“Женко” Х.Баттулга: Арай гайгүй нь С.Баяр байж
УИХ-ын гишүүн Х.Баттулгатай ярилцлаа.
-Тантай би УИХ-ын гишүүний чинь хувьд ярилцаж байгаагүй юм байна. Тэгэхээр энэ удаа нүүрс, төмөр, Сайншандын тухай бараг асуухгүй, мал аж ахуй, ноос ноолуурын тухай огт ярихгүй. Харин Михайлд нэг бодол бий гэдэг шиг таны дотор явдаг бодлоос ярилцлагаа эхлэх гэсэн юм. Жишээ нь, сайдаас чөлөөлөгдөх өргөдлөө өгснөөр таны энэ парламентын үеийн улстөрийн карьер дуусч байна гэж зарим хүн хэлж байхад харин ч эхэлж байна, одоо бужигнуулж өгнө дөө гэж харах хүн ч байна.
- Нэгд, би улстөрд олон жил явж, УИХ-д хэд хэдэн удаа сонгогдохдоо бужигнуулдаг, эсвэл хүн хоорондын харилцааны улстөр ерөөсөө хийж явсан удаагүй. Тэгэхээр сайдаас чөлөөлөгдлөө гээд миний улстөрд баримталдаг зарчимд өөрчлөлт орохгүй. Харин байр суурийн ялгаа бол гарч таарна. Тэдгээрийн нэг нь чиний асуудгаар “одоо л өөрчлөгдөх болов уу” гэж олон жил найдаж хүлээгээд, эхнээсээ хад мөргөж буй дотор бодлуудаа ил гаргаж ярина. Ганц би ч биш, олон хүн дотор бодлоо ил гаргаж, эргэцүүлж, алдаа оноогоо ил гаргаж ярилцаасай. Ярихаас ч аргагүй боллоо гэдгээ ойлгоосой.
- Жишээ нь таны бодол хаанаас эхэлж байх юм
- Миний бодол хаанаас эхэлж байгааг ярихын тулд Монгол Улс өнөөдөр хаана яваа, хөгжил маань хэр урагшаа явсныг эргэцүүлэх хэрэгтэй. Ингэж ярихын тулд улсынхаа түүхийг дөрвөн үеэр эргэн харж, харьцуулан үзэх хэрэгтэй юм шиг санагддаг. Миний л бодлоор шүү.
- Цаг хугацааны хувьд уу
- Цаг хугацаа, алдаа оноо, хийж бүтээснээ харьцуулж гэх юм уу даа. Хамгийн нэгдүгээрт 13 дугаар зуун. Монголын түүх дэлхийн түүх болж сайн сайхан цаг. Энэ түүх, алдар гавъяа өнөөдөр ч биднийг тэтгэж яваа. Хөрөнгө оруулалт татах, хүнээс юм гуйх, өр тавьж бонд босгохдоо хүртэл Их хааныхаа нэрийг ашиглаж, амьдарч явна. Хаа газар яваа монгол залуус “би Чингисийн удам” гэж нэрийн хуудсаа хийдэг. Хаа газрынхан биднийг “Чингисийн Монгол уу” гэж таньдаг. Өнөөдөр бид Чингис гэдэг ганц брэндээр амьдарч, халамцахаараа их өвгийн нэрээр цээжээ дэлдэн, омогшдог. Үүнд буруу юм байхгүй. Үнэн түүх, үнэн омогшил. Харин энэ түүх цаашид биднийг хэр олон жил тэжээхийг хэн ч мэдэхгүй.
- Дараагийн үе нь….
