С.Батболд:Ашиглалтын шаардлага хангахгүй 56 барилга дээр сонгон шалгаруулалт зарлачихсан байгаа

2017 оны 4 сарын 14

УИХ-ын чуулган хуралдаан өнөөдөр 15.00 цагт хуралдах товтой байсан. Гэвч товлосон цагаасаа хоцорч эхэллээ. Хуралдаанаар Хот суурин газрын төлөвлөлт, гэр хорооллын дахин төлөвлөлтийн талаарх УИХ-ын гишүүн Д.Сумъяабазарын асуулгын хариуг сонсож байна.

Хуралдааны эхэнд Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч С.Батболд, Барилга, хот байгуулалтын сайд Г.Мөнхбаяр нарын хүмүүс мэдээлэл хийсэн. Үүний дараа гишүүд асуулт асуув.

УИХ-ын гишүүн Ё.Баатарбилэг:

-Хот суурин газрын хэсэгчилсэн төлөвлөгөөг Зөвлөлдөх санал асуулгын тухай хуулиар шийднэ гэж яриад байна. Та бүхэн энэ хуультайгаа танилцсан уу?

Хариултыг Барилга, хот байгуулалтын сайд Г.Мөнхбаяр:

-Зөвлөлдөх санал асуулгын тухай хуулийн тухайд мэдээлэл муутай байна. Өнгөрсөн парламентын үед хотын дарга Э.Бат-Үүл гэр хорооллын дахин төлөвлөлт хийхдээ иргэдээсээ санал асуусан. Гэтэл энэ ажил яваагүй. Явахгүй байгаа ажлыг хуульчлаад оруулаад ирэх юм. Тиймээс энэ асуудлаа эргэж хараач гэж хүсмээр байна.

УИХ-ын гишүүн Н.Учрал:

-Хотын алслагдсан дүүргүүдэд анхаарал хандуулаад, хотын төвлөрлийг сааруулахгүй бол нөхцөл байдал хүнд байгаа шүү. Өвөл утаа, утаа гээд байдаг. Зун хөрсний бохирдол их байгаа шүү. Тиймээс эрдэмтдийн сайн гэсэн технологийг ашиглаад, ажиллаад өгөөрэй.

Хариултыг Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч С.Батболд:

-Гэр хорооллын барилгажуулалтыг гурван бүсэд хувааж байгаа юм. Хөрсний бохирдлын асуудал тулгамдаж байгаа. Бохироо зайлуулах гэдэг асуудал Улаанбаатар хотын тулгамдсан асуудал мөн. Дэлхийн хөгжиж буй орнуудыг жишгийг нэвтрүүлэх үүднээс онцгой анхаарах болно.

УИХ-ын гишүүн Д.Сарангэрэл:

-Туул голоос хайрга, дайрга олборлох асуудлыг хотын дарга шийдсэн. Тиймээс түүнд талархал илэрхийлж байна. Нөгөө талаас барилгын компаниудын олборлох газрыг заагаад өгсөн байна дээ. Улсын хэмжээнд ашиглалтын шаардлага хангахгүй 171 барилга байгаа. Мэргэжлийн хяналтын газраас амьдрах боломжгүй гэсэн дүгнэлтийг аль хэдийнэ гаргасан. Энэ асуудлыг хэзээ, хэрхэн зохицуулах вэ?

Хариултыг Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч С.Батболд:

-Ашиглалтын шаардлага хангахгүй 56 барилга дээр сонгон шалгаруулалт зарлачихсан байгаа. Ашиглалтын шаардлага хангахгүй байгаа барилгыг шинээр барих тендерт компаниуд дуртай ордог. Учир нь байршил сайтай юм. Тиймээс тавдугаар сард тендер зарлана.

УИХ-ын гишүүн Б.Дэлгэрсайхан:

-Ипотекийн зээлийг хөдөө орон нутагт хэр зэрэг өргөжүүлж өгөх вэ? Жишээ нь Дорноговьд манайхан орон сууж барьсан. Ер нь хөдөө орон нутагт ипотекийн зээлийн тоог нэмж өгөөч. Тэгэхгүй бол нийслэл рүү чиглэсэн шилжилт хөдөлгөөн их байна. Хоёрдугаарт, Сайншандын Соёл спорт төвийн барилгын асуудалд онцгой анхаарал тавьж өгөөч. Тэгэхгүй бол хүмүүс чөлөөт цагаа өнгөрүүлэх боломж алга. Ихэнх нь Эрээн хот руу гарч мөнгөө үрж байна.

Хариултыг Барилга, хот байгуулалтын сайд Г.Мөнхбаяр:

-Аймаг орон нутгийн Соёл спорт төвийн барилгын асуудалтай танилцсан. Үүнийг анх удаа аймаг орон нутаг шийдэж, тендер зарласан түүхтэй. Энэ ажилд хариуцлагагүй хандсан хүмүүст яриад байх юм байхгүй. Бид өгсөн мөнгөө буцааж авна, хариуцлага тооцно гэж аймаг орон нутгийн удирдлагатай газар дээр нь тохирсон.

Ипотекийн зээлийн тоог Барилга, хот байгуулалтын сайд шийдэхгүй. Гэхдээ бид ярилцъя.

УИХ-ын гишүүний тавьсан асуулга үргэлжилж байна.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
42559
0 эможи
keyboard_arrow_up