ЭСРЭГ, ТЭСРЭГ БАЙР СУУРЬ: Татвар нэмэхээс аргагүй юу? ЭСВЭЛ..

2017 оны 4 сарын 06

УИХ-ын ээлжит чуулган нээлтээ хийсэн. Эрхэм гишүүдийн хамгийн эхний хэлэлцэх асуудал бол төсвийн тодотгол. Үүнтэй холбоотойгоор МҮХАҮТ-ын удирдах зөвлөл, холбогдох хүмүүс мэдээлэл хийлээ.

 

  ОУВС-гийн хөтөлбөрт хамрагдахын тулд долоон төрлийн татвар нэмж байгаатай холбогдуулан МҮХАҮТ-аас албан ёсны мэдэгдэл гарган УИХ болон холбогдох байгууллагуудад хүргүүлэхээр болсон. Энэ талаар Худалдаа аж үйлдвэрийн танхимын төлөөллүүд болон бизнес эрхлэгчид өчигдөр мэдээллээ. Учир нь ОУВС-гаас зээл авах нэрийдлээр  татварыг нэмэх тухай яригдаж эхэлсэн. Гэтэл эдийн засгийн ил тод байдлыг дэмжих тухай хууль, НӨАТ-ын тухай хууль хэрэгжиж эхэлснээр өнгөрсөн оны төсвийн татварын орлого төлөвлөснөөс 487.1 тэрбум төгрөгөөр давж биелсэн байна. Жилд гурван их наяд төгрөгийг аж ахуй нэгжүүд татвар хэлбэрээр төсөвт төвлөрүүлсэн аж. Тиймээс татвар нэмэх тухай ярьж байгаа нь үндэслэл муутай гэж аж ахуйн нэгжийн төлөөлийн зүгээс үзэж байгаа бол төрийн зүгээс ОУВС-гийн хөтөлбөрийг хэрэгжүүлэхийн тулд татвар нэмэхээс өөр аргагүй гэдгээ хэлж байна. Тэгвэл энэ асуудлын талаар төрийн болон аж ахуйн нэгжийн төлөөллүүд ямар байр суурьтай байгааг хүргэе.

М.Энхболд: Татвар нэмэх асуудлыг иргэдийн эрх ашигт нийцүүлэн шийднэ

Татварын орлого 10.3 тэрбум төгрөгөөр давж биеллээ. 2017 оны эхний 2 сарын гүйцэтгэлээр төсвийн ерөнхийлөн захирагчдын зарцуулсан төсөв 154.4 тэрбум төгрөгөөр хэмнэгджээ. Гадаад худалдааны тэнцэл ашигтай гарч, ам. долларын ханш тогтворжиж байна.

Монгол Улсын Засгийн газар төлбөр төлөх хугацаа нь болоод байсан Монгол Улсын Хөгжлийн банкны 580 сая ам. долларын бондын төлбөрийг хөрвүүлж, “Хуралдай” бондыг олон улсын хөрөнгийн зах зээлд амжилттай арилжлаа.

ОУВС-гийн хөтөлбөрийг хэрэгжүүлэхийн тулд хэд хэдэн асуудлыг энэхүү чуулганаар хэлэлцэн шийдвэрлэх ёстой. Юуны түрүүнд Монгол Улсын 2017 оны төсөвт тодотгол хийх шаардлагатай. Тодотголоор төсвийн үндсэн үзүүлэлтүүдийг сайжруулах, төсвийн орлогын тогтвортой эх үүсвэр бий болгох, төсвийн сахилга, хариуцлагыг чангатган, зарлагын үр ашгийг дээшлүүлэх талаар хэрэгжүүлж байгаа бодлогыг шинэ түвшинд үргэлжлүүлэх болно. Төсвийн тодотголтой хамт зарим төрлийн татварыг үе шаттай нэмэх, тэтгэврийн насыг уртасгах зэрэг асуудлуудыг хэлэлцэх болно. Ингэхдээ олонх цөөнх гэж хуваагдалгүй, оноо очков авах гэлгүйгээр, иргэдийн амьжиргаанд сөрөг нөлөө багатайгаар шийдэх чиглэлийг баримтлах нь зүйтэй.

