ЧУУЛГАН: Төсвийн тодотголыг хоёр дахь хэлэлцүүлэгт шилжүүллээ

2017 оны 4 сарын 06

Улсын Их Хурлын чуулганы өнөөдрийн /2017.04.05/ үдээс хойших нэгдсэн хуралдаанаар Засгийн газраас 2017 оны 03 дугаар сарын 24-ний өдөр өргөн мэдүүлсэн Монгол Улсын 2017 оны төсвийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Нийгмийн даатгалын сангийн 2017 оны төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүдийн нэг дэх хэлэлцүүлгийг үргэлжлүүлэн хийлээ. Хуралдаан Улсын Их Хурлын гишүүдийн асуулт, тодруулгаар үргэлжлэв.

Эдийн засгийн хүндрэлтэй өнөөгийн байдал нь бизнес эрхлэгчдэд хүнд тусч, ажлын байр хумигдаж байгаа ч Засгийн газар сүүлийн найман сарын хугацаанд чамгүй ажил амжуулж байгааг Улсын Их Хурлын гишүүн Б.Ундармаа тэмдэглэн хэллээ. ОУВС-ийн хөтөлбөрийг хэрэгжүүлэхээр өөр гарц бий эсэхийг тодруулсан түүний асуултад Сангийн сайд Б.Чойжилсүрэн хариулт өгөв. Засгийн газар, Сангийн яам маш их хичээл зүтгэл гаргасны үр дүнд ОУВС-тай хэлэлцээр хийх хэмжээнд ажиллаж байгааг хэлсэн юм.

Монгол Улсын 2017 оны төсвийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Нийгмийн даатгалын сангийн 2017 оны төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүдийн хүрээнд долоон төрлийн татвар нэмэхийг иргэд олон нийт дэмжихгүй байгаагаа Улсын Их Хурлын гишүүн Б.Пүрэвдорж илэрхийлээд, төсвийн орлого нэмэгдүүлэх өөр боломжууд байгаа талаар санал хэллээ. Улсын Их Хурлын гишүүн М.Оюунчимэг, Засгийн газар ихээхэн хэмжээний зүтгэл, чармайлт гаргасны дүнд ОУВС-тай хэлэлцээр хийж, хөтөлбөр хэрэгжүүлэхээр болж, бид төсвийн тодотголоо хэлэлцээд сууж байна. Нөгөө талд нөхцөл байдлыг ийм түвшинд хүргэсэн хүмүүстээ хариуцлага тооцох ёстойг иргэд сануулж байгааг дуулгалаа. Хариуцлагын асуудлыг Засгийн газар асуудлыг анхааралдаа авч ажиллаж байгаа бөгөөд төсвийн зарцуулалтын талаар сайд нар салбар салбартаа шалгалт явуулж, тайлагнах үүрэг хүлээн ажиллаж байгаа хэмээн Хууль зүй, дотоод хэргийн сайд Бямбацогт хариулт өгөв. Улсын Их Хурлын гишүүн Ц.Цогзолмаа татварын суурийг өргөтгөх боломжийн талаар судалгаа хийсэн эсэхийг, Улсын Их Хурлын гишүүн З.Нарантуяа ОУВС-тай хамтран хэрэгжүүлэх хөтөлбөрийн хүрээнд авч буй 3 тэрбум ам.долларын зарцуулалтын талаар тодруулсан юм. Дээрх хөтөлбөрийг хэрэгжүүлэх гурван жилийн хугацаанд 5.5 тэрбум ам.долларыг Монгол Улсын эдийн засагт оруулах боломжтой гэдэг хэлэлцлүүд хийгдсэн болохыг Ерөнхий сайд Ж.Эрдэнэбат хэллээ.