- 1911 он. Үндэсний эрх чөлөөний хөдөлгөөнөөр Тусгаар тогтнолоо олж эхэлсэн үе. Эдийн засгийн агуулга, хөгжлийн бодлого, хийж бүтээсэн зэрэг дээр онц өөрчлөлт гаргаж чадаагүй. Ямархуу улс байсныг хар цагаанаар нь харуулсан фото, түүхийн баримтууд байдаг шүү дээ. Миний чухалчилж байгаа түүхийн үечлэлээр бол гурав дахь нь Ардын хувьсгалын дараахь үе. 1921 оноос урагш 13 дугаар зууны мандаж явсан үеийн төгсгөл хүртэл тооцвол бараг 700 жил болно. Энэ хугацаанд бид гэрэл гэгээтэй зүйл бараг хийсэнгүй. Харин 1921 оны дараа 1937 оноос бага сага зүйл хийж эхэлж. 1949 онд төмөр зам тавив. 1960-аад оноос 1985 он хүртэл НҮБ-д элсч, үйлдвэржилт, технологи эрчимтэй хөгжсөн. Муйхардуу ч гэсэн тав, таван жилийн төлөвлөгөө гарган ажиллаж, нэгдэл сумын төв, сангийн аж ахуйнуудаа байгуулж, ямар ч байсан ноосоо боловсруулдаг, арьсаа элддэг, гутлаа хийгээд өмсчихдөг, барилгаа барьдаг болчихож. Сансарт ч хүнээ нисгэв. “Эрдэнэт”, Дархан, Багануурын үйлдвэржилтийн төвүүдийг байгуулсан. Энэ 25 жилийн хугацаанд л Монгол Улс түүхэндээ байгаагүйгээр үйлдвэржиж, үр дүнд нь Их Монгол улсаас хойшхи 700 жилтэйгээ харьцуулшгүй сайхнаар хөгжсөн. Иргэд нь эрүүл, боловсролтой, баталгаатай ажлын байртай байлаа. Энэ бол олон хүний мартаж амжаагүй түүх. Ингэээд 1990 онтой залгав. Би энд хүний эрх, эрх чөлөө, улстөр дэх ардчилал энэ тэрийг яриагүй шүү. Цэвэр хөгжлийн асуудал, улс орон яавал хөгждөг, үйлдвэржилт ямар чухлыг л тодруулах гээд байна.
- 1990 оноос өнөөдрийг хүртэлх нь дараагийн үе үү?
- 2014 оноос урагш тоолбол бас 25 жил өнгөрчээ. Хөгжиж, үйлдвэржиж байсантай минь тэнцэх хугацаа. 1990 онд хойд хөршийн “эцэг нийгэм” задран унасан. Тэр үеэс Монголын ардчилсан холбоо хөгжлийг үргэлжлүүлэх, залгамжлах гэж, байгуулагдсан юм. МоАХ-ноос ардчиллын төлөөх бүх нам төрөн гарсан. Олон нам төрүүлж явахдаа бидэнд алдсан зүйл олон бий. Гол нь нэг л зүйл дээр их том алдаж гэж боддог. Юу гэхээр МАХН-д гишүүнээр элсэхэд гурван үеийн намтраа батлан даагчтайгаар мэдүүлдэг байсан. Тэр нь гишүүн болгох гол шалгуур байж л дээ. Энэ их чухал шүүлтүүр байж. Ардчиллагчид тэгээгүй. Тэгэх бололцоо ч гараагүй байх. Гурван үеийн түүхээс нь хүнийг яг хэн бэ гэдгийг тодорхой харж болно. Ургийн түүх, намтраа бардам бичиж чадахгүй хүмүүс тухайн үеийн шалгуурт нийцэхгүй ямар нэгэн асуудалтай байсан шиг байгаа юм. Тэгэхээр өөрөө эхний шүүлтүүрээ хийгээд намд элсэхээс татгалзана. Гэтэл МоАХ, тэндээс төрсөн намууд олон түмний дэмжлэг авахаа гол болгоод хэнийг ч ялгалгүй гишүүнчилсэн. Ямарч