Ч.Хүрэлбаатар: Манай улс төсөв мөнгөний бодлогоо цэгцэлж, төсвийн сахилга, хариуцлагыг эрхэмлэж байгаа
УИХ-ын гишүүн, Төсвийн байнгын хорооны дарга Ч.Хүрэлбаатар Их Британи, Умард Ирландын Нэгдсэн Вант Улсаас Монгол Улсад суугаа Элчин сайд, хатагтай Катрин Элизабет Жейн Арнолдыг Төрийн ордонд хүлээн авч уулзав.
Уулзалтаар Монгол Улс, Олон улсын валютын сантай хамтран “Өргөтгөсөн санхүүжилтийн хөтөлбөр” хэрэгжүүлэх урьдчилсан тохиролцоонд хүрсэн талаар болон энэхүү хөтөлбөрийг хэрхэн хэрэгжүүлэх асуудлыг хөндөж ярилцлаа.
Хатагтай Катрин Элизабет Лондон хотноо өнөөдөр “Монгол орны хөгжилд” чуулга уулзалт зохион байгуулагдаж буйг дуулгаад, Монгол Улс болон Их Британи, Умард Ирландын Нэгдсэн Вант Улсын харилцаа, хамтын ажиллагааг цаашид өргөжүүлэн хөгжүүлэх асуудлаар өөрийн санал бодлыг илэрхийлэв.
Төсвийн байнгын хорооны дарга Ч.Хүрэлбаатар дараа нь Япон Улсын “Фронтиер ҮЦХ” компанийн захирал Игата Масатэрүг өөрийнх нь хүсэлтээр хүлээн авч уулзав.
“Фронтиер ҮЦХ” компани нь жил бүр Улаанбаатар болон Токио хотноо хөрөнгө оруулагчдын “Инвест Монголиа”, “Инвест Токио” чуулга уулзалтыг ээлжлэн зохион байгуулдаг юм байна. Уулзалтын үеэр энэ онд зохион байгуулах уулзалт болон Монгол Улсад гадаадын шууд хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлэх асуудлаар санал солилцож, 2016 оны чуулга уулзалтаар хэлэлцсэн асуудал, дэвшүүлсэн зорилт, ирэх есдүгээр сард болох “Инвест Монголиа 2017” уулзалтаар хөндөж ярилцах асуудлуудын талаар санал солилцлоо.
Энэ үеэр Төсвийн байнгын хорооны дарга Ч.Хүрэлбаатар манай улс төсөв мөнгөний бодлогоо цэгцэлж, төсвийн сахилга, хариуцлагыг эрхэмлэж байгааг тэмдэглэсэн бол захирал Игата Масатэрү гадаадын хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлэхэд юунд анхаарах талаар саналаа хэллээ.
”Инвест Монголиа”, “Инвест Токио” уулзалт нь хоёр орны худалдаа, эдийн засаг, хөрөнгө оруулалтын зэрэг салбарыг хөгжүүлэх тулгамдсан асуудлыг хэлэлцдэг томоохон арга хэмжээ юм гэж УИХ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээлэв.