Төлбөрөө төлсөн бол ялаас хөнгөлдөг байх ёстой гэв

2017 оны 4 сарын 27

УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар Шүүхийн шийдвэр гүйцэтгэлийн тухай хуулийн төслийг хэлэлцээд гишүүдийн 74.6 хувийн саналаар дэмжин “Төслийг хэлэлцэх нь зүйтэй” хэмээн үзлээ.

Төслийг хэлэлцэх шатанд УИХ-ын гишүүн Л.Мөнхбаатар “Одоогийн хуулиар шүүхийн шийдвэр гүйцэтгэлийнхэн урамшуулал авдаг. Шинэ хуулиар энэ зохицуулалт хэвээрээ юу, халсан уу” гэдгийг тодрууллаа.

Хууль зүй, дотоод хэргийн яамны Төрийн нарийн бичгийн дарга Г.Баясгалан: Урамшуулалттай холбоотой заалтыг энэ хуулиар халж байгаа. Орон нутагт шийдвэр гүйцэтгэж байгаа хүмүүс үнийн дүн өндөртэй гүйцэтгэх ажлыг барьж авч хөөцөлдөөд, бага үнийн дүнтэй нь орхигддог учраас халсан.

УИХ-ын гишүүн Б.Энх-Амгалан: Шүүхийн шийдвэрээр хураагдсан эд зүйлийг борлуулдаг. Үнийг нь яаж тогтоохоор заасан бэ?

Хууль зүй, дотоод хэргийн яамны Төрийн нарийн бичгийн дарга Г.Баясгалан: Хөрөнгийн үнэлгээ байнга асуудал дагуулсаар ирсэн. Хөрөнгийн үнэлгээ гуравны нэгээр буурах тохиолдолд шинжээч тогтоох шаардлагатай. Нэг сарын дотор ч гэдэг юм уу, нарийвчлан туссан гэсэн хариулт өглөө.

Харин санал хэлэх шатанд УИХ-ын гишүүн Д.Дамба-Очир: Баривчилна гэдэг амар ажил биш. Хүмүүсийн амьдрал, гэр бүл, нэр хүндтэй нь холбоотой асуудал. Амьдрал ахуй, эд хөрөнгө бүх юмтай нь холбоотой асуудал учраас болгоомжтой хандах ёстой. Төлбөрөө төлсөн нөхцөлд ялаас хөнгөлдөг байх зохицуулалт хийх шаардлагатай болов уу.

Зарим хүмүүс нь чихнээс өөр өгөх юм алга гэдэг. Санаатайгаар өмч хөрөнгийг нь хулгайлж авдаг, түүнийгээ авгай хүүхдийнхээ нэр дээр шилжүүлсэн байдаг. Хоёр жил суугаад гарна биз гэдэг, иймээс шамшигдуулдаг ийм зүйл гаргамааргүй байна гэсэн юм.

Одоо УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар Зөрчлийн тухай хуулийн төслийг хэлэлцэж эхлээд байна.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
42994
0 эможи
keyboard_arrow_up