шалгуур, босго тавиагүй. Дүрмийг зөвшөөрсөн бол боллоо гэх маягтай. Хэсэг хугацааны дараа харсан тодорхой зорилго, үзэл бодол дээрээ нэгдэх учиртай улс төрийн нэгдэл маань хувийн сонирхолдоо хөтлөгдсөн, түүндээ улс төрийн байгууллагыг ашиглахыг илүүд үзсэн хувь хүмүүсийн цуглуулга болон өөрчлөгдөж эхэлсэн байдаг. Энэ нь улстөрийн нам гэдэг институц бүрэлдэх явцад өнөөдрийг хүртэл хүндрэл үүсгээд байгаа юм. Нам гэдэг муу ч сайн ч төрийг удирдахад ард түмнээр дэмжүүлж оролцдог, шинжлэх ухааны үндэслэл бүхий тодорхой онол, баримтлалтай улстөрийн байгууллага байх ёстой. Ийм байгууллага гишүүддээ шалгуур, шүүлтүүр тавьж, гишүүн дэмжигчдээ зөв танихаас ажлаа эхэлдэг юм байна. Ардчиллын төлөөх намуудад тийм болоцоо олдоогүй, тэгж хүсээгүй нь улстөрийн намыг жинхэнэ утгаар нь байгуулах боломжгүй болгосон. Гэтэл нөгөө талд МАХН бол институцийн шинж чанараа саяхан болтол хадгалаад явсан учраас үе үеийн сонгуульд ялж ирсэн. Тод баталгаа нь 1992, 2000 оны сонгуулийн дүн. Ард түмэн сонгууль бүрт өвгөн настай болчихсон, өмнөх нийгмийн хуучин дээлтэй МАХН-аа дэмжээд л явсан. Энэ нь ард түмэн шинэчлэлд, ардчилалд дургүйдээ биш, ардчиллын намууд институци болж төлөвшөөгүй, нэгдмэл үзэл баримтлалтай болж чадаагүй гэдгийг мэдрээд өөрийнхөөрөө дүгнээд л байж. Бид болохоор “гадаад паспорттой болголоо, мал, орон сууцыг чинь үнэгүй өглөө, одоо бидний сонгооч” гээд л дайраад байсан. Мал, орон сууцаа өмчлөх эрхийг нь нээж өгсөн гавъяа байлаа ч, түүнээс цааш гарах улс төрийн төлөвшил, үзэл бодлын нягтралыг бий болгож чадахгүй яваад байгааг ард түмэн тэнэг биш учраас мэдэрч байжээ. Сонгуулийн ялагдал бүр “Та нар улстөрийн намыг жинхэнэ утгаар нь байгуулж, хөгжүүлж чадаагүй байна шүү” гэж л хэлээд байсных нь илрэл байж. Ийм том алдааны горыг монголчууд бид өнөөдөр улсаараа амсч үүрч явна.
-Хэт их улстөржөөд хийж бүтээсэнгүй, хүмүүсийн амьдрал дээшилсэнгүй гэж үү.
- Мэдээж, хийж бүтээсэн, урагшилсан юм жаахан ч гэсэн байлгүй л яахав. Хөлсөө урсгаж цуглуулснаараа, төсвөөс хулгайлж олсноороо сайхан амьдарч байгаа хэсэг ч байна. Улсын хөгжил, үйлдвэржсэн бүтээснээ өмнөх 25 жилтэйгээ харьцуулбал үнэхээр чамлалтай. Бүр дэндүү харамсалтай. Хүний эрх эрх чөлөө, хувийн өмч, улстөрийн ардчиллаар амжилтад хүрсэн ч, эдийн засаг, улсын хөгжил, бүтээн байгуулснаа харвал 1960-1985 оны хэмжээнд хүрсэнгүй. Гэтэл боломж, өөрсдийн санаснаар улсаа хөгжүүлэх эрх чөлөө нь бидэнд илүү байлаа. Биднийг мунгинаж байх хооронд хол ярихаа болъё хоёр хөрш маань хөгжөөд, тасраад явчихлаа.
