Төсвийн тодотголыг УИХ-ын хаврын чуулганы эхэнд хэлэлцэнэ

2017 оны 4 сарын 04

УИХ-ын хаврын чуулган энэ лхагва гарагт нээлтээ хийнэ. 2017 оны Төсвийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг УИХ-ын хаврын чуулган нээгдмэгц эхний асуудал болгон хэлэлцэх талаар Засгийн газраас мэдээлээд байна. Өргөн бариад байгаа төслөөр, төсвийн алдагдал дотоодын нийт бүтээгдэхүүний 10.6 хувь буюу хоёр их наяд 774.1 тэрбум төгрөг байхаар байгаа юм. Монгол Улс Олон Улсын Валютын Сангийн Өргөтгөсөн Санхүүжилтийн Хөтөлбөрт хамрагдахтай холбоотойгоор өмнө нь Сангийн сайд төсвийн орлогыг нэмэгдүүлж, зардлыг танах чиглэлд хэд хэдэн арга хэмжээ хэрэгжүүлнэ гэж мэдэгдэж байв. Энэ хүрээнд хүлээгдэж байсанчлан зарим татварыг нэмэгдүүлж, зардал танах аргахэмжээнүүдийг тусгасан байна. Тухайлбал, орлого өсгөхөд зургаан төрлийн татварыг нэмэгдүүлэхээр тусгажээ. Архи, тамхины онцгой албан татвар, импортын тамхины гаалийн албан татварыг нэмэгдүүлэх, авто бензин, дизелийн түлшний онцгой албан татварыг хуульд заасан хязгаарт багтаан нэмэгдүүлэх, суудлын автомашины онцгой албан татварыг нэмэгдүүлэх, хувь хүний орлогын албан татварыг шатлалтай болгох, хадгаламжийн хүүгийн орлогод татвар ногдуулж эхлэх, нийгмийн даатгалын сангийн шимтгэлийг нэмэгдүүлэх арга хэмжээ авахаар заасан байна.

Харин зардал бууруулахад эм, эмнэлгийн хэрэгслийн худалдан авалтын үр ашгийг сайжруулах, тэтгэвэрт гарах насны доод хязгаарыг хүн ам зүйн насны бүтцэд орж буй өөрчлөлттэй уялдуулан урт хугацаанд аажмаар нэмэгдүүлэх, ахмад настны хөдөлмөр эрхлэлтийг дэмжих. Энэ хүрээнд иргэдийн тэтгэвэрт гарах насыг жилд зургаан сараар нэмэгдүүлэх замаар эрэгтэй, эмэгтэй тус бүр таван насаар нэмэгдүүлэхээр тусгажээ. Ингэхдээ нийгмийн асуудлуудыг бас харгалзаж үзэх шаардлагатайг бизнесийн хүрээнийхэн онцолж байгаа юм.

Мөн эдийн засгийн идэвхжилийг дэмжих, иргэдийг ажлын байраар хангах зорилгоор жижиг, дунд үйлдвэрлэлийг нэмэгдүүлэх, хөдөө аж ахуйн салбарт мах, сүүний анхдугаар аяныг эхлүүлэх, атрын III аяныг үргэлжлүүлэх арга хэмжээг эхлүүлэх, Төрийн албан хаагчийг цомхотгохоос зайлсхийж, харин одоо авч буй цалингийн хэмжээг 2017-2018 он дуустал хэвээр хадгалах, Төрийн албанаас хууль, тогтоомжид заасан эрхийн дагуу чөлөөлөгдсөн албан хаагчийн орон тоонд нөхөн томилгоо хийхийг түр хугацаанд буюу 2017-2019 он дуустал хязгаарлах,хүүхдийн мөнгийг зөвхөн зорилтот бүлэгт олгох, ирээдүйд нөхөн олгохгүй байх, эдийн засгийн хүндрэлтэй үед зорилтот бүлгийн өрхөд хүнс тэжээлийн дэмжлэг үзүүлэх, нийгмийн халамжийн хөтөлбөрүүдийг нэгтгэх, оновчтой болгох ажлыг үе шаттай эхлүүлэх, төсвийн зарлагыг нэмэгдүүлэх нөлөө бүхий шинээр батлагдсан зарим хуулийг буцаан өөрчлөх зэрэг арга хэмжээг авахаар төлөвлөсөн байна.

Хэдийгээр төсвийн алдагдлыг бууруулахыг шаардаж байгаа ч тооноос харахад төсвийн алдагдал анх батлагдсанаас нэмэгдэхээр байгаа аж. Өнгөрсөн оны 11 дүгээр сард 2017 оны төсвийн тухай хуулийг анх батлахад алдагдлыг 2.4 их наяд төгрөг буюу дотоодын нийт бүтээгдэхүүний 9.1 хувь байхаар баталж байсан юм. Харин хоёрдугаар сард Олон Улсын Валютын Сангийн хөтөлбөрт орох асуудлаар ажлын хэсгийн түвшинд тохиролцоонд хүрсний дараа Сангийн сайд одоогийн нөхцөлд төсвийн алдагдал дотоодын нийт бүтээгдэхүүний 14.2 хувьд хүрэх төлөвтэй байгааг онцолж байв. Үүнтэй харьцуулахад буурсан дүн гэж хэлж болохоор байна.

Сангийн яамны төсөөллөөр Монгол Улсын 2017 оны нэгдсэн төсвийн тэнцвэржүүлсэн орлого зургаан их наяд төгрөг буюу дотоодын нийт бүтээгдэхүүний 23.1 хувь, нэгдсэн төсвийн нийт зарлага найман их наяд 789.8 тэрбум төгрөг буюу дотоодын нийт бүтээгдэхүүний 33.7 хувь байхаар байна. Орлогыг 100 орчим тэрбум төгрөгөөр бууруулж, зарлагыг 200 гаруй тэрбум төгрөгөөр өсгөсөн тодотгол оруулж иржээ.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
42173
0 эможи
keyboard_arrow_up