ЧУУЛГАН: Туршилтын хүнд цалин өгөхгүй бол 5-10 саяын торгууль тавина

2017 оны 4 сарын 21

Хөдөлмөрийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн эцсийн хэлэлцүүлгийг хийж, баталлаа.

 

Хуралдааны үеэр УИХ-ын гишүүн М.Билэгт хувийн хэвшилд ачаалал ирэх хууль оруулж ирлээ хэмээн нэлээд шүүмжилсэн юм.

Ингээд гишүүдийн байр суурийг хүргэж байна.

УИХ-ын гишүүн Д.Сарангэрэл:

-Хуулийн төслийг дэмжиж байна. Сая чуулган завсарлах үеэр иргэдтэй уулзахад энэ хуулийг дэмжиж байсан. Ажил эрхлэгчийг торгох заалт оруулсан байна. Таваас арван сая төгрөгийн хэмжээтэй торгууль байна. Өмнө нь байсан торгуулийн хэмжээг ямар үндэслэлээр нэмээд оруулаад ирж байгаа юм бэ?

Хариулт УИХ-ын гишүүн Д.Дамба-Очир:

-Хуулийн гол амин сүнс нь хоёр сар, гурван сар туршилтын хугацаанд ажиллуулчхаад цалин өгөхгүй байгааг залруулах юм. Тиймээс туршилт хийлгэж ажиллуулж байгаа хүнд цалин өгөх шаардлага тавьж байгаа юм. Торгуулийн хэмжээ өндөр байгааг хүлээн зөвшөөрч байна. Гэхдээ Зөрчлийн тухай хуулиар процент нь багасаад явна.

УИХ-ын гишүүн О.Батнасан:

-Монгол Улсад хөдөлмөрийн асуудлыг зохицуулж байгаа ганцхан хууль бий. Туршилтын хугацаан дээр нэлээд асуудал гардаг. Зарим газар нь аман хэлбэрээр гэрээ байгуулчхаад ажиллуулаад байдаг. Туршилтын хугацаа зургаан сар байсныг гурван сар болгож байгаа юм байна. Үүнийг 1-3 сар болгож болохгүй юу. Жишээ нь барилга дээр гурван сар ажиллачхаад “за баяртай таны туршилтын хугацаа дууслаа” гээд явуулдаг. Тиймээс хугацааг нь уян болгох хэрэгтэй.

Хариулт УИХ-ын гишүүн Д.Дамба-Очир:

-Туршилтын зургаан сарын хугацааг гурван сар хүртэл гэж оруулсан. Хүртэл гэдэг нь нэг өдрөөс гурван сарын хугацааг хэлж байгаа юм. Туршилтын хугацаанд хөдөлмөрийн хөлсний доод хэмжээнээс доош болгохгүй байхаар хуульчилж өгсөн.

УИХ-ын гишүүн М.Билэгт:

-Монгол Улсад хөдөлмөрийн насны 1 сая 200 мянган хүн байхад талыг нь татвар төлөгчийн мөнгөөр цалинжуулаад төрийн албан хаагч болгочхоод байж байгаа. Нийт аж ахуй нэгжийн 50 хувь нь хаалгаа барьчихсан байж байна. Гэтэл бид хувийн хэвшлийг торгоно, чангална гэдэг асуудлыг ярих юм. Хувийн хэвшлээ дэмжих, “чөмөг суулгах” тал дээр анхаармаар байна. Хувийн хэвшлийг чангалах юм хийгээд байх юм бол цаашид ажиллах сонирхол төрөхгүй.

Хариулт Хөдөлмөр нийгмийн хамгааллын сайд Н.Номтойбаяр:

-Д.Дамба-Очир гишүүний санаачилсан хуульд бол Хөдөлмөрийн тухай хууль дээр хэдэн заалт шинэчлэх зорилгоор оруулж ирсэн. Засгийн газраас Хөдөлмөрийн тухай хуулийг боловсруулж байгаа. Тавдугаар сарын 10-нд хуулийн төслөөр хэлэлцүүлэг өрнүүлнэ.

УИХ-ын гишүүн М.Билэгт:

-Өнөөдөр хувийн хэвшлийнхэн төрийн данхар бүтцээ дийлэхгүй болж байгаа. Монгол Улс 3 сая хүн амтай, маш их баялагтай. Гэтэл хувийн хэвшил дээр ачаалал ирдэг. Хувийн хэвшил цалингаа тавьж чадахгүй, өдөр хоногоо өнгөрүүлж байгаа. 

Хариулт УИХ-ын гишүүн Д.Дамба-Очир:

-М.Билэгт гишүүнийг ойлгож байна. Би ч гэсэн нэг компанитай. Манай компани 1000 гаруй хүнтэй. Гэхдээ Хөдөлмөрийн хуульд заасан туршилтын хугацаа, цагийн ажлын асуудлыг зохиоцуулж өгөхгүй бол болохгүй байгаа юм.

Үүгээр УИХ-ын үдээс өмнөх чуулган түр завсарлаж байна. Үдээс хойших хуралдаан 15.00 цагаас үргэлжилнэ.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
42780
0 эможи
keyboard_arrow_up