- Зах зээл гэж яривал хөршүүд маань бидэнтэй бараг ижил гараанаас эхэлсэн байх шүү
- Ижил, зарим талаар бүр биднээс ч муу нөхцөл, хүнд байдлаас эхэлсэн. 1990 онд хоёр хөршид ч системийн задрал эхэлсэн. Нэг нь дэглэмтэйгээ, нөгөө нь дэглэмээ нураагаад зах зээл рүү оржээ. Бид бас дэглэмээ нурааж орхиод, эрх чөлөө, зах зээл рүү алхсан. 1990 оноос өмнө бид Хятадад очиж Оросын машинаас эхлээд дуран, цаг, монгол пальто гээд маш олон юмыг Хятадад зардаг байсан. Буцахдаа Хятадын бараа ачаад Орост аваачиж зардаг. Улаан талбайн дэргэд Украйн зочид буудлыг жилээр нь түрээслээд, хятад бараа зардаг байлаа. Монгол наймаачдыг таксигаар Улаан талбайд буухад орос жолооч нар биднээс бараа тоолж, хүлээж аваад зарчихаад мөнгийг авчирч тушаадаг үе байлаа. Орос, Хятадын харилцаа сайнгүй байсан үүлэн чөлөөний нар шиг энэ үеийг цөөн монголчууд ашиглаж анхны хуримтлалаа босгосон. Энэ түүхийг сайн мэдэх, биеэрээ туулсан амьд жишээний нэг нь би. Гэтэл улс маань ийм боломжийг ашиглаж чадаагүй. Одоо эсрэгээрээ бүгд Хятадын барааг худалдаж авдаг, улсынх нь эдийн засаг Эрээний барааг зөөдөг Нарантуулаас хамааралтай байна. Өнгөрсөн 25 жилд бидэнтэй ижил гараанаас, бүр биднээс ч муу нөхцлөөс эхэлсэн Орос улс саяхан олимп хийчихлээ. Украины асуудлаар өөрийнхөө эрх ашигт нийцсэн шийдвэр, үйлдэл үзүүлж АНУ, Европын холбооны эсрэг зоригтой зогсож, том гүрэн гэдгээ сануулж явна. Хамгийн сүүлд Орос Казакстан, Беларусь гурав нийлээд Евро-Азийн шинэ холбоо байгуулчихлаа. Одоо бид Украин зочид буудлыг жилээр нь түрээслэх гэвэл амбаардаад гаргах хэмжээнд улсынх нь эдийн засаг томорч, нөлөөлөөл нь ихэслээ. Хятад дэлхийн эдийн засгийн тэргүүлэх улсын нэг боллоо. Харин бид хаана явна вэ. Хувийн хэвшлийнхний барьсан хэдэн офиссын байшин, хүнсний хэрэглээний хэдхэн үйлдвэрийг шинэчилснийг эс тооцвол Монголын төрөөс, тэнд ард түмнийг төлөөлж шийдвэр гаргаж байгаа улстөрчид буюу төрийнхөн юу бүтээв ээ, хөгжлийн ямар бодлого гаргав аа. Үйлдвэржилтээр улсаа хөгжүүлэх, баялаг бүтээхэд хөлс хүчээ зориулж, цалингаараа амьдралаа тэтгэх ёстой залуус яагаад одоо болтол гудамжинд, олонхи нь зах дээр зогссоор, наймаагаар урд хөршийн эдийн засгийг тэтгэхэд хүчин зүтгэсээр явна вэ. Монгол маань яагаад улсаараа хэрэглээний эдийн засагтай болчихов оо. Үүх түүх, байгалийн баялаг, газар нутгийн байрлал, нэг хүнд ногдох газар нутгийн хэмжээ зэргээ харвал Монгол том улс. Эдийн засгийн хувьд бол 50 сая малтай, газрын дор бөөн баялагтай, гуравхан сая хүнтэй хирнээ жижиг улс. Том улсын цөөхөн ард түмнийг өнгөрсөн 25 жилд ямар амьдруулав аа, мэдэхгүй.
- Хэнээс, юунаас болов
- Мэдээж, буруутан нь бид өөрсдөө. Бүр тодруулбал 1990 оноос хойшхи бүх улстөрийн нам, тэндээс сонгогдсон бүх цаг үеийн улстөрчид, Ерөнхийлөгч, Ерөнхий сайд, УИХ-ын дарга, гишүүд, сайд нар энд буруутай. Би ч багтана. Өнөөдөр Монгол маань Б.Лхагвасүрэн гуайн “Тамгагүй төр” шиг, эзэнгүй айл шиг л байна. Гэрийн бүрээс нь урагдчихсан, хашааны хаалганых нь нугас салчихсан, жорлонгийн дээвэр нь цөмөрчихсөн, гэр нь бохир, өлөн зэлмүүн, ороход нэг л зэврүүн. Хөршүүдийнхээ хараа хяналтад орчихсон. Хөдөө, хотгүй адилхан. Ноолуурын цаг болчихоод байхад ямаагаа самнаагүй, малаа алдчихсан, гаднаа зоосон хоёр хятад мотоциколдоо сэтгэл нь ханачихсан, гэрийн эзэн нь согтуу. Ийм л байна. Хоёр хөрш удирдагчтай, хөгжилтэй болчихсон. Туулсан зам хугацаа ав адилхан 25 жил байдаг. 25 настай гурван залуугийн л эрс тэс дүр төрх юм даа.
