилтын эзэд нь байж улс орны бүхий л салбарт амжилттай ажиллаж, амьдарч байгаад сургуулийн хамт олон чинь сэтгэл дүүрэн харж бахдаж байдаг “ гэсэн юм.
Мөн Улсын Их Хурлын дарга З.Энхболд , “ 1984 онд таван бүлгийн 176 охид хөвгүүд сургуулиа төгсөж тал тал тийш нисэн одсон нь саяхан боловч олон жилийг ардаа орхижээ. Бидний дундаас ажил үйлсээрээ шалгарсан олон сайхан хүмүүс төрөн гарсан. Бид эрхэм багш нараараа, Ардын Бага Хурлын анхны дарга Г.Бумцэндийн нэрэмжит сургууль төгссөнөөрөө бахархаж байна гээд, сургуулийн хамт олон, үе үеийн төгсөгч нарт аз жаргал, эрүүл энх, сайн сайхан бүхнийг хүсэн ерөөе” гэлээ.
УИХ-ын гишүүн С.Баярцогт ахмад багш Ш.Баасанд хүндэтгэл үзүүлж буй нь
1984 онд Г.Бумцэндийн нэрэмжит 1 дүгээр сургуулийн захирлаар ажиллаж байсан Монгол Улсын гавъяат багш Л.Дорждамба, “ 30 жил гэдэг бол түүхийн хугацаанд богино мэт боловч жаран гэж заншсан Монгол түмний заншлаар бол нэгэн жарны талыг элээсэн хугацаа юм. 1984 оны төгсөгчид сургууль төгсөхдөө л дуулиан шуугиан тарьж байсан. Тэр жил ОХУ-д суралцах 22 хуваарь ирэхэд орос хэлний нэг л хуваарийг Ерөөгийн хүүхэд аваад бусад 21 хуваарийг манай сургууль дангаараа авч байсан. Энэ нь 1984 оны төгсөгчид тухайн үед цахиур хагалж байсны нэг жишээ гэж хэлж болно. Ардын Бага Хурлын дарга Г.Бумцэнд гуайг залгамжилж Улсын Их Хурлын дарга З.Энхболд , Улсын Бага Хурлын даргын албыг хашиж байсан Улсын Их Хурлын гишүүн С.Баярцогт, доктор Р.Цолмон, Т.Бат-Өлзий гээд сургууль төгсөгчид маань бүгд амжилт бүтээлээр дүүрэн сайн сайхан ажиллаж амьдарч явна “хэмээн тэднээр бахархаж буйгаа хэлж байлаа.