С.БАТБОЛД : ЭНЭ ЖИЛ 5 ТЭРБУМЫГ ГАЗАР ЧӨЛӨӨЛӨЛТӨД ЗАРЦУУЛНА

2017 оны 4 сарын 14

ИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар дахин төлөвлөлттэй холбоотой асуудлаар мэдээлэл сонсох үед газраа байраар солихоор гэрээ байгуулсан иргэдийн хувьд орон сууц нь ашиглалтад орохгүйгээс айлаар хоног төөрүүлэн хохирч яваа тухай хөндөгдлөө. Энэ асуудлаар гишүүд асуулт асууж хариу авлаа.

 УИХ-ын гишүүн Ө.Энхтүвшин:  

-Гэр хорооллын дахин төлөвлөлтийг өмнөх удирдлага эхлүүлсэн. Үр дүн нь  юу болж байна вэ гэхээр баахан айлын газар авсан, байшин нураасан, ТҮЦ-ийг нь бас нураасан.  Иргэд нь хаана амьдарч байна вэ гэхээр ах дүү нараараа тойрч явна. Түрүүчээсээ ад үзэгдэх маягтай болсон. Байшин баригдаж байна уу гээд байсхийгээд очиж хардаг, газар л ухаад хаясан. Миний тойрог болох Чингэлтэй дүүргийн 15 дугаар хороонд ийм хоёр газар байна. ажлаа хийхгүй байгаа компаниудыг яах вэ. Гүйцэтгэгчийг нь солих юм уу, хөрөнгө гаргаж дуусгах юм уу.  Иргэд дөрвөн жил айлаар явсан байна, нөхөн төлбөр өгч байсан ч зогсох тал руугаа явж байгаа гэх.

Нийслэлийн хэмжээнд 152 хороонд концессоор цэцэрлэг, сургууль барина, газрыг нь шийдсэн үү. Ууланд цэцэрлэг барьж хэрэггүй, төвд нь барих хэрэгтэй?

Хотын дарга С.Батболд:

-Чингэлтэй дүүргийн 15, 16 хороонд дахин төлөвлөлт эхлүүлсэнтэй холбоотойгоор бодит байдал ийм л байгаа, та яг голоор нь хэллээ. Ажил хийхээр хоттой гэрээ байгуулсан компани нь 6-8 тэрбумын санхүүжилт авчихсан байдаг. Оруулсан хөрөнгө оруулалтыг яаж авах вэ гээд бөөн асуудал тавигдаж байна. Ийм учраас нийслэл Барилга хот байгуулалтын яамтай хамтраад ард нь гарна. Нийслэлийн иргэдийн эрх ашигтай холбоотой асуудал учраас.

21 айл хүнд байдалд байгаагаас нэг нь өргөдөл өгсөн юм байна, манайд. Тийм учраас түрээсийн байранд хамруулахад анхаарал хандуулъя, ийм хүмүүсийг хотод ханд гэж зөвлөх байна.

Улаанбаатар хотын хэмжээнд бага сургууль, цэцэрлэгийг концессын гэрээгээр барихаар болсон нэг компани бий, 72 байршилд нэгэн зэрэг ажлаа эхлүүлнэ гэсэн. Итгэл үнэмшил муутай байсан учраас шүүхэд хандсан, гэхдээ Засгийн газраас нөхөн төлбөр шаардсан учраас шүүхийн шатанд эвлэрсэн. Өмнөх удирдлагын үед шийдсэн асуудал.  Гэхдээ буцах боломжгүй, үргэлжлүүлнэ. Одоогоор 10 газар шийдэгдсэн байгаа,  гэр хорооллын төв хэсэгт цэцэрлэг барихад 3-4 айлын хашаа чөлөөлөх шаардлагатай байдаг.

Газар чөлөөлөлтийн зардлыг хотоос гаргаад явна. Жил бүрийнхээ төсөвт хөрөнгө суулгадаг. Энэ жил 5 тэрбумыг газар чөлөөлөлтөд зарцуулна.

УИХ-ын гишүүн Б.Батзориг Улаанбаатар хотын хэмжээнд хөрсний бохирдлыг бууруулах чиглэлээр энэ жил ямар ажил хийх, Да хүрээ техникийн захыг нүүлгэн шилжүүлэх чиглэлээр ямар төлөвлөгөө байна вэ гэдэгт хариулт хүслээ.

Нийслэлийн Засаг дарга С.Батболдын тайлбараар бол газар гэсэнгүүт нийслэлийн гэр хорооллын 00-ыг ариутгах ажлыг хөрөнгө гарган шийдвэрлэх юм байна.

“Да хүрээ” техникийн авто зах нь хөрсний бохирдлоос илүү хүчтэй химийн бодисоор бохирлогдсоноос тэнд ажиллаж байгаа иргэд, мөн орчин тойрныхныг хордуулах болсон аж. Энэ асуудлыг шийдвэрлэхэд хот УИХ-тайгаа ярилцаж шийдэл гаргана. Үйл ажиллагаа эрхэлж байгаа аж ахуйн нэгжүүдийн эрх ашгийг хохироохгүй байдлаар шийдэх гэнэ.

“Да хүрээ” техникийн захыг анх орон сууц барих зориулалтаар газрын зөвшөөрөл авсан байдаг аж.