УИХ-ын гишүүн М.Оюунчимэг: Татвар нэмэх тал дээр ул суурьтай хандах шаардлагатай

Төсөвт тодотгол хийх зайлшгүй шаардлагатай ч гал унтраах маягаар хийж болохгүй. ОУВС-гийн зүгээс хойд хормойгоороо урд хормойгоо нөхөх тодотгол хий гэж хэлээгүй. “Танай төсөв, эдийн засгийн систем буруу яваад байна, алдаагаа зас, сахилга баттай бай” гэсэн. Гэхдээ Сангийн яам хангалттай хэмжээнд төсвийн тодотгол оруулж ирж чадсангүй. Хувь хүний орлогын албан татвар, Нийгмийн даатгалын шимтгэлийг нэмэгдүүлж иргэдийн нуруун дээр ачаа үрүүлэх гэхээсээ илүүтэй олон улсын зах зээлд нүүрс, зэсийн үнэ нэмэгдэж, макро эдийн засгийн үзүүлэлтүүд сайжирч байгааг бодолцох ёстой. ХХОАТ-ыг нэмэх болсон шалтгааныг Сангийн яамныхан бондтой холбон тайлбарласан. Бонд татварын хувь хэмжээнд хэр ачаалал үүрүүлж байгаа юм бэ? гээд судлаад үзэхээр нөлөөлөл нь тун бага байна. Бонд худалдан авсан аж ахуйн нэгжүүдийн бондын хүү татваргүй тул давхар ашиг олдог. Бонд хүүгийн татвар төлөхгүйн дээр Аж ахуйн нэгжийн орлогын албан татвараас 10-25 хувь хөнгөлүүлдэг. Арилжааны банкууд бонд худалдаж авах гээд байдгийн учир нь энэ. Тиймээс бонд татвар нэг их нөлөө үзүүлэхгүй тул ХХОАТ-ыг нэмэх асуудлаа бондтой холбон тайлбарлаж байгаа  нь өрөөсгөл юм.

Эх сурвалж: Өдрийн сонин

УИХ-ын гишүүн Я.Содбаатар: Эхний ээлжинд төр бүсээ чангалж, хэмнэлтийн горимд шилжинэ

Өнгөрсөн оны наймдугаар сараас эхлэн ОУВС-гийнхан Монгол Улсад ирж ажилласан. Тэд “Монгол улсын төсөв санхүү болон эдийн засагт бүтцийн өөрчлөлт хийж, зарим бодлогоо засахгүй бол энэхүү хямралаас гарч чадахгүй” гэж анхааруулсан зөвлөмжийг хэлсэн. Дээр нь өнгөрсөн дөрвөн жилд эрх баригчид бодлогын алдаа гаргасан гэдгээ хүлээн зөвшөөрөх хэрэгтэй. Үүнийг нь олон улсын байгууллагаас ч баталгаажуулж өгч байна шүү. Монгол улс төсөв гэх уутныхаа ёроолыг нь нөхөхгүйгээр хямралаас гарч чадахгүй. Тийм ч учраас олон төрлийн татварыг нэмэх шийдэлд хүрсэн гэж ойлгох хэрэгтэй. Харин өөрчлөлт хийхдээ хоёр зүйлийг иргэдийн нуруунд үүрүүлэхгүй гэсэн бодлогыг баримталж байгаа.

Эх сурвалж: "Өглөөний сонин"

УИХ-ын гишүүн Я.Санжмятав: Хувийн хэвшлийг энэ үед нь тогтвортой ажиллуулах тал дээр хүндрэлүүд гараад ирж байгаа

Төр биш ард түмэн бүсээ чангалах тухай 2017 оны төсвийн тодотголд тусгасан байна. Иргэдийнхээ халаас руу гараа шургуулсан буюу банкинд байгаа хэдэн төгрөгөөс татвар авах, өндөр цалинтай хүмүүсийн татварыг нэмэгдүүлэх асуудал орсон байна. Тамхи, архи, шатахууны онцгой албан татварыг нэмэгдүүлэх нь ард түмний нуруун дээр ачаа нэмж байгаа хэрэг. Хувийн хэвшлийг энэ үед нь тогтвортой ажиллуулах тал дээр хүндрэлүүд гараад ирж байгаа юм.

Ч.Сайханбилэгийн Засгийн газар татварыг тодорхой хэмжээгээр нэмье гэхэд эсэргүүцэж байсан хүмүүс олонхи болохоороо бидний татвараа нэмэгдүүлэх ард түмэнд хамаагүй гэж хэлж болохгүй л дээ. Тиймээс Ардчилсан нам татвар нэмэгдүүлэхгүй байх чиглэлд анхаарч байгаа. Тухайлбал, архи, тамхи, бензины татвар нэмэгдлээ гэхэд тодорхой хэмжээгээр хүн л хэрэглэж байгаа юм чинь үнэ нь нэмэгдэнэ. Ер нь аливаа үнэ ямар нэгэн хэмжээгээр хөдлөхөд бусад өргөн хэрэглээний бараа бүтээгдэхүүний үнэ яг дагаад тэр өдрөө л өөрчлөгддөг.

УИХ-д ард түмнийхээ өмнөөс сонгогдсон МАН-ын 65 гишүүн эрх биш үүн дээр намын эрх ашгийг бодож, хэдэн боловсон хүчнийг ажлын байртай байлгах гэж хандахгүй байх.

