ЭНЭ ДОЛОО ХОНОГТ төсвийн тодотголын төслийн хоёр дахь хэлэлцүүлгийг хийнэ
УИХ энэ долоо хоногт 2017 оны төсвийн тодотголын төслийн хоёр дахь хэлэлцүүлгийг хийх товтой байна. Мөн төсвийн тодотголын хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийг анхны хэлэлцүүлэгт шилжүүлээд байгаа юм. Тухайлбал, төсвийн тогтвортой байдлын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг боловсруулахдаа төсвийн алдагдлын дотоодын нийт бүтээгдэхүүнд эзлэх хувь хэмжээг 2017 онд 10.6 хувиас хэтрүүлэхгүй байхаар тооцжээ. Цаашлаад 2020 оноос алдагдлын хувь хэмжээг 5.1 хувиас хэтрүүлэхгүй байхаар оруулсан байна. Одоо мөрдөгдөж байгаа хуульд 2020 оноос алдагдалгүй байхаар заажээ. 2023 оны төсвийн жилээс эхлэн нэгдсэн төсвийн тэнцвэржүүлсэн тэнцэл нь тухайн төсвийн жилийн дотоодын нийт бүтээгдэхүүний хоёр хувиас илүүгүй алдагдалтай, эсвэл ашигтай байхаар тооцсон байна.
Мөн иргэдийн дотоод, гадаад бүх мөнгөн хадгаламжийн хүүгийн орлогод татвар ногдуулахаар, хувь хүний орлогын албан татварын хувь хэмжээг орлогын түвшнээс нь хамааруулж 10, 15, 20, 25 хувиар шатлалтайгаар ногдуулахаар хувь хүний орлогын албан татварын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг боловсруулжээ. Үүнээс гадна хос тэжээлт, шингэрүүлсэн хийгээр ажилладаг, цахилгаан тэжээлт автомашины онцгой албан татварыг 100 хувь чөлөөлдөг байсныг 50 хувиар хөнгөлөхөөр, онцгой албан татварын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөлд тусгаад байна.
Олон Улсын Валютын Сангийн хөтөлбөрт хамрагдахаар тохиролцоонд хүрсэн нь сайшаалтай ч зардлаа танах тал дээр хангалтгүй төсөв оруулж ирсэн гэж бизнес эрхлэгчид болон УИХ-ын зарим гишүүд үзэж байгаа юм. Төслийг боловсруулахдаа Олон Улсын Валютын Сангийн "Өргөтгөсөн Санхүүжилтийн Хөтөлбөр”-ийн хүрээнд төсвийн орлогын тогтвортой эх үүсвэрийг бий болгох, зардлын үр ашгийг нэмэгдүүлэх гэх мэт зарчмыг баримталсан гэж Сангийн сайд мэдэгдээд байна. Хэдий тийм боловч төслийг харвал зардлыг 220 тэрбумаар нэмэгдүүлэхээр байгаа юм.