УИХ-ын гишүүн М.Оюунчимэг: Хот энэ онд дэд бүтцийг шийдвэрлэхэд 70 тэрбум төгрөг  суулгасан байна. Үүнээс хэд нь Чингэлтэй дүүргийн дэд бүтцийг шийдвэрлэхэд зарцуулагдах вэ.

Чингэлтэй дүүргийн 7-11 хороодод “Өндөр буянт”, “Эрэл” зэрэг компаниуд иргэдтэй гурвалсан гэрээ байгуулж, газрыг нь орон сууцаар солихоор болсон ч ажил нь эхлээгүй, гэрээгээ цуцалъя гэхээр өгдөггүй юм байна. Ийм компаниудад хот ямар арга хэмжээ авч ажиллах вэ. Дэнжийн 1000-ын цагаан байранд хүн амьдрах боломжгүй болсон байна. Хөрсний бохирдол асар өндөр болсон, оршин суугчид нь өвчлөмтгий болсон. Энэ онд цагаан байрны асуудлыг шийдвэрлэх үү.

Есдүгээр хороонд 240 хүүхдийн цэцэрлэг барих бүрэн боломжтой, газар нь байгаа. Энэ ажлыг 2017 ондоо багтаан эхлүүлж дуусгаж өгөөч, энэ онд баригдах уу. Азийн хөгжлийн банк, Хятадын зээл, Туркийн хөрөнгө оруулалтаар орон сууц барина гэдэг мэдээлэл бий. Хэдий хэмжээний хөрөнгөөр орон сууц барих юм бэ. Түрээсийн орон сууцтай холбоотой гомдол их ирэх боллоо. Түрээсийн байранд хамруулахаар жил гаруйн өмнө нэр авсан, гэтэл ТОСК ажиллахгүй байна гэх. Юунаас болоод ажил саатав?

Хотын дарга С.Батболд: Чингэлтэй дүүрэгт “Асар өргөө”, “Сутай”, “Бармон”, “Эрэл”, “Өндөр буянт” зэрэг компаниуд дөрвөн талбарт орон сууц барихаар оршин суугчидтай гэрээ байгуулсан. Гэхдээ ажил нь тодорхойгүй зарим компаниуд байгаа учраас хот гэрээг цуцална.

Ногоон нуурын дэнж дээр Хятадын хөрөнгө оруулалтаар орон сууц барина. Нийт 50 сая ам.долларын буцалтгүй тусламж үзүүлэхээр болсон, гэрээнд гарын үсэг зурсан байгаа. 1000 айлын орон сууц баригдана, 40-60 м кв байрыг ашиглалтад оруулна. Газрыг нь орон сууцаар солино.

Ерөнхий сайд, Барилга хот байгуулалтын сайдтай энэ асуудлаар ярилцаад явж байгаа.

Хот бие даагаад Азийн хөгжлийн банкнаас зээл авч,  Сонгинохайрхан дүүрэгт 250 ортой орчин үеийн шаардлага хангасан эмнэлэг бариулна. Ажил нь энэ жил багтаж эхэлнэ. Дээр нь таван газар өрхийн эмнэлэг барина. Туркийн хөрөнгө оруулалтаар барина.

Уучлаарай, энэ жил Дэнжийн 1000-ын цагаан байр газар төлөвлөлтөд ороогүй, ирэх жил ороод явна.

43 дугаар цэцэрлэг дээр нэг асуудал гараад байна. Хариуг удахгүй өгнө.

Барилга хот байгуулалтын сайд Г.Мөнхбаяр: ТОСК-ийн хувьд нийслэлийн хэмжээнд  200 айлын орон сууц байгаа. Биднийг ажил авахаас өмнө иргэдээс материал авчихсан юм билээ.

Түрээсийн орон сууц хөтөлбөр нь зорилтот бүлэг рүү чиглэх учраас ТОСК ахмад настан, хөгжлийн бэрхшээлтэй иргэд, залуу гэр бүл энэ бүхэндээ квотын зарчмаар хуваарилалт хийхээр ажиллаж байна. Иргэдтэйгээ байнга уулзаж байна хэмээн хариулав.

Гэр хорооллын дахин төлөвлөлттэй холбоотой асуудлаар УИХ-ын гишүүн Д.Сумъяабазар асуулга тавьсан бөгөөд эцэст нь дүгнэлт болгож, анхаарах асуудлын талаар зөвлөмж өглөө. Үүнд: Гэр хорооллын дахин төлөвлөлтийн ажлыг эрчимжүүлэх, агаарын бохирдол хамгийн их байгаа бүсийн оршин суугчдыг дахин төлөвлөлтөд хамруулж, газрыг нь байраар солих ажлыг хийх.

Улаанбаатар хотын хөгжлийн ерөнхий төлөвлөгөөг мөрдөж ажиллах, бохир усны асуудлыг шийдвэрлэх.

Хотын төвөөс зайдуу газар хямд үнэтэй орон сууц барих, хямд орон сууц барьж, бага орлоготой иргэдээ хамруулж, агаар, хөрсний бохирдлыг шийдвэрлэх чиглэлээр ажиллах шаардлага байна гэлээ.

 

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
42562
0 эможи
keyboard_arrow_up