Үүний 2.4 тэрбум ам.долларыг өмнө нь Монголбанк дээр хийгдсэн байсан своп хэлцлийн хүрээнд авсан зээлийн хугацааг сунгах асуудлыг шийдэх аж. 3.1 тэрбум ам.доллар олон улсын банк, санхүүгийн байгууллага, хандивлагчдаас бүрдэх боломжтой гэж тооцсон бөгөөд эхний ээлжийн амжилттай яриа хэлэлцээрүүд амжилттай болж байгааг хэллээ. Энэхүү 3.1 тэрбум ам.долларын 1.6 тэрбум ам.доллараар төсвийн алдагдлыг нөхөх бол үлдсэн 1.5 тэрбум ам.доллараар уул уурхайгаас бусад салбарын өсөлтийг дэмжих төсөл, хөтөлбөрийг санхүүжүүлэхээр төлөвлөсөн гэв.

ОУВС-ийн зөвлөмжийн тусган, боловсруулж өргөн мэдүүлсэн энэхүү төсвийн төсөлд тусгагдсан 7 төрлийн татвар нэмсэн тохиолдолд үүсэх нөлөөллийг сайтар тооцох нь зүйтэй гэдгийг Улсын Их Хурлын гишүүн Б.Баттөмөр тэмдэглэлээ. Түүнчлэн Монгол Улсын эдийн засгийн загварыг сайжруулах, шинэчлэх, 60 их наяд төгрөгийн орлого олох боломж, нөхцөлийг бүрдүүлэх талаар ярих ёстой гэдэг саналыг хэлсэн юм. Монгол Улс дефолт болохын наагуур Засгийн газар энэ шийдлийг олж байгааг бүгд мэдэж байгаа тул дэмжих, эс дэмжихийн асуудлыг өнөөдөр Улсын Их Хурлаар хэлэлцэх нь зохимжгүй гэдгийг Улсын Их Хурлын гишүүн Л.Оюун-Эрдэнэ хэллээ. Иргэд татвар нэмэгдүүлж байгааг буруутгахаас илүүтэйгээр төсвийн зарлага тал дээр хангалттай хэмнэлт хийж чадаагүйд шүүмжлэлтэй хандаж байгааг мөн хэлсэн юм.

Монгол Улсын Засгийн газрын зүгээс ОУВС-тай хамтран гурван жилийн хугацаатай “Өргөтгөсөн санхүүжилтийн хөтөлбөр" хэрэгжүүлж нэн тэргүүнд төсвийн нэгдмэл байдлыг бодитойгоор хангах, сахилга батыг чангатгах, төсвийн орлогын тогтвортой эх үүсвэрийг бий болгох, төсвийн зарлагын үр ашгийг сайжруулах замаар дунд болон урт хугацаанд төсвийн алдагдлыг үе шаттайгаар бууруулах зорилтыг дэвшүүлсэн. Хөтөлбөрийн хүрээнд төсвийн бодлогын хэд хэдэн шинэчлэлийн арга хэмжээг авч хэрэгжүүлэхээр төлөвлөж байгаатай уялдуулан дунд хугацааны макро эдийн засгийн тооцоолол, төсвийн орлого, зарлагын төсөөлөл зэрэг үндсэн үзүүлэлтүүд өөрчлөгдөхөөр байгаа нь дунд хугацааны төсвийн хүрээний мэдэгдэлд тусгагдсан төсвийн үндсэн үзүүлэлтүүдийн хэмжээг өөрчлөх зайлшгүй шаардлагын хүрээнд боловсруулсан Монгол Улсын 2017 оны төсвийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Нийгмийн даатгалын сангийн 2017 оны төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүдтэй холбогдуулан Улсын Их Хурлын гишүүд асуулт асууж, хариулт авсан. Мөн гишүүд үг хэлж, байр сууриа илэрхийлснээр хуулийн төслүүдийн нэг дэх хэлэлцүүлэг дуусч, хоёр дахь хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр Байнгын хороод, Улсын Их Хурал дахь намын бүлгүүд, Төсвийн зарлагын дэд хороонд шилжүүллээ гэж УИХ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээлэв.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
42301
0 эможи
keyboard_arrow_up