Байнгын хорооны дарга Н.Энхболд БНФУ-ын Элчин сайдыг хүлээн авч уулзлаа
Төрийн байгуулалтын байнгын хорооны дарга Н.Энхболд өнөөдөр Бүгд Найрамдах Франц Улсаас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Элизабэт Барсак болон Элчин сайдын яамны Эдийн засгийн албаны дарга Анна Биро, Хөдөө аж ахуй, уур амьсгалын атташе Орэлиа Талваз нарыг хүлээн авч уулзав.
Уулзалтын эхэнд Байнгын хорооны дарга Н.Энхболд хатагтай Элизабэт Барсакыг хүрэлцэн ирсэнд талархал илэрхийлээд сүүлийн жилүүдэд хоёр орны харилцаа, хамтын ажиллагаа худалдаа, эдийн засаг, соёлын салбарт түлхүү хөгжиж байгааг онцоллоо. Тэрбээр “Миний хувьд төрийн ажлаас гадна Монголын хоршооллын үндэсний нэгдсэн холбооны тэргүүнээр ажилладаг. Энэ хүрээнд та бүхэнтэй уулзаж, хоёр орны хөдөө аж ахуйн хамтын ажиллагаа ямар түвшинд байгаа талаарх мэдээллийг сонсохыг хүссэн юм” гэлээ.
Элчин сайд Элизабэт Барсак “Ноён Н.Энхболд таньтай уулзаж байгаадаа таатай байна. Франц Улс нь Европ төдийгүй дэлхийд хөдөө аж ахуй тэр дундаа мал аж ахуйгаараа алдартай. Мал аж ахуйн салбар манай эдийн засгийн гол тулгууруудын нэг бөгөөд бид энэ салбартаа ихээхэн туршлагатай гэж хэлж болно. Таны асуусан асуултанд манай Элчин сайдын яамны энэ асуудлыг хариуцсан атташе мэдээлэл өгнө” хэмээсэн бөгөөд дараа нь Элчин сайдын яамны Хөдөө аж ахуй, уур амьсгалын атташе Орэлиа Талваз Байнгын хорооны дарга Н.Энхболдод дээрх асуудлаар дэлгэрэнгүй мэдээлэл өгөв.
Үргэлжлүүлэн талууд хөдөө аж ахуйн салбарт бий болсон хамтын ажиллагааг цаашид хэрхэн өргөжүүлэх, Францын мал аж ахуйн салбарын шилдэг туршлагыг судлах, Монгол-Францын хоршоологчдын хамтын ажиллагааг өрнүүлэх зэрэг асуудлыг хөндөн ярилцсан юм.
Уулзалтад Монгол Улсын Ерөнхий сайдын гадаад бодлогын зөвлөх Н.Чимгүүндарь, Монголын хоршооллын үндэсний нэгдсэн холбооны дэд тэргүүн Ц.Мягмар-Очир нар байлцлаа гэж УИХ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтэс мэдээлэв.