УИХ ЧУУЛГАН: Төсвийн тодотголын нэг дэх хэлэлцүүлгийг хийж эхэллээ
УИХ-ын чуулганы пүрэв гарагийн хуралдаан эхэллээ. Хуралдааны эхэнд УИХ-ын М.Энхболд хэлэлцэх асуудлын дарааллыг танилцуулав. Өнөөдрийн хуралдаанаар төсвийн тодотголын нэг дэх хэлэлцүүлгийг хийхээр болжээ.
Сангийн сайд Б.Чойжилсүрэн хууль санаачлагчийн илтгэлдээ, "Эдийн засгийн хүндрэлийг даван туулах хөтөлбөр, ОУВС-гийн хөтөлбөрт хамрах гэж байгаатай холбогдуулж төсвийн нэгдмэл байдал, төсвийн тогтвортой байдлыг хангах шаардлагын үүднээс тодотголыг өргөн мэдүүллээ. ОУВС-д хамрагдахын тулд манай улс гурван тохиргоог дотооддоо хийхээр үүрэг хүлээсэн. Үүний нэг нь төсвийн тодотгол юм. Иймд бодлогын чанартай зоримог өөрчлөлтийг тодотголоор оруулж ирж байна" гэлээ.
ОУВС-гийн “Өргөтгөсөн санхүүжилтийн хөтөлбөр”-ийг хэрэгжүүлэх бодлогын арга хэмжээний хүрээнд 2017 оны төсвийн тодотголыг боловсруулжээ.
Төсвийн орлогыг нэмэгдүүлэхийн тулд:
1.Архи, тамхины онцгой албан татвар, импортын тамхины гаалийн албан татварыг нэмэгдүүлэх;
2.Автобензин, дизелийн түлшний онцгой албан татварыг хуульд заасан хязгаарт багтаан нэмэгдүүлэх;
3.Суудлын автомашины онцгой албан татварыг нэмэгдүүлэх;
4.Хувь хүний орлогын албан татварыг шатлалтай болгох;
5.Хадгаламжийн хүүгийн орлогод татвар ногдуулж эхлэх;
6.Нийгмийн даатгалын сангийн шимтгэлийг нэмэгдүүлэх арга хэмжээг авна гэж заажээ.