ЧУУЛГАН: Хуулийн шинэчилсэн найруулгын төслийн анхны хэлэлцүүлэг үргэлжилж байна

2017 оны 5 сарын 12

УИХ-ын 2017 оны хаврын ээлжит чуулганы өнөөдрийн нэгдсэн хуралдаанаар Засгийн газраас 2017 оны 02 дугаар сарын 07-ны өдөр өргөн мэдүүлсэн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон холбогдох бусад хуулийн төслүүдийн анхны хэлэлцүүлгийг үргэлжлүүлэн хэлэлцэж эхэллээ. Уг хуулийн төслүүдийн анхны хэлэлцүүлгийг чуулганы энэ сарын 05-ны өдрийн нэгдсэн хуралдаанаар хэлэлцэж эхлэх үед УИХ дахь АН-ын бүлэг тав хоногийн завсарлага авах хүсэлт гаргасан ч хуралдаан даргалагч дөрөв хоногийн завсарлага өгсөн юм.

АН-ын бүлгийн завсарлагын хугацаа дууссан тул чуулганы өнөөдрийн үдээс өмнөх нэгдсэн хуралдаанаар Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон холбогдох бусад хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг үргэлжлүүлж, хуулийн төслүүдийг анхны хэлэлцүүлэгт бэлтгэх явцад Хууль зүйн байнгын хорооноос гаргасан зарчмын зөрүүтэй саналын томьёоллуудаар санал хураалт явуулж эхэллээ. Тус Байнгын хороо хуулийн төслүүдийг анхны хэлэлцүүлэгт бэлтгэх явцад дэмжсэн 79, дэмжээгүй 5 зарчмын зөрүүтэй саналын томьёолол бэлтгэн чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлэлцүүлж шийдвэрлүүлэхээр оруулж иржээ.

Ингээд Байнгын хорооноос дэмжигдсэн зарчмын зөрүүтэй саналын томьёоллуудаар санал хураалт явуулж эхэлсэн юм. Тухайлбал, төслийн 1.7 дугаар зүйлийн гарчгийг “Хэргийн бодит байдлыг тогтоох” гэж өөрчлөх. 2.2 дугаар зүйлд “Эрүүгийн хэргийн оролцогч, гэрчийн олонхи байгаа газарт, эсхүл дагнасан чиг үүрэгтэй алба, нэгжийн мөрдөн шалгах ажиллагаа явуулсан эрүүгийн хэргийн шүүхийн харьяаллыг прокурорын саналыг үндэслэн Улсын дээд шүүхийн Эрүүгийн танхимын тэргүүн өөрчлөн тогтоож болно.” Гэсэн агуулгатай 9 дэх хэсэг нэмэхээр болов. Мөн төслийн 3.1 дүгээр зүйлийн 3 дахь хэсгийн “хуулийг зөв хэрэглэсэн эсэхтэй холбоотой” гэснийг “Эрүүгийн хуулийг зөв хэрэглэсэн эсэх, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн эсэх” гэж өөрчлөх, 6.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт “гэрч, хохирогч, шинжээч, яллагдагчийг дуудан ирүүлэх;” гэсэн  агуулгатай 2.6 дахь заалт нэмэхээр тогтлоо. Түүнчлэн төслийн 6.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт “2.12.прокурорын зөвшөөрлөөр мөрдөн шалгах нууц ажиллагааг явуулахаар эрх бүхий байгууллагад даалгавар бичиж, гүйцэтгүүлэх; 2.13.шаардлагатай тохиолдолд өөр нутаг дэвсгэр, эрх бүхий байгууллагад мөрдөн шалгах тодорхой ажиллагаа явуулах, гэмт хэрэг үйлдсэн этгээдийг эрэн сурвалжлах саналаа прокурорт гаргах;” гэсэн агуулгатай 2.12, 2.13 дахь заалтууд нэмэхийг гишүүдийн олонхи нь дэмжлээ.

Чуулганы үдээс хойших нэгдсэн хуралдаанаар Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон холбогдох бусад хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг үргэлжлүүлж, Байнгын хорооноос гаргасан зарчмын зөрүүтэй саналын томьёолуудаар санал хурааж шийдвэрлэнэ.

 
Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
43456
0 эможи
keyboard_arrow_up