- Хоёр хөрш маань их гүрнүүд учраас гэж өөрсдийгөө тайвшруулж бас болох юм даа.
- Тэр тусмаа тэдэнд хэцүү. Том гүрэнд том л асуудал байдаг. Өнгөрсөн 25 жилд Орос ямар хүнд сорилттой тулгарч байсныг бид бүгд мэднэ. Монголын асуудал хоёр хөршийнхөөс илүү том, илүү хэцүү байгаагүй л байхгүй юу.
- Ер нь манайхан, ялангуяа улстөрийнхөн асуудалтай нүүр тулахаасаа, тойрч, зайлсхийх PR-аар л аргалах гээд байдаг л даа.
- Яг л наадахь чинь. Төрийнхний, улстөрчдийн өнгөрсөн 25 жилд хамгийн сайн сурсан, хамгийн их хийсэн юм нь хэрүүл, PR хоёртой найзалж, проблемоосоо зугтаж ирсэн түүх. Өмнөх 25 жилд бид чадаж байсан, үйлдвэржүүлж чадсан. Хэрвээ хариуцах, чиглүүлэх эзэн байвал монголчууд үйлдвэржүүлж, бүтээж босгож чаддагийг Эрдэнэт, Дархан, Багануур, хотын орон сууцны хорооллууд гээд олон жишээ харуулсан. Өнөөдөр үйлдвэржилт байхгүй, ярихыг ч хүсэхгүй, тэрний оронд нүүрс түүхийгээр нь зөөх, ноолуур самнаад зарах, бүх баялгаа ухаж, зөөх тухай л ам булаалдан ярих юм. 1992-2012 оны хооронд сонгуулиар ялсан намын засаг барьсан хэдхэн хүн нь дагуулуудтайгаа бүлэглэж, цуслаад өдий хүрч. Тэдэнд улсаа үйлдвэржүүлж, хөгжүүлэх сэтгэл байсангүй, хөгжлийн бодлогыг бодохыг ч хүссэнгүй. Дангаараа засаг барьсан ч, хамтарч засагласан ч адил хуваах, идэхийг л эрхэмлэж ирлээ. Гэтэл улсын хөгжил гэдэг ялсан намын мөрийн хөтөлбөр гэх хэдэн хуудас цаас, дөвчин сайд ламаас асуух, эсвэл тэнгэртэй харьцах зэргээс хамаарахгүй шүү дээ.
- Манайхыг хөгжүүлэхгүй байх их гүрнүүдийн сонирхол гэж байна уу?
- Байлгүй яах вэ. Энэ тусгаар улс бүрт байх төрийн бодлого. Хөрш хүчирхэгжих нь сайнаас гадна аюултай гэж бүгд бодддог. Бүр нарийн яривал энэ нь биднээс эхтэй, 13 дугаар зууны үед хэрэгжүүлж байсан бодлого. Хөрш гэлтгүй нөөц, баялагтай орныг эрхшээлдээ оруулахыг хүсэхгүй хэн байх билээ. “Мөнх тэнгэрийн хүчээр” гээд л дайтаад, эзэлдэг явлаа. Одоо том гүрнүүд дайн гэхээсээ эдийн засгаар нь эрхшээлдээ оруулдаг болсон. АНУ гэхэд ардчилал, хүний эрх яриад араас нь цэрэг оруулаад л байна. Орос гэхэд үндэс нэгт орос иргэдээ хамгаалах нэрээр Крымийг салгаад авчихлаа. Хятад бол хилийн гадна байгаа хөрөнгө оруулалтаа цэргийн хүчээр хамгаална гэсэн батлан хамгаалах номлолтой улс. Бидний өвгөд, дээдсийн үүсгэсэн бусдыг эрхшээлдээ авах энэ бэлэн гарын авлагыг ашиглаж байгаа нь их гүрнүүдийн буруу биш. Харин өөрсдийнхөө гарын авлаганы золиос болж, хариу бодлого бодох чадваргүйгээр улсаа, ард түмнээ золиослож байгаа манай үеийнхэн л буруутай. Тусгаар улс л юм бол өөрийн язгуур эрх ашгийн төлөө том бодлогоо