ЧУУЛГАН: 1.5 саяас дээш цалинд татвар нэмж тогтооно
УИХ-аар Монгол Улсын 2017 оны төсвийн тодотголыг хэлэлцэх шатанд гишүүд татварын нэмэгдлийн талаар тодорхой тайлбар хийхийг хүсэв.
Ерөнхий сайд Ж.Эрдэнэбат:
-1.5 сая төгрөгөөс дээш цалинд ногдуулах Хувь хүний орлогын албан татварыг таван хувиар нэмнэ. Одоо 10 хувь байгаа, үүн дээр таван хувь нэмэгдэнэ гэж ойлгох хэрэгтэй.
Архи, тамхинд ногдуулдаг Онцгой албан татварыг нэмнэ. Хоолны мөнгөө олж чадахгүй байгаа хүн архи, тамхи худалдан авахгүй.
Нийгмийн даатгалын шимтгэлийг нэмэхгүй бол гурван жилийн дараагаас тэтгэврийн сан руу улсын төсвөөс нэг их наяд төгрөгийн татаас өгөх шаардлага үүсэж байгаа. Одоогийн тэтгэврийн тогтолцоо нь эв санааны нэгдлийн зарчимд суурилсан.
Тэтгэврийг нэмээд байдаг хэрнээ НДШ-ийн хувь хэмжээг нэмдэггүй.
Монгол хүний дундаж наслалт өсч байна, тэр хэрээр тэтгэвэр авагчдын тоонэмэгдэж байгаа. Ийм учраас хамгийн боломжтой хувилбар сонгосон нь энэ.
Сангийн сайд Б.Чойжилсүрэн:
-Бүх ОАТ нийлээд 570 орчим тэрбум төгрөг төсөвт төвлөрдөг. Бусад улс орнуудтай харьцуулахад манай улсын ОАТ бага гэсэн тайлбар өглөө.
УИХ-ын гишүүн З.Нарантуяа:
-ОУВС-гийн хөтөлбөрт хамрагдахыг дэмжиж байгаа, төлбөрийн тэнцлийн алдагдлыг санхүүжүүлэх, валютын нөөцөө нэмэгдүүлэхийг дэмжиж байгаа. Хөтөлбөрт орсноор өндөр үнэтэй Засгийн газрын үнэт цаасаар хааж байгаа алдагдлыг хямд хүүтэй эх үүсвэрээр ашиглах боломж бүрдэж байна. Авах зээлээ юунд зарцуулах вэ?
Сангийн сайд Б.Чойжилсүрэн:
-ОУВС- аас 440 орчим сая ам.долларыг жилийн 2 хувиас ихгүй хүүгээр 10 жилийн хугацаатай авна. Валютын нөөц нэмэгдүүлэхэд ашиглана.
Азийн хөгжлийн банк 900 сая ам.долларын зээлийг 3 жилийн хугацаатай олгоно. 600 сая ам.доллар нь төсвийн алдагдлыг санхүүжүүлэхэд, үлдсэн 300 сая ам.доллар нь нийгмийн шинж чанартай бодлогуудыг хэрэгжүүлэхэд зарцуулна.
Дэлхийн банк 600 сая ам долларын зээл олгоно. 440 сая ам.доллар нь төсвийн алдагдал. 160 орчим сая ам.долларыг хөтөлбөр хэрэгжүүлэхэд зарцуулна.
Япон улсаас 850 сая ам.долларын хөнгөлөлттэй зээл авахаар ярилцаж байна. Үүнийг 2017 , 2018 оны төсвийн алдагдлыг санхүүжүүлэхэд зарцуулна.
БНСУ-аас 200 сая ам.доллар авахаар тохирсон үүн дээр нэмж 500 сая ам.долларын зээл авна. Төсвөөс хийх хөрөнгө оруулалтын ажлуудыг санхүүжүүлэхэд энэ зээлийг зарцуулна. Үүнийг 2018, 2019 онд авч ашиглана.
2016 онд 2.3 их наяд төгрөгийн зардал гаргасан байсан, үүнийг төсөвт суулгаж албажуулах шаардлага гарсан учраас алдагдал өсөж байна.
Ерөнхий сайд Ж.Эрдэнэбат:
-5.5 тэрбум ам.долларыг гурван жилийн хугацаатай авч ашиглана.
2.4 тэрбум ам.долларыг Монголбанкны своп хэлцлийн хугацааг сунгахад, 1.6 тэрбум ам.долларыг төсвийн алдагдлыг санхүүжүүлэхэд, 1.5 тэрбум ам.долларыг ажлын байр нэмэгдүүлэх төсөл хөтөлбөрийг санхүүжүүлэхэд зарцуулна.
Монгол Улсын макро эдийн засаг зөвхөн уул уурхайгаас хамааралтай байдаг. Гурван жилийн дараа эдийн засгийн өсөлт 8 хувьд хүрнэ гэсэн урьдчилсан тооцоолол гарсан хэмээн тайлбарлалаа.
УИХ-ын чуулган үргэлжилж байна.