Монголын кино урлагийн тулгамдсан асуудлуудыг хэлэлцлээ

2014 оны 6 сарын 11

Улсын Их Хурлын Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны байнгын хороо, Соёл, спорт, аялал жуулчлалын яам  хамтран “Монголын кино урлагийн тулгамдсан асуудлууд, шийдвэрлэх арга замууд” сэдэвт хэлэлцүүлгийг өнөөдөр /2014.06.11/ Төрийн ордонд зохион байгуулав.

Энэхүү хэлэлцүүлэгт УИХ-ын гишүүн, Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны байнгын хорооны дарга Д.Батцогт, УИХ-ын гишүүн, Соёл, спорт, аялал жуулчлалын сайд Ц.Оюунгэрэл, УИХ-ын гишүүн Д.Сарангэрэл, Ж.Батсуурь, Л.Эрдэнэчимэг, Я.Содбаатар нар  болон Монголын кино урлагийн ахмад, залуу үеийн төлөөллүүд нийт 100 гаруй хүн оролцож Монгол Улсын төрөөс кино урлагийн талаар цаашид баримтлах бодлого чиглэл, кино урлагийн тулгамдсан асуудлын  талаар санал солилцлоо.

Ардын жүжигчин А.Очирбат,  Төрийн соёрхолт, Ардын жүжигчин Н.Сувд, Монгол Улсын Урлагийн гавъяат зүтгэлтэн, кино найруулагч Х.Дамдин, Монгол Улсын Соёлын гавъяат зүтгэлтэн, баримтат киноны найруулагч Ж.Норолхоо зэрэг Монголын кино урлагийн алтан үеийн төлөөллүүд болон энэ салбарыг хөгжүүлэхэд сэтгэл зүрхээ зориулан ажиллаж буй залуу үеийн төлөөлөл, зохиолч, зураглаач, нүүр хувиргагч, дуу оруулагч, кино судлаач, шүүмжлэгчид болон төрийн бус байгууллагын төлөөллүүд хэлэлцүүлэгт оролцон үнэтэй санал хэлэв.

Байнгын хорооны дарга Д.Батцогт хэлэлцүүлгийг нээж үг хэлэхдээ, юун түрүүн 80 жилийн түүхт Монголын кино урлагийн алтан үеийнхэн болон үе үеийн төлөөлөл хүрэлцэн ирсэнд талархаад Монголын төр соёл урлагийн салбарын тэр дундаа кино урлагийн салбарыг  хөгжүүлэх тэргүүн зорилт тавин ажиллаж буйг онцлов.

Мөн тэрээр киног бүтээхдээ ашиг олохыг чухалчлах бус үндэсний өв уламжлал, соёлыг уран бүтээлчийн сэтгэлгээгээр олон нийтэд сурталчлах бодлого баримтлахыг уриалсан юм.

УИХ-ын гишүүн, Соёл, спорт, аялал жуулчлалын сайд Ц.Оюунгэрэл Төрөөс кино урлагийн талаар цаашид баримтлах бодлого чиглэл, кино урлагийн тулгамдсан асуудлуудыг хуулийн хүрээнд хэрхэн оновчтой шийдвэрлэх, Монголын уламжлалт соёл, түүх, зан заншлыг хүүхэд, залуучууд, иргэдэд сурталчлан таниулах, олон нийтийн мэдээллийн хэрэгслийг Монгол агуулга бүхий уран бүтээлээр хангахад чиглэгдсэн Монгол контент үндэсний хөтөлбөрийг хэлэлцүүлгийн үеэр танилцууллаа.

Хэлэлцүүлгийн үеэр кино урлаг  санхүүжилтийн эх үүсвэрээр дутагдалтай байгаа талаар олон хүн санал хэлж байсан. Улсын төсвөөс кино урлагийг дэмжиж жил бүр тодорхой хэмжээний хөрөнгө зарцуулдаг ч энэ нь өнөөгийн нөхцөлд шаардагдаж буй хөрөнгөний гуравны нэгд нь ч хүрэлцдэггүй байна. Тиймээс “Кино урлагийн сан” байгуулж аливаа  киноны орлогоос тодорхой хэмжээг нь хуримтлуулан эргэх холбоогоор энэ салбарыг санхүүжүүлж болох талаар  хөндөгдсөн юм.

Уран бүтээлчдээс олон санал гарсаны нэг нь БНСУ-ын олон ангит кинотой холбоотой асуудал байлаа. Хойч үе Солонгосын соёлд хэт их туйлширч өв соёл алдагдаж байгаа учраас өргөн нэврүүлгийн сувагт бусад улсын жишгээр нарийн хязгаарлалт хийх талаар олон хүн санал нэгдэв.

Мөн ахмад уран бүтээлчид “Монгол кино үйлдвэр”-ийг хувьчлах тухай яригдах болсонд сэтгэл зовниж  буйгаа хэлж, энэ талаар тодруулсан юм.

Улсын Их Хурлын Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны байнгын хороо кино урлагийн эрх зүйн таатай  орчныг бүрдүүлэх, цаашид хөгжүүлэх зорилгоор таван удаа хуралдсан байна. Хуралдаанаар Монгол кино үйлдвэрийг хувьчлалгүйгээр бүтцийн хувьд өөрчлөлт хийж цаашид үйл ажиллагааг нь тогтмолжуулах нь зүйтэй гэсэн шийдвэр гаргасан талаар байнгын хорооны гишүүд  хэлж байв.

Бүтцийн өөрчлөлт хийхээс гадна уран бүтээлчдэд зориулсан Олон улсын стандартад нийцэхүйц кино зураг авалтын тусгай  төв байгуулахаар концессын жагсаалтанд оруулжээ.

Хэлэлцүүлэгт оролцсон уран бүтээлчид нэн яаралтай Монгол кино үйлдвэрийг сэргээх, үйл ажиллагаа эрчимжүүлэх, кино урлагийг хөгжүүлэх цаашдын урт хугацааны төлөвлөгөө гаргах, бусад улс орны жишгээр тусгай  хуультай болох зэрэг олон чухал санал хэлснийг цаашид анхааралдаа авч, энэ талаарх эрх зүйн орчинг сайжруулна гэдгийг салбарын сайд онцолсон.

Салбар яам “Киноны тухай” хууль боловсруулах ажлын хэсэг байгуулсан бөгөөд энэ ажлын хэсэгт кино урлагийн  ахмад болон залуу үеийн уран бүтээлчдийн төлөөллийг  нэмж оруулахаар  боллоо.

Мөн өнөөдрийн хэлэлцүүлгээс гарсан үнэтэй саналуудыг агуулсан зөвлөмж гарган энэ бямба гарагт болох  Засгийн газрын хуралдаанд өргөн барихаар болсон юм .

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
4316
0 эможи
keyboard_arrow_up