гаргаж, түүнийгээ биелүүлэхийн төлөө явган нүцгэн ч болов зүтгэж, босгож, бүтээх ёстойг бусад үндэстэн харуулаад байна. Бусад үндэстний ярьж байгаа наймаа нь хүртэл том байхад бид энд нам, бүлэглэл, хамаатан садангаа албан тушаалаараа хамгаалах, тэтгэх талынхаа хэрүүлийг л яриад сууж байдаг. Баялгаа төдөн тонноор нь зөөнө гээд, түүнийгээ дэлхийн зах зээлийн үнээр нь үржүүлээд баахан мөнгө тавьчихсан. Ядаж тэр ярьсан хэмжээндээ олж байгаа ч юм алга. Олж гэдэгт ард түмэнд оногдож байгаа гэдэг утгыг хэлж байгаа юм шүү. Зөөж байгаа нь олж байгаа нв тодорхой. Нүүрсийг гэхэд л Ховдоос, Говь-Алтайн Цээлээс, Баянхонгорын Шинэжинстээс, наашлаад Өмнөговийн Нарийнсухайт, Тавантолгойгоос зөөж байгаа. Замын-Үүдээр төмрийн хүдэр зөөж байгаа, Зүүнбаянгаас, Дорнодын Матадаас нефть зөөж байгаа, юу л байна зөөж л байгаа. Харин зарсан тэр их мөнгө нь хаана байнаа. Хэний хаалсанд орчихов оо. Жирийн иргэдэд юу оногдов оо. Олон түмний цөөнх нь зөөж байгаа хэсгийнхнээ бараадаж, тэдэнд хов жив зөөснийхөө хүчинд арай дөнгүүр амьдарч байхад, үлдсэн олонхи нь хоосон хэрүүл, хүйтэн итгэл найдвараар зогоон тарчиг амьдарч байна. Энэ хувь хүний амьдралд ч гэсэн эмгэнэл биш гэж үү.
- Одоо энэ алдаагаа яаж засах уу
- Өнгөрсөн 25 жил бидний хувьд дэндүү хөөрхийлөлтэйгөөр, хамаг боломжоо алдсан харамсалтай үе. Дэндүү их хэрэлдлээ, дэндүү ихийг хувьдаа цусалж, дэндүү их хов живээр амьдарсан алдагдсан цаг хугацаа байлаа. Одоо сэрэх сэргэх, эмгэнэлт түүхээс сугарах цаг болжээ. Энэ нь алдснаа ойлгож, хүлээн зөвшөөрөхөөс л эхэлнэ. Тэгэхгүйгээр “дараагийн сайд нь манай Түвдэндорж” гээд л үргэлжлүүлбэл зурагдсан пянзаа тоглуулсаар, баясан сонссоор хоцрох болно. Геополитикийн болоод хөгжлийн стратеги, хэзээ ч үл мартах “хар хайрцагны бодлого” бидэнд алга. Ард түмний төлөөлж, төрийн нэрээр шийдвэр гаргаж байгаа хүмүүст нь улсаа гэх, ард түмнээ гэх сэтгэл алга, өөрсдөд нь ч улстөрөөс өөрөөр амьдралаа авч явах арга алга. Гурван үеийн намтраа мэдүүлэлгүй, хэн дуртай нь улстөрд орж ирэн, дараа нь хагалж, өөрийн намаа, фракциа төрүүлэх замаар бойжиж ирсэн намууд улстөрийн чадварлаг институц болж чадаагүйгээс, төр засгийг хэдхэн хүний хувийн компани мэт болгосон. Биднийг ингэж замбараагүйтэх нөхцөлд хөршүүдийн бодлого ч түлхэж оруулсан байж магад. Тодорхой болсон зүйл нь Монгол Улс элгээрээ хэвчихжээ. Элгээрээ хэвтчихсэн улс яах вэ гэхээр нэг юмнаас зуурч, чангааж өндийх гэж оролдно. Тэр нь мөнгө, мөнгө дотроо юань. Хятадуудад буруу байхгүй. Бид өөрсдөө л урхинд нь орсон. Хятад өнөөдөр ганц