ЧУУЛГАН: Хөдөлмөрийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг баталлаа

2017 оны 4 сарын 21

УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар УИХ-ын гишүүн Д.Дамба-Очир нарын өргөн барьсан Хөдөлмөрийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн хэлэлцүүлгийн эцсийн хэлэлцүүлгийг хийлээ.

 

Уг хуулийн төсөлд "туршилтын болон сургалтын хугацаа"-тай холбоотой зохицуулалтыг нарийвчлан, тодорхой болгох үүднээс "Туршилтын хугацаа", "Дагалдан ажиллуулах хугацаа" гэсэн зүйлийг шинээр нэмжээ. Учир нь үйлдвэрлэл, үйлчилгээний зарим салбарт ажил олгогч нь ажилд шинээр орж байгаа ажилтантай хөдөлмөрийн гэрээ байгуулахгүйгээр, тодорхой хугацаанд цалин хөлсгүйгээр ажиллуулдаг зөрчил гаргадаг боловч хариуцлага хүлээдэггүй юм. Мөн аман гэрээ байгуулсан ажилтан цалин хөлсөө авч чаддаггүй байдал газар авсныг олон нийт мэднэ. Түүнээс гадна хариуцлагын хувьд хөдөлмөрийн гэрээ байгуулаагүй, гэрээний нэг хувийг ажилтанд өгөөгүй зөрчил гаргасан албан тушаалтныг 500 мянгаас нэг сая төгрөгөөр, албан байгууллагыг 5-10 сая төгрөгөөр торгох тухай хуулийн төсөлд тусгасан байна.

Тиймээс дээрх асуудлыг зохицуулах шаардлагатай гэж хууль санаачлагч үзжээ. Хуулийн төсөлтэй холбогдуулан гишүүд асуулт асуулаа.

Д.Сарангэрэл: -Ажил олгогчдын эрх ашгийг давхар харгалзаж байж амьдралд энэ хууль хэрэгжинэ. Хуулийн төслийн хоёрдугаар зүйл дээр ажил эрхлэгчийг торгох тухай заалт орсон байгаа. Торгох хэмжээг ямар үндэслэлээр гаргасан бэ?

Д.Дамба-Очир: -Хуулийн гол амин сүнс нь хүнийг тодорхой хугацаанд ажиллуулчихаад цалин өгөхгүй явуулчихдагийг л таслан зогсооход оршиж байгаа. Торгуулийн хувьд өндөр байж магадгүй. Гэхдээ нэг зүйл хэлэхэд, одоо хэлэлцэж байгаа Зөрчлийн хууль батлагдвал энэ хуулиараа торгуулийн хэмжээ багасаад явчих юм байна лээ.

Л.Оюун-Эрдэнэ: -Хуулийн төсөл нь аудит болон холбогдох мэргэжлийн байгууллагаар шүүгдсэн үү. Сүүлийн үед батлагдаж байгаа хууль мэргэжлийн бус, мэргэжлийн байгууллагаар шүүгдээгүй байгаа зүйл ажиглагдаж байна?

Д.Дамба-Очир: -Засгийн газар, Үйлдвэрчний эвлэл, холбогдох яам, мэргэжлийн хуульчид энэ хуулийг боловсруулахад оролцсон. Амьдралд маргаан дагуулахааргүй зөв хууль гаргая гэдэг байдлаар хандсан. Товчхондоо ажилд орох гэж байгаа хүний харилцааг бүхэлд нь зохицуулж өгч байгаа гэж хэлж болно.

Гишүүд ийн асуулт асуусны дараа Хөдөлмөрийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг бүхэлд батлах санал хурааж, гишүүдийн олонхи дэмжсэн юм. Ингэснээр чуулганы үдээс өмнөх чуулганы хуралдаан өндөрлөлөө. 

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
42781
0 эможи
keyboard_arrow_up