Эх сурвалж: “Үндэсний шуудан” сонин

УИХ-ын гишүүн Ё.Баатарбилэг: ОУВС-гийн хөтөлбөрт хамрагдахаар болоод явж байгаагаас хойш шаардлагуудыг хүлээж авахаас өөр аргагүй

Олон улсын валютын сан /ОУВС/ тодорхой шаардлагуудыг тавьсан. Засгийн газар ч түүнийг нь хүлээж авахаас өөр аргагүй нөхцөл үүссэн. Үүнд архи, тамхи болон тансаг хэрэглээний татваруудыг нэмэх, хадгаламжийн хүүгийн орлогод татвар ногдуулах, төрийн байгууллагуудын бүтэц орон тоог цомхотгох, оновчтой болгох, үйл ажиллагааг нь сайжруулах зэрэг тодорхой шаардлагууд тавигдсан байгаа. Нэгэнт ОУВС-гийн хөтөлбөрт хамрагдахаар болоод явж байгаагаас хойш шаардлагуудыг хүлээж авахаас өөр аргагүй.

Олон түмэн ч улс орон хүнд байдалд орсон байгаа бол тэр шаардлагуудыг нь хүлээж аваад явахаас өөр аргагүй гэдэг ойлголттой болсон. Татвар нэмэх асуудал одоо орж ирж байгаа юм биш, өнгөрсөн жилийн намар орж ирж хойшлогдоод, 2017 оны төсөв хэлэлцэх үеэр татвар нэмэхгүй гэдэг шийдвэр гарсан юм. Энэ бол МАН эдийн засаг хүнд үед аль болох ард иргэд, аж ахуйн нэгжийн нуруун дээр ачаа үүрүүлэхгүй гэж тухайн үедээ гаргасан шийдвэр л дээ.

МХАҮТ-ын ерөнхийлөгч Б. Лхагважав: Төрийн захиргааны албан хаагчдын тоог 20 хувиар, үйлчилгээний албан хаагчдын тоог 10 хувиар тус тус бууруулах нь зүйтэй

Чуулганаар эдийн засаг, татвар төлөгчид, бизнес эрхлэгчидтэй холбоотой хэд хэдэн хуулийн төслийг хэлэлцэхээр болсон. Ялангуяа долоон төрлийн татвар нэмэх асуудал. Иймд худалдаа аж үйлдвэрийн танхимын удирдах болон тэргүүлэгчдийн хурлаа хийж дараах шийдвэрүүдийг гаргаж, УИХ-д хүргүүлэхээр тогтлоо. Энэхүү шаардлагыг хүлээн авч нааштайгаар шийдвэрлээгүй тохиолдолд 2017 оны дөрөвдүгээр сарын 10-нд төлөх гуравдугаар сарын нэмэгдсэн өртөгийн албан татвар, дөрөвдүгээр сарын 15-нд төлөх дөрөвдүгээр улирлын аж ахуй нэгжийн албан татвар,тавдугаар сард төлөх дөрөвдүгээр сарын нийгмийн  даатгалын шимтгэлийг төлөхгүй байхыг нийт аж ахуй нэгжүүдэд уриалж байна. Төсвийн зардлыг 2017 оны баталсан төсвөөс огт нэмэгдүүлэхгүй байхыг шаардаж байна. Монгол Улсын 2017 оны нэгдсэн төсвийн тодотголоор нийт зарлага ба цэвэр зээлийг батлагдсан түвшнээс 220.7 тэрбум төгрөгөөр нэмсэн байгаа. Үүнийгээ зогсоо.

 

“Мобиком корпораци”-ийн Хууль, захиргаа, хүний нөөц хариуцсан захирал Б.Энхбат:

Татварын хувь хэмжээг хэд хэдэн төрлөөр нэмэгдүүлснээр аж ахуйн нэгж байгууллагын ашигт ажиллагаа буурна. Энэ тохиолдолд ямар ч газар бүтцээ өөрчилж, ажиллагсдын тоогоо цөөлөхөд хүрдэг. Гэтэл төрийн албаныхан бүтцээ танахад огтхон ч санаа тавихгүй байгаа нь харамсалтай.

/Эх сурвалж news.mn/

 

 

“Интерактив Би Ай” ХХК-ийн захирал Ч.Чимиддорж:

Ихэнх аж ахуйн нэгжүүд хугарлын цэг дээр байгаа. Өнөө маргаашаа дөнгөн данган залгуулж байхад дахиад татвар нэмнэ гэдэг дэндүү шударга бус хэрэг. Улсын хэмжээнд 100 орчим мянган аж ахуйн нэгж байгаа ч үйл ажиллагаа нь хэвийн явж буй нь маш цөөн. Уул уурхай, барилга, худалдааны салбарынхан зогсолтын байдалд орчихоод байна. Гэтэл амь зууж ядаж буй компаниуддаа дарамт үзүүлсэн хэрнээ нэмж буй татвартай тэнцүү хэмжээний зарлагыг төсөвт нэмэгдүүлсэн нь хачирхалтай санагдаад байгаа юм. Төрийн албаныхан өөрсдийнхөө тансаглалыг санхүүжүүлэхийн тулд татвар нэмдэг байж болохгүй.

/Эх сурвалж news.mn/

 

 

 

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
42260
0 эможи
keyboard_arrow_up