Монгол биш, Африкийн эзэнгүй улс орнуудыг урхидаад л, зээлжүүлээд л, өрөнд унагаад л явж байгаа. Үүний хор хохирлыг ойлгох, өөрчлөх гэх улстөрчид бараг алга. Засгийн газар, намын бүлэг дээр юу ч яриад нэмэр алга. Батлагдсан том бодлого явахгүй байна. Насаараа УИХ-д сууж, юм болгон дээр бөөсөө ярьдаг, телевизийн камер бараадаж амьдардаг хүмүүс л дүүрэн байна. Хэрвээ өөрчлөгдөхгүй бол бидний ирээдүйн 25 жилийн дүр зураглал тодорхой. Өнгөрсөн 25 жил шигээ өнгөрнө. Жишээ нь, би Монголдоо ганц сайхан олимп хийчих юмсан гэдэг мөрөөдөлтэй. 25 жилийн өмнө бидэнтэй гарааны шугам дээр хамт зогсч байсан хоёр хөрш маань, биднийг үйлдвэржиж эхэлж байхад үгээгүй ядуу явсан Солонгос улс хүртэл олимп зохион байгууллаа. Бид бараадахааргүй хол үлдлээ. Яагаад гэхээр энэ улсууд эзэнтэй хөгжсан, бид эзэнгүй сулдаа ганхсан.
- Та түрүүнээс хойш л эзэн гээд байх юм. Хэнийг хэлээд байна вэ, Засаглалын өөр хэлбэр хүсээд байгаа юм уу
- Магадгүй, зарим нь энэ нөхөр өөрөө эзэн болох гээд байна гэх байх, тийм үү. (инээв) Улсын эзэн гэдэг бол хувь хүн биш, ард түмэн. Та бид бултаараа улсынхаа эзэн байж чадсангүй л гээд байгаа юм. Бидэнд улсаа хөгжүүлэх том бодлого байсангүй, тийм хөтөлбөр гаргаж ирэх, гаргаж ирснээ ажил болгох эзний сэтгэл манай улстөрчдөд байсангүй. Муу нэртэй Н.Энхбаярын үед их өрийг тэглэн, Мянганы замыг барих том бодлого гаргасан. Үүнээс өөр бодитой, үйлдвэржилт, бүтээн байгуулалтгүй явсаар өнөөдрийг хүрлээ. Ард түмэн улстөрчдийг энэ улсын эзэн шиг сэтгэлээр ажиллаасай гэж хүсч, сонгодог. Гэтэл өнөөдүүл нь сонгогдсоныхоо дараа өөртөө л эзэн болж, бүлгээ байгуулан түүндээ л эзэн байхыг төлөө төсвөөс хулгайлсаар өдий хүрлээ. Үүнийг “худлаа” гээд намайг шүүхэд өгөх хүн байвал би дуртайяа очно, заргалдна.
- Таныхаар бид ер нь л мухардалд орчихжээ. Яаж гарах вэ.
- Мухар зам, гарцгүй байдалд орчихсон. Гаръя гэвэл эхлээд УИХ-ын гишүүд, сайд нар эхлээд мухар зам руу орсноо ойлгох хэрэгтэй. Энэ хэцүү. Тэдэнд ойлгуулж, нийгмийн санаа бодлыг гаргаж ирэхэд сэтгүүлчид та бүхний үүрэг маш их. Энэ одоо бүр хэцүү. Яагаад гэвэл хэвлэл мэдээлэл мөнгөнд барьцаалагдчихсан. Тэгэхээр бүх зүйл мухар гудманд байна. Үүнээс гаръя гэж ярих, улстөрчдийг, нийгмийг уриалах нь дуугүй сууснаас дээр. Монгол хүн эх орондоо сайхан амьдрах нэг л гарц байгаа. Тэр нь хүн болгон ажилтай байх. Амьдралд нь хүрэлцдэг хангалттай цалинтай байх. Үүний тулд өнөөх л үйлдвэржилт чухал. Үндэсний үйлдвэрлэл гээд байна. Өнөөдөр “Эрдэнэт”-ийн шиг бусдыгаа чирээд явах хэмжээний капиталтай үндэсний үйлдвэр хөгж