Төрөөс шинжлэх ухаан, технологийн талаар тогтоолын төсөл өргөн барилаа

2014 оны 6 сарын 11

УИХ-ын дарга З.Энхболдод өчигдөр УИХ-ын гишүүн, Боловсрол, шинжлэх ухааны сайд Л.Гантөмөр “Төрөөс шинжлэх ухаан, технологийн талаар баримтлах бодлого батлах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төсөл өргөн барив.

 

Улс орны эдийн засаг, нийгмийн хөгжлийн чиг хандлага өөрчлөгдөж, эдийн засгийг байгалийн баялаг, уул уурхай түшиглэсэн бус мэдлэгт суурилсан хэлбэрээр хөгжүүлэх бодлогыг баримталж байна, Монгол Улсын шинжлэх ухаан, технологийн хөгжлийг олон улсын хөгжлийн түвшин, ирээдүйн чиг хандлагад нийцүүлэх зэрэг хэд хэдэн шаардлагаар Төрөөс шинжлэх ухаан, технологийн талаар баримтлах бодлогын баримт бичгийг шинэчлэн боловсруулсан байна.

Шинжлэх ухаан, технологийн хөгжлийн бодлого, төлөвлөлт нь олон улсын жишигт нийцсэн үндэслэл, тооцоо судалгаанд суурилсан, үр дүн нь баталгаажсан, үнэн зөв мэдлэг, үр нөлөөтэй хэрэглээ байх зарчмуудыг шинээр оруулсан. Судалгаа боловсруулалтын ажлыг нийгмийн хөгжил, эдийн засгийн эрэлт хэрэгцээнд тулгуурласан, эрдмийн (академик) эрх чөлөөг эрхэмлэсэн байхаар шинэчилсэн найруулгын төсөлд тусгасан гэдгийг төсөл санаачлагч танилцуулав.

Төрөөс шинжлэх ухаан, технологийн талаар баримтлах бодлогыг шинэчлэн баталснаар, эдийн засаг, нийгмийн хувьд шинжлэх ухаан, технологийн салбар нь зах зээлийн хэрэгцээ шаардлагыг хангахуйц, эдийн засаг, нийгмийн эрэлт, хөгжлийн захиалгад нийцсэн өрсөлдөх чадвартай болж, хөгжлийн шинэ шатанд дэвших, хууль зүйн хувьд уг салбарт мөрдөгдөж буй эрх зүйн зарим баримт бичгийг бодлогод нийцүүлэн шинэчлэх эрх зүйн боломж бүрдэнэ. Улмаар шинжлэх ухааны парк байгуулагдаж, дотоодын нийт бүтээгдэхүүнд өндөр технологи, инновацийн бүтээгдэхүүний эзлэх хувийн жин нэмэгдэнэ хэмээн үзэж буйгаа УИХ-ын гишүүн, Боловсрол, шинжлэх ухааны сайд Л.Гантөмөр илэрхийллээ.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
4274
0 эможи
keyboard_arrow_up